Тал нутгийн мөсөн шоу нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Степпе арена”-д болно. Монгол болон Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо Японы тэшүүүрийн холбоотой хамтран дээрх арга хэмжээг зохион байгуулж байна. Уг шоунд оролцох уран гулгалтын тамирчдыг та бүхэндээ танилцуулъя.
ХОНГО РИКА
Сэндай хотоос гаралтай Хонго Рикагийн ээж Юко нь уран гулгалтын тамирчин байжээ. Харин түүний аав Их Британи хүн аж. Хонго 2001 оноос эхлэн гулгаж эхэлсэн бөгөөд найман настайгаасаа эхлэн Нагоя хотод Хироши Нагакүбо гэх дасгалжуулагчийн дор бэлтгэл хийж эхэлжээ. Түүнийг уран гулгалтын тамирчин болоход олимп, дэлхийн аварга Шизүка Аракава нөлөөлсөн гэнэ.
Өдгөө 26 настай Хонго Рика дөрвөн тивийн аваргаас хоёр удаа хүрэл медаль хүртсэн нь түүний хамгийн өндөр амжилт. Мөн 2015 оны ДАШТ-д зургадугаар байр эзэлсэн амжилттай.
Хонго Рика 2021 онд шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгджээ.
Г.МАРАЛ-ЭРДЭНЭ
Улаанбаатарт хотод төрсөн хэдий ч 2005 оноос Япон улсын Нагоя хотын Орион клубт уран гулгалтаар хичээллэж эхэлсэн тэрбээр 2011 онд Монгол Улсыг төлөөлж Азийн наадамд өрсөлдсөн анхны уран гулгагч болсон. Тэрээр таван настайдаа эцэг эхийн хамт Нагоя хот руу нүүжээ.
Сүүлд тэрбээр “Степпе арена”-д уран гулгалтын сургалт хичээллүүлж байсан билээ.
ҮРАМАЦҮ ЧИСАТО
Тоёота хотоос гаралтай Үрамацү Чисато энэ жил 21 нас хүрнэ. Тэрбээр 2007 онд таван настайгаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэж эхэлсэн бөгөөд олон улсын Грандри тэмцээний шагналт байрт орж байжээ.
Мөн Цүнэхито Каракава, Хироки Хонда гэх залуу тамирчид ирэх ажээ. Зөвхөн уран гулгалтын үзүүлбэрээс гадна Япон, Монголын бүжигчид, дуучид оролцох ажээ.
Сүүлд Камила Валиева тэргүүтэй Оросын уран гулгалтын тамирчид Монголд ирэх яриа гарсан. Тэгвэл Оросын тамирчид ирэх тавдугаар сард “Степпе арена”-д шоу толилуулах гэнэ.
Холбоотой мэдээ