Хятад зурхайн амьтдын эрэмбэ дарааллын тухай өгүүлдэг ардын үлгэрт туулайг аз хийморийн бэлгэдэл гэж үздэггүй байв. Арчаагүй бяцхан туулай түргэн урсгалтай гол дундуур модны тайрдас хөлөглөн хөвж явахад нь луу тааралдан, хүчтэй амьсгалаараа түүнийг барианы шугам руу түлхэж тусалдаг тухай үлгэрт гардаг.
Тэгвэл энэ жил томоохон загварын брэндүүд туулай жил гарахтай зэрэгцээд бизнес нь гэнэтийн өсөлтөд хүрнэ гэж найдаж байна. Гурван жилийн турш цар тахлын хөл хорионд байсан Хятадад бар жил бүхий л салбарын хувьд уналттай байжээ. Тансаг хэрэглээний барааны дотоодын борлуулалт 2020 оноос хойш хоёр жилийн хугацаанд бараг бүтэн нугарсан өсөлттэй байсан. Гэвч өнгөрсөн жил байдал урвуугаа эргэжээ. “2021 онд бүх тансаг зэрэглэлийн брэнд ялалт байгуулж чадсан ч 2022 он яг л галзуу хулгана дээр суугаад уруудаж буй мэт байлаа. Хэрэглэгчдийн сэтгэл санаа ч хамгийн доод түвшинд хүрсэн” гэж Хонгконгийн бизнес эрхлэгч эрхэм хэллээ.
Туулай жил өөрчлөлт авчирч магадгүй гэж бизнес эрхлэгчид үзэж байна. Хятадад эртнээс нааш шинэ жилийг аз жаргалтай угтахын тулд улаан өнгийн шинэ хувцас худалдаж авдаг уламжлал байсан. Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд энэ нь тухайн гарч буй жилийнхээ онцлогийг шингээсэн хувцас хэрэглэл авах моодоор солигджээ. “Burberry” брэнд 1290 ам.долларын үнэтэй туулайн чихтэй малгай, “Gucci” брэнд 2850 ам.долларын үнэтэй туулайн загвартай цамц гэх мэт бүтээгдэхүүнээ гаргав. Түүнчлэн цаг, үнэт эдлэл гэх мэт эд зүйлс ч худалдаанд гарч, баярын амралт эхлэхээс өмнө зарагдаж дуусчээ. Сингапур, Макао, Хонгконг зэрэг газарт Хятадаас ирэх жуулчдад зориулан туулайн хэлбэр дүрстэй элдэв бараа бүтээгдэхүүнээ дэлгэв. Хятадын аялал жуулчлал энэ онд өмнөх жилээс 540 хувиар өссөнтэй ч энэ нь холбоотой.
Covid-19-тэй холбоотой хилийн хязгаарлалтууд цуцлагдлаа гэсэн мэдээний дараа “LVMH”, “Kering” зэрэг тансаг зэрэглэлийн брэндийн хувьцааны үнэ өссөн байна.
Аялал жуулчлалын салбар болон тансаг хэрэглээ тодорхой хэмжээнд өсөлттэй байгаа ч Хятадын иргэдийн 88 орчим хувь нь гадагшаа бус дотооддоо аялах аж. Эдний тал хувь нь амралт зугаалгаар явах бус гэр бүлийнхээрээ зочлоно. Хол аялахгүй гэдэг нь тансаг хэрэглээнд мөнгө зарцуулахгүй гэсэн үг юм. Цар тахлаас өмнө Хятадын тансаг хэрэглээний зардлын 70 орчим хувийг гадаадад хийдэг байв. Covid-19 дэгдсэнээр барууны брэндүүд ч өөрчлөлтөд соргог хандаж, сүүлийн гурван жил Хятад дахь нэрийн дэлгүүрүүдэд хандсан хөрөнгө оруулалт хийх болжээ. “Хятадад санал болгож буй бүтээгдэхүүнүүд чанарын хувьд мэдэгдэхүйц сайжирсан. Брэндүүд үйлчлүүлэгчидтэйгээ харьцах шинэ арга замыг хайж, тус улсад загварын шоугаа зохион байгуулах боллоо” гэж мэргэжлийн хүн хэллээ. Цар тахал эхэлснээс хойш “Dior”, “Prada” зэрэг брэнд Хятадад томоохон шоу зохион байгуулжээ.
Хятад соёлын илэрхийлэл болох улаан өнгө томоохон брэндүүдийн бүтээгдэхүүн дээр олон жил харагдсан. Энэ нь буруу биш ч тийм орчин үеийн сонголт биш болсон гэж мэргэжлийнхэн үзэж байна. Бага зэрэг инээдтэй гэмээр ч юм шиг атлаа амьтдын хэв маягийг илэрхийлсэн хувцас хэрэглэл моод болж байна.
“Moschino”, “Hugo Boss”, “Miffy”, “Versace” зэрэг загварын акулууд туулайн дүрсийг шинэ загвартаа ашиглажээ. Ингэхдээ олонх нь уламжлалт гар урлалын хэв маягийг сонгосон байна. Испанийн “Lowe” брэндийн саяхан гаргасан цуглуулгыг мөн дурдууштай. Тэдний цуглуулгад Хятадын уламжлалт хэв маягийг хэт сүржинээр бус чамин дүрсэлж өгчээ. Энэ нь орчин үед хүмүүс соёлын ялгааг улам илүү ойлгодог болж, бодит зүйлд дуртай болж байгаагийн нэг илрэл гэдгийг “CNN” агентлаг онцоллоо. Уламжлал хэдий чухал ч үүнийг хэрхэн орчин үетэй зэрэгцүүлэх вэ гэдэг бүр илүү чухал ажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ