Газрын теннисний Австралийн Нээлттэй тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр/2023.01.24/ эхлэх гэж байна. Тэмцээний 18 дугаарт эрэмблэгдсэн ОХУ-ын тамирчин Карен Хачанов өмнөх тойрогт Японы Ёшихито Нишиокаг гурван сэтэнд хожиж шөвгийн наймд АНУ-ын Себастъян Кордатай оноолт таарав. 29 дүгээрт эрэмблэгдсэн С.Корда өмнөх тойрогт Польшийн аравдугаарт эрэмблэгдсэн Хүберт Хүркашыг таван сэтэнд хожсон бөгөөд түүний өмнө ОХУ-ын Даниил Медведевийг гурван сэтэнд хожиж шуугиан тарьсан юм.
Тус тэмцээнд үлдсэн тоглогчид дундаас хамгийн өндөр эрэмбэтэй нь болох Грекийн Стефанос Циципасын өрсөлдөгч нь Чехийн Жири Лехечка байх юм. Циципас өмнөх тойрогт Италийн Яник Синнерийг таван сэтэнд хожсон бөгөөд тус тоглолт дөрвөн цаг үргэлжилсэн. Лехечка нь өмнөх тойрогт Канадын Феликс Оже Алиассимийг дөрвөн сэтэнд хожсон.
Австралийн Нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд хамгийн олон удаа аваргалсан Сербийн домогт Новак Жокович шөвгийн наймд ОХУ-ын Андрей Рублёвтой тоглоно. Австралийн Алекс Диминуарыг Жокович өмнөх тойрогт гурван сэтэнд төвөггүй хожсон бол Рублёв өмнөх тойрогт Данийн Холгер Рүүнийг таван сэтэнд хожсон юм.
Шөвгийн наймд үлдсэн АНУ-ын эрэгтэй тамирчид хоорондоо учраа таарсан нь Томми Пол болон Бэн Шелтон нар юм. Шелтон өмнөх тойрогт мөн л өөрийн орны Жэй Жэй Вольфыг таван сэтэнд хожсон бол Полын хувьд Испанийн Роберто Баутиста Агутыг дөрвөн сэтэнд хожсон билээ.
Эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлэх өндөр хүлээлттэй байсан Польшийн Ига Швиантекийг Казахстаны тамирчин Елена Рыбакина хожиж тэмцээний ээлжит шуугианыг тарьсан бол түүний шөвгийн наймын учраа нь Латвийн Елена Остапенко байх юм. Остапенко өмнөх тойрогт АНУ-ын залуу тамирчин Коко Гауфыг гурван сэтэнд хожсон.
Тэмцээний гуравдугаарт эрэмблэгдсэн АНУ-ын Жессика Пегула шөвгийн наймд Беларусын Виктория Азаренкатай тоглоно. Пегула өмнөх тойрогт 20 дугаарт эрэмблэгдсэн Чехийн Барбора Крежиковаг хожсон бол Азаренка өмнөх тойрогт БНХАУ-ын тамирчин Лин Жүг хожсон.
30 дугаарт эрэмблэгдсэн Чехийн Каролина Плишкова Польшийн Магда Линеттэй оноолт таарав. Плишкова өмнөх тойрогт БНХАУ-ын Шуай Жангийг хожсон бол Линетт нь Францын Каролин Гарсияг хожсон. Беларусын Арина Сабаленка Хорватын Донна Векичтэй шөвгийн наймд учраа таарав. Швейцарын Белинда Бенчичийг Сабаленка хожиж шөвгийн наймд шалгараад байгаа бол Чехийн Линда Фрухвиртоваг өмнөх тойрогтоо Векич хожиж шөвгийн наймд тус тус шалгараад байна.
Холбоотой мэдээ