Хойд Солонгосын нийслэл Пёньян хотод үл мэдэх амьсгалын замын өвчний тохиолдол нэмэгдэж буйгаас болж тав хоногийн хөл хорио тогтоосныг Сөүлд төвтэй "NK News" өнөөдөр мэдээллээ. Уг мэдээлэлд амьсгалын замын өвчин нь "COVID-19" мөн эсэхийг дурдаагүй боловч нийслэлийн иргэдийг ирэх Ням гариг хүртэл гэрээсээ гарахгүй байж, өдөр бүр биеийн халуунаа үзэж байхыг шаардсан гэв. Харин төрийн мэдээллийн агентлагт томуу зэрэг амьсгалын замын өвчнүүдтэй тэмцэхийн тулд хязгаарлалтын арга хэмжээ авсныг мэдээлжээ.
Өмнөх өдөр нь Пёньяны оршин суугчид хатуу хөл хорионд бэлтгэн хүнс нөөцөлж эхэлсэнийг тус сайт мэдээлжээ. Одоогоор нийслэлээс бусад газруудад хөл хорио тогтоосон эсэх нь тодорхойгүй байна.
Хойд Солонгос нь өнгөрсөн жил "COVID-19" халдварын эхний тохиолдлыг бүртгэснээ зарласан бөгөөд хамгийн богино хугацаанд буюу өнгөрсөн оны наймдугаар сард цар тахлыг ялснаа зарласан. Тус улс долдугаар сарын 29-нөөс хойш халдварын мэдээлэл зарлаагүй.
Дэлхий дахинаас тусгаарлагдсан хаагдмал энэ оронд цар тахлын халдвараар хэдэн хүн өвдсөн нь тодорхойгүй. "COVID-19" халдварыг илрүүлэх оношилгоо дутмаг учраас өдөр бүр халуурсан иргэдийн тоог мэдээлдэг байв. Энэ жишгээр тус улсын 25 сая орчим хүн амын 4.77 сая нь халуурах шинж тэмдгээр өвдсөн аж.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ