Цөмийн дайн, цаг уурын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтөний оршин тогтнолд заналхийлж буй аюулын улмаас бид мөхөхөд хэр ойрхон байгааг атомын судлаачид тодорхойлдог. Энэ жилийн “Сүүлчийн өдрийн цаг” буюу сүйрлийн цагийг өчигдөр /2023.01.24/ тохирууллаа. Тодруулбал, Улаанбаатарын цагаар Мягмар гаригийн 23:00 цагт “Bulletin of the Atomic Scientists” байгууллагын албан ёсны цахим хуудсаар сүйрлийн цагийг шууд дамжуулалтаар зарласан.
2023 оны нэгдүгээр сарын 24-нд сүйрлийн цаг болоход 90 секунд үлдлээ гэж зарлав.
Сүйрлийн цаг бол дэлхий мөхөхөд хэр ойрхон байгааг харуулж буй бэлгэдлийн цаг юм. Улс төрийн хурцадмал байдал, зэвсэг, технологи, уур амьсгалын өөрчлөлт, тахал өвчин гэх мэт хүчин зүйлийн улмаас мөхлийн аюул нүүрлэж болно.
“Bulletin of the Atomic Scientists” байгууллага буюу нобелийн шагналт 13 хүн, цөмийн технологи, цаг уурын шинжлэх ухааны эрдэмтэд болон бусад мэргэжилтнээс бүрдсэн зөвлөл жил бүр дэлхий дахинд болж буй үйл явдлуудыг хэлэлцэж, сүйрлийн цагийг тогтоон, цагийн зүүг урагш хойш хөдөлгөдөг. Хамгийн анх 1947 онд сүйрлийн цагийг зарласан бол хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сарын 23-нд сүйрлийн цаг болоход 100 секунд үлдлээ гэж зарлажээ. Харин 2021, 2022 онд цагийн тохиргоог өөрчлөхгүй байхаар тогтсон.
“Сүүлчийн өдрийн цаг” зарлах энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ирландын анхны эмэгтэй ерөнхийлөгч бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мэри Робинсон, "Bulletin of the Atomic Scientists" байгууллагын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, доктор профессор Рэйчел Бронсон, Стокгольмын Байгаль орчны хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, "Bulletin of the Atomic Scientists" байгууллагын Шинжлэх ухаан ба аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Сиван Карта, "Sterling Bay" байгууллагын Амьдралын шинжлэх ухааны захирал, "Bulletin of the Atomic Scientists" байгууллагын Шинжлэх ухаан ба аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Сюзет МкКиннэй, Мэрилэндийн их сургуулийн профессор, Америкийн физикийн нийгэмлэгийн гишүүн, "Bulletin of the Atomic Scientists" байгууллагын Шинжлэх ухаан ба аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Стив Феттер нар илтгэгчээр оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:
-Хоёр том гүрний дунд оршин далайд гарцгүй улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд би хүн төрөлхтөний оршин тогтнох аюул заналхийлэлтэй тэмцэхэд олон улсын дипломат харилцаа ямар чухал болохыг мэднэ. Өнөөдөр дэлхий дахин олон хямралтай нүүр тулаад байна. Эндээс нэг л нийтлэг зүйлийг олж хардаг. Энэ бол бүтэлгүй манлайлал. Бидэнд НҮБ-ын үзэл санаа, үнэт зүйлд тулгуурласан хамтын хариу арга хэмжээ хэрэгтэй. Ингэснээр бид энх тайвнаар зэрэгцэн орших, тогтвортой хөгжлийн замдаа орж чадах болно гэлээ.
2023 ОНЫ СҮЙРЛИЙН ЦАГИЙГ ЮУН ДЭЭР ҮНДЭСЛЭЖ ГАРГАСАН БЭ?
Цөмийн зэвсэг: Нэгдүгээрт, Орос, АНУ-ын хооронд байгуулсан цөмийн зэвсгийн сүүлчийн гэрээний хугацаа 2026 оны хоёрдугаар сард дуусна. Тэгэхээр хоёр тал хэлэлцээрээ сэргээх шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, Хятад улс цөмийн хүчин чадлаа ихээхэн өргөжүүлж байгаа нь сэтгэл түгшээж байна. Бээжин 2035 он гэхэд зэвсгийн нөөцөө тав дахин нэмэгдүүлж, урьдчилан таамаглах аргагүй үр дагавар авчирч магадгүй. Гуравдугаарт, Хойд Солонгос улс дундын болон холын тусгалтай пуужингийн туршилтаа эрс нэмэгдүүлсэн. Дөрөвдүгээрт, Иран улс цөмийн зэвсэгтэй болоход ойрхон байна. Тавдугаарт, Энэтхэг улс 160 орчим байлдааны цэнэгт хошуу бүхий цөмийн зэвсгээ шинэчлэх ажлыг үргэлжлүүлж байна. Зургадугаарт, Өмнөд Ази дахь зэвсгийн уралдаан, Зүүн хойд Ази дахь пуужингийн уралдаан нь шийдвэрлэхгүй бол болохгүй дүр зургийг бидэнд харууллаа.
Уур амьсгалын хямрал: Нэгдүгээрт, Орос, Украины дайн нь зөвхөн цөмийн аюул үүсгээд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтыг сулруулж байна. Хоёрдугаарт, дэлхий дахинд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2022 онд дээд амжилт тогтоожээ. Хятадад утаа буурсан ч АНУ, Энэтхэгт ихэссэн тул чанарын ялгаа гарсангүй. Гуравдугаарт, цаг агаарын эрс тэс уур амьсгал хаа сайгүй ноёлж байна. Тухайлбал, Баруун Африкийн орнуудад цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж энгийн үеэс 80 дахин их бороо орсны улмаас үерийн гамшигт нэрвэгдэж, түүхэнд байгаагүйгээр олон хүний амийг авч одов. Мөн Төв Европ, Хойд Америк, Хятад болон бусад бүс нутагт хэт халалтын улмаас усны хомсдол, хөрсний ган гачигт нүүрлэн, ургац мууджээ.
Био аюул: Нэгдүгээрт, Covid-19 зэрэг тахал өвчин нь зуунд нэг удаа тохиолддог ховор үзэгдэл биш боллоо. Халдварт өвчний дэгдэлтийн нийт тоо, төрөл зүйл 1980 оноос хойш ихээхэн нэмэгдэв. Хоёрдугаарт, лабораторийн алдаа байнга гарсаар байна. Энэ нь тахал өвчний магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Гуравдугаарт, Орос, Украины дайн нь биологийн аюулын дүр төрхийг өөрчлөв. Украин дахь нөхцөл байдал эмх замбараагүй болох тусам Орос биологийн дайн хийх вий гэсэн эрсдэл нэмэгдэж байна.
Худал мэдээлэл ба түүнийг таслан зогсоох технологи: Цахим мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тарсаар байна. АНУ-д Дотоодын аюулгүй байдлын яам “Худал мэдээлэл түгээхтэй холбоотой удирдлагын зөвлөл” байгууулах санал гаргасан. Гэвч сөрөг хүчин үүнийг эсэргүүцэж байгаа нь санаатайгаар ташаа мэдээлэл түгээх улс төрийн бодлого юм. Хоёрдугаарт, ОХУ-ын засгийн газрын хяналт нь дайны талаарх үнэн бодит мэдээллийг түгээхэд саад болж байна. Гуравдугаарт, Шинжаан Уйгурт хяналтын технологийг эрчимтэй ашигласаар байна. Тандалтын технологийг өргөнөөр ашиглах нь хүний эрхэд сөрөг нөлөө үзүүлж, иргэний нийгэмд заналхийлнэ.
Эх сурвалж: THE BULLETIN, EURONEWS
Холбоотой мэдээ