Болгар, Украины түүх бүтээсэн нөхөрлөл

Хуучирсан мэдээ: 2023.01.25-нд нийтлэгдсэн

Болгар, Украины түүх бүтээсэн нөхөрлөл

Болгар, Украины түүх бүтээсэн нөхөрлөл

Өнгөрсөн хавар Украины арми оросуудтай тулалдахад шаардагдах түлш, Зөвлөлтийн калибрын сумаар туйлын хомсдож, хүндхэн байдалд байв. Энэ үед огт таамаглаагүй газраас аврал ирсэн нь Болгар улс байв. Дотоодын хагарсан улс төр, элитийнхний ихэнх хэсэг нь Оросыг дэмжсэн байр суурьтай зэргээс болж, Болгар улс нь Украиныг зэвсэглэхгүй гэдгээ онцолж байв. Гэхдээ Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, Болгарын Ерөнхий сайд асан Кирил Петков болон түүний Сангийн сайд Асен Василев нарын “WELT” хэвлэлд өгсөн ярилцлагаар дайны эгзэгтэй үед София хэрхэн Киевийг сум, дизель түлш зэрэг чухал зэвсгээр хангасныг гаргаж ирэв.

Дайн эхлэхэд Болгарын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Петков Кремлийг дэмжигч улстөрчдийн, тэр дундаа эвслийн түншүүдтэй тэмцэж байв. Тэр ч бүү хэл Оросын  дайны тунхаглалыг тоть шиг давтдаг Батлан ​​хамгаалахын сайдаа огцруулахад хүрчээ. Петков нийгэмд Болгар улс Украиныг зэвсэглэхгүй гэсэн санааг түгээхийг хичээсэн. Улмаар Болгарын дайнд хандах албан ёсны байр суурь нь Виктор Орбаны Унгартай ижил байв.
Болгарын Социалист нам засгийн газар хоорондын гүйлгээнээс зайлсхийжээ. Оронд нь хилийн чанад дахь зуучлагч компаниудыг ашиглан Румын, Унгар, Польшоор дамжин агаарын болон хуурай замаар ханган нийлүүлэх замыг нээжээ.

"Бид дайны эхэн үед Украины армид шаардлагатай сумны гуравны нэгийг Болгараас авсан" гэж Петков WELT-д ярьжээ.

Болгараас Украинд нийлүүлж байсан дизель түлшийг тухайн үед Оросын Лукойл компанид харьяалагддаг Хар тэнгисийн боловсруулах үйлдвэрт Оросын түүхий нефтээс боловсруулдаг байжээ. Болгар нь Украинд дизель түлшний хамгийн том экспортлогчдын нэг болж, зарим үед Украины хэрэгцээний 40 хувийг хангасан” гэж Сангийн сайд асан Василев ярьжээ.

“Болгарын зэвсгийн агуулахуудад их хэмжээний сум байгааг бид мэдэж байсан тул Ерөнхийлөгч Зеленский намайг "бадар бариулах"-аар явуулсан" гэж Кулеба мэдэгджээ. “Энэ нь тухайн үед "үхэл, амьдралын" асуудал байсан гэж Кулеба тайлбарлав. Энэхүү дэмжлэггүй бол оросууд илүү олон тосгон, хотыг эзэлж, илүү олон украин иргэнийг "хөнөөж, тарчлааж, хүчирхийлэх байсан гэж тэрбээр учирлажээ.

Киевийн хүсэлтийн хариуд Петков улсынх нь дотоод нөхцөл байдал "амаргүй" байгаач  "чадах бүхнээ хийнэ" гэсэн байна.

Болгарын эвслийн зарим гишүүд Оросын талд орж байхад Петков "түүхийн зөв талд байж, илүү хүчтэй дайснаас өөрсдийгөө хамгаалахад бидэнд туслахаар" шийдсэн гэж түүнийг магтав.

Петковын төлөвлөгөө

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 25-нд ОХУ-аас Украин руу дайрснаас  ердөө нэг хоногийн дараа Петков Брюссельд болсон Европын Зөвлөлийн албан бус уулзалтын үеэр "Зеленскийд 48 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн байж магадгүй" хэмээн санаа зовниж, шийдвэртэй арга хэмжээ авахыг нөхдөдөө уриалжээ.

Нөгөө талд Василев Парист болсон ЕХ-ны сангийн сайд нарын уулзалтад оролцсон байв. Тэнд ч бас түүний тодорхойлсон шиг шийдэмгий байдал  ажиглагджээ. Халдлагын улмаас бүгд цочирдсон хэвээр байсан аж. Энэ үед Василев тэдэнд Путин "Украиныг нацизмаас ангижруулах" гэж юу гэсэн үг болохыг Болгарын өөрийн туршлагад тулгуурлан тайдбарлажээ. "Дэлхийн хоёрдугаар дайны дараа Оросууд Болгарт ийм зүйл хийж, олон мянган тэмцэгч, профессор, санваартнуудыг хөнөөсөн" гэж Василев мэдэгджээ.

Үүнээс хоёр хоногийн дараа Брюссель хориг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. ЕХ-ны хүрээлэлд тэдгээрийг "Болгарын санал" гэж нэрлэжээ.

Үүний дараа дөрөвдүгээр сарын 19-нд Петков Киевт айлчлахын өмнөхөн Украины гадаад хэргийн сайд Кулеба дайны шинэ бөгөөд тодорхойгүй үе шат эхэлсэн тул Софид очив. Украинчууд түрэмгийлэгчдийг Киевийн өргөн бүс нутаг болон хойд зүг рүү түлхэж байсан боловч барууны олон зэвсгийг хараахан авчраагүй байв. Тулаан маш ширүүн байсан тул Украйн нөөцөө, ялангуяа Зөвлөлтөд үйлдвэрлэсэн зэвсгээ яаралтай нөхөх шаардлагатай болсон гэж Кулеба ярьжээ.

Нөгөө талд "Манай хувийн цэргийн үйлдвэрүүд бүрэн хурдаараа зэвсэг үйлдвэрлэж байсан" гэж Петков ярьсан байна. Өнгөрсөн өрөвдүгээр сард хиймэл дагуулаас авсан бичлэгээр Болгар, Польшийн хооронд зэвсэг ачсан ачааны онгоцууд нисч байгааг баталгаажуулжээ. Украины хилээс 70 км-ийн зайд орших, НАТО-гийн хамгаалалтад байдаг Польшийн Ржесв нисэх онгоцны буудал нь тээвэрлэлтийн гол цэг байв.

“Бид Румын, Унгараар дамжин өнгөрөх хуурай замын замыг ачааны машинуудад нээлттэй байлгахад анхаарсан” гэж Петков ярьжээ. “WELT”-д өгсөн мэдээллээр АНУ, Их Британи нийлүүлэлтийн төлбөрийг төлсөн байна.

Улсын цэргийн экспортын “Kintex” компанийн тэргүүн Александр Михайлов дайн эхэлснээс хойш "2 тэрбум еврогийн" экспортын талаар ярьсан. Тэрбээр мөн олон пуужин харвагч Град БМ-21-ийн сум нийлүүлснийг дурджээ.

Дизель түлшний наймаа

Болгар улс радарт мэдэгдэлгүй Зеленскийн хүчин рүү дизель түлш илгээж байв. Өнгөрсөн хавар Вашингтонд болсон Дэлхийн банкны уулзалтаар  Украины албаны хүн Киевийн цэргүүдийн түлш дуусч байгааг  сануулсан байна. Болгар улс Хар тэнгисийн Бургасын ойролцоо нефть боловсруулах үйлдвэртэй бөгөөд тус үйлдвэрийг Оросын Лукойл группын охин компани ажиллуулж, ОХУ-аас нефть тээвэрлэгчээр хангадаг.

Василев хэлэхдээ, Болгар дахь "Лукойл"-ыг Украинд илүүдэл газрын тос экспортлохыг дэмжсэн. Хариулт нь эерэг байсан бөгөөд тэнд байгаа ажилтнууд ч Путины дайныг буруушааж байсан гэж тэр ярьжээ. Болгар өөрөө боловсруулах үйлдвэрээс гаргаж буй түлшний тал орчим хувийг хэрэглээд, үлдсэн хэсгийг нь Украин руу ачуулж эхэлжээ. Дахин хэлэхэд дотоодын компаниудаас нийлүүлэх ажлыг гадаадын зуучлагч компаниудаар дамжуулан хийдэг байв.

Москвагийн хариу үйлдэл

Украин руу  нууц шугамаар зэвсэг, түлш нийлүүлснээр  Петков том эрсдэл үүрчээ. Болгарт явуулсан санал асуулгаас харахад иргэдийн 70 хувь нь улс нь дайнд татагдан орох вий гэж санаа зовниж, улмаар Украиныг хэт их дэмжихийг эсэргүүцжээ. Социалист намаас нэр дэвшсэн ерөнхийлөгч Румен Радев ард түмний айдсыг өдөөж, хэрэв зэвсэг нийлүүлбэл Болгар улс дайны тал болно гэж мэдэгдэж байв.

Нууц ажиллагаа удалгүй ил гарчээ. Он гарснаас хойш Бургас дахь “Лукойл” боловсруулах үйлдвэр нь Орос дахь төв оффистой ямар ч холбоогүй, Болгарын мэдэлд бүрэн шилжсэн бөгөөд одоо бусад орноос газрын тос хайж байна. Софийн засгийн газар арваннэгдүгээр сард ЕХ-ны комиссоос Оросын нефтээс боловсруулсан дизель түлшийг Украин зэрэг улс руу экспортлох зөвшөөрөл хүсчээ. Петков, Василев нарын удирдлага дор Болгар улс Украины төлөө асар их хүчин чармайлт гаргаж байсан нь Кремлийн хараанаас бултаагүй.

Улмаар Москвагаас Болгарыг кибер халдлагуудаар бөмбөгдөж байсан гэж Петков хэлэв. Эдгээр нь цахилгаан хангамж, шуудангийн салбарыг хамарч, зарим үед төрийн албан хаагчдын тэтгэвэр олгогдохгүй байв.

Москва мөн депутатуудыг хахуульдаж, эрх баригчдын дунд тагнуулаа шургуулахыг оролдсон. Гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд Болгар улс Софи дахь Оросын Элчин сайдын яамны 70 орчим ажилтнаа тагнуул хийсэн хэргээр хөөжээ.

Болгарыг  Оросын хийнээс хамгийн их хамааралтай Европын холбооны орон гэдгийг Москва мэдэж байсан. Тиймдээ ч "Газпром" дөрөвдүгээр сарын 27-нд хийн экспортоо зогсоох Европын холбооны анхны улсаар Болгарыг сонгосон. Гэвч София бууж өгсөнгүй.

Ерөнхий сайд Петков 24 цагийн дотор Болгарын 7 сая орчим оршин суугчийг Оросоос хий авалгүй өвлийг давах  шийдлийг танилцуулжээ. Тэрбээр АНУ-аас хоёр цистерн шингэрүүлсэн хийг зохион байгуулж, нэг шоо метрийг нь Газпромоос авдаг үнээр үнэлжээ.

Харамсалтай нь, өнгөрсөн зун парламентад итгэл үзүүлэхгүй байх санал хураалтаар Петковын засгийн газар унасан. Үүнд Оросыг дэмжигч хүчнийхэн их үүрэг гүйцэтгэжээ. Намар гэхэд Петков, Василев нар зөвхөн түр хугацаагаар албан тушаалд үлдсэн байв. Түүнээс хойш тус улс улс төрийн мухардалд орсон ч Украинд хандах хандлага бага зэрэг өөрчлөгдсөн байна. Тухайлбал,  өнгөрсөн арванхоёрдугаар сард парламент Украинд зэвсэг нийлүүлэхийг албан ёсоор зөвшөөрөх шийдвэр гаргасан аж.

Петков, Василев нар урьд өмнө хэзээ ч байгаагүй нууц тусламжаараа түүхийг бүтээжээ. Тэд “Бид өөрчлөлтөө үргэлжлүүлье” намаараа дараагийн сонгуульд дахин нэр дэвшиж, хуучин дэг журмын ялзралтай тэмцэж, барууныг илүү түшиглэсэн Болгар улсын төлөө тэмцлээ үргэлжлүүлэхийг хүсч байна" гэв. Петков "Оросоос хараат, айдасгүйгээр дэлхий ертөнцийг бий болгох боломжтой гэдгийг бид харууллаа" гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж