Анхны холбооны байшинг музей болгох уу?

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

Анхны холбооны байшинг музей болгох уу?

Анхны холбооны байшинг музей болгох уу?

Их хотын нүд гялбам шилэн барилгууд дунд түүх өгүүлэх хуучны цөөн барилга бий. Үүний нэг нь анхны холбооны байшин. Та магадгүй Монгол бөхийн өргөөний баруун хойд талд байрлах ногоон байшингийн дэргэдүүр өдөр бүр өнгөрдөг ч байж болно. Нам гүмхэн орших энэ түүхэн барилгын түүхийг мэдэх үү?

Хэдий эргэн тойронд өндөр, өндөр шилэн барилга сүндэрлэсэн ч энэ өвөрмөц барилга орчин цагийн хүмүүст өөрийн түүхээ өгүүлэн оршино. Түүхэн дурсгалт энэ байшинг монголчууд Төмөр утасны хороо хэмээн нэрлэдэг байв. Гэвч өдгөө 100 гаруй жилийн түүхтэй хуучны тоосгон байшинг хүмүүс тэр бүр анзааралгүй дэргэдүүр нь өнгөрөх болж.

Энэ байшинд 1921 оны долдугаар сараас эхлэн 1998 он хүртэл Холбооны музей байрлан ажиллаж байсан.

Гэвч 2000 оны эхээс өдийг хүртэл тус байшинд хувийн компани хууль бусаар хоолны газар, хүнсний дэлгүүр ажиллуулж ирсэн. Саяхнаас уг түүхэн дурсгалт байшинг хуулийн дагуу төрийн өмчид эргүүлэн авч, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүлээлгэн өгөөд буй.

Уг түүхэн дурсгалт байшинг өмчлөх эрх 2004 онд хууль бусаар “Ванхүү” компанид шилжсэн.

Ийнхүү хууль бусаар эзэмшиж байсан компанитай 2022 оны арваннэгдүгээр сараас хойш зургаан удаа шүүх хурлаар орж, эцэст нь төрд эргүүлэн авахаар шийдвэрлэжээ. Одоо түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлаж, музейн зориулалтаар ашиглах боломжтой болж байгаа юм.

Энэ байшинг 1913 онд барьсан бөгөөд 1914 онд баруун талын залгааг барьж дуусгажээ. 1913 онд тус барилгад Үнэн алдартны шашны сүмийн хөгжимчид байрлаж, зарим үед Богд хааны зуны ордонд тоглодог байсан гэдэг.

Сайн ноён хан Т.Намнансүрэн хаант Оросын нийслэл Петербургээр зургаан сар орчим явж ирэхдээ 10 дугаартай телефон утасны жижиг станц авчирч анхны утасны хороог байгуулсан түүхтэй. Тэртээ 1915 онд Нийслэл хүрээнд 60 номертой 24 хэрэглэгчтэй телефон станц анх байгуулж энэ барилгад байрлах болжээ. Тэр цагаас уг барилгыг Төмөр утасны хороо байрлаж байсан барилга буюу Холбооны анхны барилга хэмээн нэрлэсэн байна.

Анхны холбооны байшингийн баруун талын залгаж барьсан байшинд Монгол улсын анхны хоёр маршалын нэг Г.Дэмид жанжных суудаг байжээ. Г.Дэмид бол 1921 оны партизан бөгөөд Тверийн морин цэргийн сургуулийг онц гарамгай суралцаж төгсчээ. Гамингийн үед тус барилгыг эзлэн цэргийн штаб болгожээ.

1921 оны долдугаар сард Ардын журамт цэрэг, улаан армийн ангиуд Нийслэл хүрээнд орж ирээд Утасны хороог эзлэн авснаар Цэргийн холбоо байрлах болж, дараа нь Холбооны музей байрлажээ.

Харин 1970-аад онд Ардын цэргийн арын алба, Цэргийн шүүх, прокурорын байгууллагууд байрлаж байв. Түүхэн дурсгалт байшинг анх Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1987 оны 326 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад авч байсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд бүртгэн авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж