УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь ардчиллын үнэт зүйл болох үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан ноцтой хууль болсон гэдэг шүүмжлэлийг дагуулах болсон. Иймд "News" агентлаг энэ долоо хоногийн VS буландаа дээрх хуультай холбогдуулж, хоёр талын байр суурийг онцолж байна.
Н.Учрал
Цахим харилцаа хөгжлийн сайд
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан нэг үс үсэг байхгүй. Та үгээ хэлж, хурцаар шүүмжилж болно, чөлөөтэй.
Харин нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй. Зөрчилтэй контентын 11 заалт дээр хүрээг нь тодорхойлж өгсөн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд огт халдаагүй. Үзэл бодлоо илэрхийлэхийг хориглох гээд байна гэх агуулгыг түгээгээд хуулийг бүхэлд нь харлуулах мэдээ мэдээллийг түгээж байгаа хүмүүс бол цахим орчинд гэмт үйлдэл хийж, цахимаар ашиг хонжоо хайдаг хэсэг бүлэг, нэр бүхий троллууд гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Олон нийттэй харилцах нэгж байгуулагдана. 13-15 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ нэгжийг би эсвэл төр хянахгүй. Зөвхөн та хянана. Нэр бүхий сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, төр нийгмийн зүтгэлтнүүд, фэйсбүүк дээр шинжлэх ухаанч, гаргалгаатай зүйл бичдэг нөлөөлөгчид бүгд оролцоод энэ нэгжийг хянана. Энэ нэгж өөрөө хяналтаа тавиад, устгах үйл ажиллагааг хамтын хяналт дор зохион байгуулах зохицуулалтыг л Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хийсэн.
Үнэнээ хэлье. Надад үнэхээр өөр арга байгаагүй. Энэ хуулийг гурав хоногийн хугацаанд батлаагүй бол хэзээ ч батлагдахгүй байсан. Үг хэлэх үзэл бодлыг хязгаарлаж байна гэсэн малгайн дор байгаа троллуудыг дийлэхгүй шүү дээ.
2017 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан С.Бямбацогт энэ хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байсан. Аль ч Засгийн газрын улстөрч зориг гаргаад оруулж ирж чадаагүй байсан хуулийн төслийг ард түмний дэмжлэгтэйгээр батална гэх зоригоор энэ хуулийг өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулсан.
Б.ГанОчир:
Ардчилсан намын гишүүн
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бол дарга нарын эрхийг хамгаалах л хууль. Товчхондоо бид бүгдээрээ амаа хамхиулчихаад байна. Энэ хууль ирэх хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжээд эхлэхээр эрх баригчид хүссэн үедээ бид бүхний амыг цахим орчинд барина гэсэн үг.
Нөхдүүд өөрсдөө энэ хуулийн талаар их буруугаар тайлбарлаж байна лээ. Цахим хөгжлийн яамны хуульч н.Эрхэмбаяр гэдэг залуу “Монголын ард түмэн бүгдээрээ их харанхуй бүдүүлэг мэдлэггүй, англи хэл мэддэггүй. Тийм учраас улс иргэдийнхээ эрхийг нь хамгаалахын тулд ногоон шугам гаргаж, эрхийг нь хамгаалах гээд байгаа юм. Тэгэхгүй бол олон нийтийн сүлжээнд баахан бүдүүлэг хар массын хүмүүс байдаг. Биенийгээ гутаан доромжлоод эрхийг нь хөндөөд байдаг” гэж хэлсэн. Бодит байдал дээр троллууд гэж хэн байдаг юм, тэр боот хаяг гэж юу байдаг вэ гэхээр эрх баригч дээр байдаг гэдгийг бүгд мэднэ.
Аливаа зүйлийг хааж боогоод ирэхээр илүү эмх замбараагүй байдал үүсснэ. Ядаж ард иргэдийнхээ хэлэх үгийг бүгдийг нь сонсож байгаач ээ. Манайхан бүгдээрээ мэддэг болсон. Саяхан монголчууд Төрийн ордноо нураачих шахаад жагсаад явж байсан, одоо энэ жагсаал хаана байна, хүмүүсийн дуу хоолой хаана байна, дарагдсан.
Сонгууль дөхөөд ирэхээр энэхүү Троллын хууль хэрэгжиж эхэлнэ. Сонгууль дөхөөд ирэхээр эрх баригчид хүссэн хаягуудаа хаана. Кибер цахим асуудалтай тэмцэх зөвлөл ажиллана. Зөвлөлд 15 хүн ажиллана, зөвлөлийг Ерөнхий сайд, Цахим хөгжлийн сайд, Тагнуулын дарга ахална. Тэд иргэдийг жагсаал цуглаан хийж байхад асуудлыг хэлэлцээд "Үндэсний аюулгүй байдалд хор хохиролтой болж хувирлаа" хэмээн олон нийтийн сүлжээг хаах шийдвэр гаргана.
Мөн яамны дэргэд олон нийтийн хэлтэс байгуулагдана, тэр нь энэ хүний контент хүний эрх зөрчсөн, энэ нь хүнийг гүтгэсэн гээд шүүгээд суух юм билээ. Тэгсэн хэрнээ тэрхүү байгууллага яаж ажиллах вэ гэдэгт зохицуулалт огт байхгүй.
Ардчилал хүний эрхийн хамгийн гол дархлаа нь үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх. Гэтэл бодит амьдрал дээр бүгдээрээ хүнийг доромжилсон хэрэгт орох юм байна.
Тухайлбал, Нүүрсний хулгайчид болох МАН аас сонгогдсон гишүүдийн гэрт нэгжлэг хийхэд хүүхдийн 1.5 их наяд төгрөг сейфнээс гараад ирнэ гэж хэлбэл доромжилсон болно, хаяг хаана.
Ирэх хаврын жагсаал, ирэх сонгуульд зориулж гарч байгаа энэ хууль хүний эрхийг уландаа гишгэж, байгаа.
Сайд Х.Нямбаатарын маш худалч нэг үг байна. Дэлхийн бүх улс орон энэ хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн, Герман улсад 50 сая хүртэл еврогоор торгодог гэж... Гэтэл 2015 онд Герман, Франц зэрэг орнууд энэ хуулийг батлахын тулд маш олон судалгаа хийсэн. Монголд ямар судалгаа хийсэн бэ. Монгол Улс гурван сая иргэнтэй, нэг сая нь хүүхэд, нэг сая нь ид ажлынхан, нэг сая нь ахмадууд. Цахим сүлжээнд идэвхтэй байдаг хоёр сая иргэн бий. Тэднээс ямар судалгаа авсан бэ, Монголд 60 мянган төрийн бус байгууллага бий, хэдэн төрийн бус байгууллага саналаа илэрхийлсэн юм бэ. 95 мянга орчим бизнесийн байгууллага бий, энэ дотор хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллага бий. Тэднээс ямар санал авсан бэ. Хуулийг өргөн бариутаа хэлэлцээд гуравхан хоногт багтаан баталсан. Ийм байж болохгүй.
Г.ХОРОЛ