“Баруун аймгуудад цагаан, харын зуд болж байна”

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

“Баруун аймгуудад цагаан, харын зуд болж байна”

“Баруун аймгуудад цагаан, харын зуд болж байна”

Өнгөрсөн жил зуншлага тааруу, хур бороо муу байснаас гадна одоо цаг агаар эрс хүйтэрч байгаа учир өвөлжилтийн нөхцөл хүндэрчээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Баруун таван аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байсан. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ онд өвөлжилт нийт нутгаар хүндхэн байна. Тухайлбал, Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр нийт 11 аймгийн 190 гаруй суманд эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Эдгээр аймагт нийт 35 сая толгой мал өвөлжиж байгаа. Үүнээс 5,5 сая толгой мал нь отроор өвөлжиж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ онд малын зүй бус хорогдол нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянга гаруй мал зүй бусаар хорогдсон. Үүнд нэгдүгээрт, цаг агаарын хүйтрэлт, хоёрдугаарт, өнгөрсөн жилийн зуншлага тааруугаас өвөлжилтийн хүндрэлт үүсч байна.

-Зуд үүсэх эрсдэлтэй, зудтай байгаа аймгуудад тусламж үзүүлсэн үү?

-Одоогоор баруун аймгуудад хүнд байна. ХХААХҮЯ, Улсын онцгой комиссын ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Ховд аймгийн баруун, Баян-Өлгийн өмнөд хэсгээр, Увсын хойд хэсгээр, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудад хойд хэсгээрээ маш их цастай байна.

Газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан дүнгээс харвал Ховдын Булган, Үенч, Алтай гэсэн сумдад тал газраар 50 см, уулархаг газраар 120 см хүртэл цас орсон.

Баян-Өлгийд 40-60 см цастай. Тус хэсгүүдэд цагаан болон харын зуд болж байна. Бид өнгөрсөн жил нэг сая гаруй тонн өвс бэлтгэсэн ч өнөөдрийн байдлаар 50 хувийг нь зарцуулаад байгаа. Мөн аймаг, сумын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийн 40-50 хувийг зарцуулаад байна. Тэгэхээр эдгээрээс үзэхэд нөхцөл байдал хүнд түвшинд шилжсэн гэж хэлж болно. Зөвхөн Баян-Өлгий аймгийн тухайд авч үзвэл нийт малын 23 хувь нь байнгын тэжээлд орсон, 33 хувь нь нэмэлт тэжээлд орсон жишээтэй.

Малчид одоо ямар асуудыг хөндөж байна гэхээр мал хөлөөр бэлчих боломжгүйгээс тэжээл, өвсний хангамж муудаж нөөцгүй болж байгааг хэлсэн. Өнгөрсөн зун газрын гарц муутайгаас цас хайлсан ч мал бэлчих боломж муу. Тиймээс 2-5 дугаар сард байдал бүр ч хүндрэхийг хэлж байна.

Хоёрхон аймагт ажиллахад ийм дүн мэдээнүүд гарсан. Мөн отор нүүдэл хийх шаардлага ч үүссэн байна лээ. Ялангуяа Баян-Өлгий аймагт өнгөрсөн 11-12 дугаар их хэмжээний цас орж өндөр уулын хэсэгт мал бэлчих ямар ч боломжгүй болсон. Тиймээс малчид гол төлөв хаваржаандаа өвөлжиж байна. Зарим нь хаваржаанаасаа отор нүүдэл хүртэл хийж байна.

-Өвөлжилт хүндрэхийг анхааруулж байсан ч өвс тэжээлийн нөөц хангалтгүй байгаа нь хэний буруу вэ. Малчид, УОК, ХХААХҮЯ бэлтгэлээ сайн базааж чадсан уу?

-Ер нь бол өвс тэжээлийг хангалттай бэлдсэн. Гол асуудал бол бэлчээрийн даац муу байснаас өвөл, хавар нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй болсон. 2021-2022 оны байдлыг 2022-2023 онтой харьцуулбал бэлчээрийн гарц 80-40 хувь болж буурсан. Тухайн жилийн зун, намраас шалтгаалж өвөлжилт тодорхойлогдоно. Тиймээс малыг эрт тэжээж эхэлснээс харахад өвөлжилт маш хүндрэх эрсдэлтэй байна.

-Тэгвэл одоо яамнаас малчдад хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ? 

-Шаардлагатай тусламжийг яам болон УОК-оос газар дээр нь хүргэж байгаа. Улсын аюулгүйн нөөцөөс өвс тэжээлийг хөнгөлөлттэй олгох зэрэг арга хэмжээг мөн авч хэрэгжүүлж байна.

Одоо тулгамдаж байгаа гол асуудал бол аймаг, сумдын зам харгуйд тогтсон цасыг цэвэрлэх зориулалтын техник хэрэгсэл авах төдийгүй тэжээл авах төсөв шаардлагатай.

Мөн дараагийн асуудал бол өвс тэжээлийн үнэ, тээвэрлэлтийн зардал. 25 кг шуудайтай хивэг 23-24 мянган төгрөг. Нэг боодол өвс 18-20 мянга, 50 кг шуудайтай хорголжин тэжээл 37-38 мянган төгрөг байна. Тиймээс үнэ, тээвэрлэлтэд шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Тээвэрлэлт дээр хил гаалийн татвар зэргээс чөлөөлснөөр малчдад хүрэх тэжээлийн үнэ буурна. Ингэснээр өвөлжилтийн эрсдэлийг давах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж