Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Базаррагчаа Нарангоо
Базаррагчаа Нарангоо
Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнгөрсөн долоо хоногт цаг агаар тогтуун дулаан байсан бол энэ долоо хоногт эрс хүйтэн байна. Тэгвэл энэ хүйтэн хэзээ хүртэл үргэлжлэх болоод сарын сүүлчээр цаг агаар агаар ямар байх  талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Цаг уурч О.Өнөртуулаас тодрууллаа.

Энэ долоо хоногийн эхэн үед огцом хүйтэрлээ. Хүйтний эрч цаашид үргэлжлэх үү?

-Нэгдүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр харахад ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхины хувьд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр байна. Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орно. Харин энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна.

-Ихэнх нутгаар цас орж агаарын температур хэдэн градусд хүрэх вэ?

-Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -24…-29 градус хүрнэ. Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19…-24 градус байна. Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байх урьдчилсан төлөв гарсан. Харин Улаанбаатар орчмоор цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

-Энэ сарын сүүлээр цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

Нэгдүгээр сарын 26-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах төлөвтэй байна.

-Сарын сүүлчээр цаг агаар дулаарч хэдэн градус болох вэ?

-Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус байна. Харин Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус болно. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байх төлөв гарсан байна.

-Энэ өвөл олон жилийн дунжаас хүйтэн байна уу?

-Нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дундажаас хүйтэн, хур тунадас дунджийн орчим байна. Зүүн болон говийн аймгуудын нутгаар ОЖД-аас ялимгүй их цастай байгаа. Энэ өвөл олон жилийн дундажаас 3–4 градусаар хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж