Үндэсний дээд лигийн ээлжит сонирхолтой тоглолтууд өчигдөр/2023.01.24/ “UG” аренад боллоо.
БАЯНГОЛ ХАРЦАГА 84 – 86 ХАСЫН ХҮЛЭГҮҮД
Харцагуудын барцадтай улирал үргэлжилсээр байна. Тэд энэ удаад аваргуудыг хожиж байсан ч тоглолтыг төгсгөж чадсангүй. Тэднээс О.Баянбаатар тун сайн тоглолтыг үзүүлж, 31 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлжээ.
Эсрэгээрээ Хүлэгүүдээс энэ өдөр А.Ананд болон Стэнфорт Жуниор нар сайн тоглосон. Харцагууд онооны зөрүүг холдуулах тутамд дээрх хослолын довтолгоонууд амжилттай болж, багаа тоглолтод амьд үлдээж байлаа.
Энэ өдөр Хүлэгүүдийн О.Сэргэлэн, С.Эрдэнэдалай зэрэг гол тоглогчид нь тоглосонгүй. Харин багийн ахлагч Б.Билгүүн довтолгоонд төдийлөн санаачлагатай оролцоогүй. Тэрбээр ердөө арван оноотой тоглолтыг дуусгажээ.
Тоглолтын төгсгөлд Харцагад онооны харьцааг тэнцүүлэх бүр хожих боломж байсан ч Хүлэгүүдийн хамгаалалт сайн ажиллаж, довтолгоог нь зогсоож чадав. Дээд лигийн шинэхэн цэрэг Харцагын плей-оффд шалгарах боломжгүй боллоо.
ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 75 – 64 АРХАНГАЙ ДАЙЧИД
Уурхайчид плей-оффын эрхээ авсан анхны баг боллоо. Өчигдрийн тоглолтод Эрдэнэтийн баг эхнээсээ л онооны давуу байдлыг үүсгэж, Дайчидад боломж өгсөнгүй. О.Энхбаатар хуучин багийнхаа эсрэг 22 минут тоглохдоо 15 оноо авсан бол Уиллиамс Пендарвис 17 оноо авч, багаа тэргүүлжээ. Харин Дайчидаас Ч.Ихбаяр 18 оноо, Энтони Харрис 15 оноо, Х.Мөнхтөр 11 оноо тус тус авчээ.
Холбоотой мэдээ