Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хойшилжээ. Тодруулбал, Тээврийн Прокурорын газраас Ч.Маралмаад холбогдуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас бусдад хүндэвтэр хохирол болон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 11.00 цагт товлосон бөгөөд шүүгдэгч Ч.Маралмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөсөө татгалзаж, цаашид шүүх хуралдаанд өөр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2023.01.11/ болж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 24-нд товлосон юм. Тухайн үед хохирогч охины аав "Одоо ярих юм алга. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа мэдээлэл өгье. Охины маань шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэдгээрээ батлагдсан. Охины хөлийн шарх анисан. Харах үзэмжний хувьд онгорхой, үрчийгээд муухай болсон" гэдгийг хэлж байв.
Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн сард хилийн хориг тавьсан.
Хохирогчийн өмгөөлөгчийн мэдээлснээр, шүүх хуралд хоёр хохирогчийн өмгөөлөгч, Ч.Маралмаа нар оролцсон бөгөөд прокурор нь солигдсон гэв.
Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан. Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буйг албаныхан мэдээлсэн.
Холбоотой мэдээ