Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагаас “Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний асуулгын талаар тодрууллаа.
-Улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” санал асуулгыг ирэх сард зохион байгуулахаар болсон. Санал асуулгыг зохион байгуулах ажлыг ҮСХ гардаж хийнэ. Нийт хэчнээн иргэдээс санал асуулга явуулахаар болов, санал асуулга зохион байгуулахад ҮСХ ямар чиг үүрэгтэй ажиллах юм бол?
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын асуултыг баталдаг. Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр хуралдаж, асуултаа эцэслэхээр ажиллаж байна. Зөвлөлийн асуулт эцэслэсний дараа иргэдээс санал асуулга зохион байгуулах ёстой.
Өмнөх Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар ҮСХ-оос баталсан түүврийн аргачлалын дагуу зөвлөлдөх зөвлөл нийт 1570 иргэнээс санал асуулга авах тоог баталсан.
Бид 1570 хүнийг хот хөдөө, нийгмийн янз бүрийн байдалтай хүмүүсээс түүвэрлэлтийн аргаар санал санал асуулга авахаар бэлтгэлээ хангасан. Түүвэрлэлтийг хийх шат болгоныг олон нийтийн хяналт, эрдэмтэн судлаачдын хяналтан дор хийсэн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын эхээр их сургуулийн багш судлаач, статистикийн чиглэлээр ажилладаг хараат бус хүмүүсийг цуглуулж түүврийн арга зүйг хэлэлцүүлж дэмжлэг авсан. Дараа нь түүврээ хийхдээ судалгаанд оролцох нэгжүүдийг мөн хяналтан дор хийсэн. Одоо түүврээс дотроос сонгогдох иргэнээ мөн хяналтан дор сонгоно. Үүнтэй холбоотой хяналт тавихаар Зөвлөлдөх зөвлөлөөс хяналтын комисс байгуулж ажиллаж байна.
– Монгол Улсын нийт хүн амыг 1570 иргэн төлөөлж чадах уу. Санал асуулга явуулах бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ. Агуулга, хүрээ хязгаарыг хэрхэн тогтоосон бэ?
-Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр асуултыг бидэнд эцэслэн батлаад өгвөл, энэ Пүрэв гаригаас эхлээд долоо хоногийн хугацаатай нэг дэх шатны санал асуулгыг явуулахаар бэлтгэл хангаж байна.
Энэ долоо хоногийн санал асуулга явуулж эхлэхтэй зэрэгцээд УИХ, болон ЗГХЭГ-аас аймаг бүрт чиглэл хүргүүлж буй. Энэ нь иргэдийг зөвлөлдөх зөвлөлд идэвхтэй оролцуулах талаар чиглэл хүргүүлсэн. Мөн мэдээлэл цуглуулах санал асуух хугацаанд мэдээллэл цуглуулж буй төрийн албан хаагч, ажилчдын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарал хандуулах ёстой. Хамгийн гол бэрхшээл юун дээр гарж болох уу гэвэл, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар хоёр үе шаттай санал асуулга зохион байгуулахаар заасан. Хоёрдугаар шатанд эхний ээлжид хамрагдсан 1570 хүний 50-иас доошгүй хувь нь Улаанбаатар хотод, төрийн ордны их танхимд ирж оролцох ёстой. Эдгээр оролцох иргэний тоог 50-иас доошгүй хувьтай бүрдүүлэх нь маш том сорилт юм. Иймээс аймаг, нийслэл, тухайн засаг захиргааны нэгжийг уриалах, санал асуулгад оролцож буй иргэдийг Улаанбаатарт ирж оролцоогоо хангах талаас нь уриалга явуулах ажлыг орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтарч явуулахыг ЗГХЭГ-аас урилга хүргүүлж байгаа.
-Хоёр дахь шатны санал асуулгыг хэзээ зохион байгуулах вэ?
-Нэг дэх шатны санал асуулга энэ Пүрэв гаригт дуусч, хоёрдугаар сарын 13,14-ны өдөр хоёр дахь шатны санал асуулгыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулна.
ҮСХ нь тоон үзүүлэлтийг Зөвлөлдөх зөвлөлд танилцуулах үүрэгтэй. Зөвлөлдөх зөвлөл эндээс гарсан тоон үзүүлэлттэй танилцаад шийдвэр гаргах этгээд буюу энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгыг санаачилсан УИХ-д зөвлөмж хүргүүлнэ.
-Түүвэрлэх аргын талаар та тайлбарлаж болох уу. Эдгээр 1570 иргэнд ямарваа нэгэн улс төрийн нөлөөлөл орохгүй гэх баталгаа байна уу?
-Түүвэрлэх арга гэдэг нь энгийн санамсаргүй арга юм. Хот хөдөөгийн тэнцвэртэй байдал, оролцоог хангах зарчмаар сонгогдоно. Нөлөөлөл орох боломж байхгүй. Зөвлөлдөх зөвлөл хяналт тавьж байна. Санал асуулга яваад ирэхээр энд оролцож буй иргэдээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөлөөлсөн үү гэдэг талаар тодруулж болох байх. ҮСХ хуулиараа хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн Зөвлөлдөх зөвлөл хараат бусаар бие дааж ажиллаж байгаа. Бүх шатанд бид эрдэмтэн судлаач болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангах байр суурьтай явж байна.
Холбоотой мэдээ