Замын-Үүдээс Эрээн рүү орох том оврын машинуудын оочер нэмэгдэж дөрвөн урсгалтай замын нэг чиглэлийн урсгалыг нийтэд нь машинууд хааснаас болж жолоочид урсгал сөрж байгаа аж. Үүнээс болж нэгдүгээр сарын 17-ны 22:30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарч олон хүн бэртэж гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл ослын шалтгаан нөхцөл, бэртсэн иргэдийн биеийн байдал ямар байгааг тодрууллаа.
Тээврийн цагдаагийн албанаас “Нэгдүгээр сарын 17-ны 22:30 цагийн орчимд том оврын тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ таван автомашин мөргөж зам тээврийн осол гаргасан.
Тус жолоочийн согтуурлын зэргийг тогтооход 1.3 бүхэл гарсан.
Осолд өртөж бэртэж гэмтсэн иргэд Дорноговь аймгийн эрүүл мэндийн төвд эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Эх сурвалжийн хэлж байгаагаар нийт таван машин мөргөлдөж, том оврын машин болон приус маркийн машины жолоочид хүнд гэмтсэн. Нэг хүний нүүрний арьс зулгарч яаралтай тусламж авч, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа аж. Нийт 900 гаруй машин зам дээр зогсч байгаа бөгөөд эдгээр машинуудаас өдөрт 150-ыг нь Эрээн рүү гаргах шийдвэр гарсан байна. Харин замаас гарсан болон урсгал хааж зогсоосон машинуудыг цагдаагийн алба хаагчид замаас бүр гаргаж байгаа гэв.
Тээврийн жолоочдын эмх замбараагүй байдалтай холбоотой ямар зохицуулалт хийж байгаа, арга хэмжээ авсан эсэх талаар Замын-Үүд сумтай холбогдож тодруулахад "Зам дээр хэт олноор дараалж зогсч байгаа асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй.
Тээвэрчдэд дугаар олгох нь тамгын газар болон хилийн зүгээс зохицуулалт хийх боломжгүй асуудал.
Тиймээс нэг урсгалыг чөлөөлж оочерлож байгаа. Гэхдээ жолоочид үүнийг ойлгохгүй хоёр урсгал хааснаас эмх цэгцгүй байдал үүссэн. Цагдаагийн алба хаагчид зохицуулж байгаа" гэх хариултыг өглөө.
Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахад согтуу жолоочийн барьж явсан машины өөдөөс урсгал сөрж машин гарч ирснээс болж осол гарсан байна. Гэхдээ ослын дүгнэлт мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа гарна гэх тайлбарыг ТЦА-наас өгсөн юм. Дүгнэлт гарсны дараа хариуцлагын арга хэмжээг авч, тодорхой хугацаанд осол гаргасан жолоочийн жолооны эрхийг хасч, торгохоос гадна зүйл ангиас хамаарч хорих эсэхийг шийдэх аж.