Хэрвээ та 27 нас хүрээгүй бол, энэ зун Франц-Германы хооронд аялахаар зэхэж байгаа бол та азтай юм. Хоёр улсын Тээврийн сайд Клемент Бон, Волкер Виссинг нар Ням гаригт залуучуудад зориулан үнэгүй аяллын 60 мянган тасалбар олгох болсноо мэдэгдлээ. "Елисейн гэрээний 60 жилийн ойг тохиолдуулан 60 мянган тасалбарыг үнэ төлбөргүй олгоно. Дэлгэрэнгүй нөхцөл удахгүй тодорхой болно" гэж тэд хамтарсан мэдэгдэл хийв.
Энэхүү санаачилгын зорилго нь Франц, Германы хоорондын аялал жуулчлалыг дэмжих, соёлын солилцоог бий болгох явдал юм. Түүнчлэн илүү олон хүн галт тэргэнд сууснаар цаг уурын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлттай нь нийцнэ гэж Францын сайд хэлжээ. Дээр дурдсанчлан, эл санаачилга зөвхөн 27-оос доош насныханд хүчинтэй бөгөөд тасалбарын эздийг сугалаагаар тодруулна. Хэрхэн хүсэлт гаргах тухай дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
Хоёр улсын үндэсний төмөр замын "Deutsche Bahn", "SNCF" компаниуд уг санаачилгыг санхүүжүүлнэ. Тасалбарын талыг Францад, талыг Германд тараах юм. Залуус энэ тасалбараараа зөвхөн Франц-Германы хооронд бус өөр улс руу ч аялаж болох юм байна.
Парис, Берлин хооронд 2024 оноос галт тэрэгний шинэ чиглэл ашиглалтад орох талаар сайдууд мэдэгдлээ. Одоогоор хоёр нийслэлийн хооронд шууд аялал байдаггүй, Кельн юм уу Франкфуртаар дамждаг аж. Шинэ чиглэл ашиглалтад орсноор зорчигчид долоон цагийн дотор зорьсон газартаа хүрнэ. Түүнчлэн энэ оны сүүлээр хотуудыг холбосон шөнийн галт тэрэгний үйлчилгээ эхлэх юм байна.
Эх сурвалж: EURONEWS