Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

76:1
МАН-ын нүүрсчин

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвшиж, сонгогдсон  Нанзадын Наранбаатарыг танилцуулж байна.


Эрх барьж буй МАН-аас нүүрсний хэргээр шалгагдаж эхэлсэн таван гишүүний нэг нь Н.Наранбаатар юм.

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нүүрсний хэрэгт холбогдуулан, албан тушаалтнуудын нэрийг зарласны дараа УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Жагсагчид нүүрсний хулгайч нарын нэрийг зарла гэж шаардахаар бид хэдийн нэрийг хаясан байх. Жинхэнэ хулгайч нараа далдлахын тулд бид хэдийг хаяж өглөө” гэх тайлбар хийсэн ч АТГ-аас түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэр, оффист нэгжлэг хийсэн юм.

АТГ-аас нүүрсний хэрэгт холбоотой албан тушаалтнуудын нэрийг зарласны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ "Хууль хяналтын байгууллагаас зарласан нэрийг би яаж мэдэх вэ. Нөлөөлж нэр өгч хэлүүлээгүй. Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хуулийн байгууллагын шаардлагын дагуу нэр нь дурдагдсан гишүүд шалгуулчих. Нүүрсний хулгайтай тэмцэх ажлаас ухрахгүй” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг.  Гэвч тэрбээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэн шалгуулаагүй л байна.

Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон түүнийг “Эрхэт Монгол” группын ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяртай халаас нэгтэй ч гэж ярих нь бий. Энэ сэжим нь нүүрсний асуудлаар шалгуулах үндэслэл ч болсон байхыг үгүйсгэх аргагүй ч зарим хэвлэлд "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарын мэдүүлгээр түүнийг шалгах шаардлага үүссэн тухай мэдээлээд буй. Тиймээс МАН-ын золиосны хүн болж, нүүрсний хэрэгт нэр цохогдсон уу, үнэхээр шалгуулахаас аргагүй хамааралтай хүн байв уу гэдэг нь хуулийн байгууллагынхны шалгалтаас л тодорхой болно.

Тэрбээр нүүрсний хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн гишүүний хамтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм.

Уг тогтоолд компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдлыг хангах, компанийн хувьцааны эзэмшил, мэдээллийн ил тод, нээлттэй байдлаар дамжуулан олон нийтийн хяналтыг бий болгож, зах зээлд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдийн хяналтад оруулах, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээг нэмэгдүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх зэрэг асуудлыг тусгасан юм.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь эдийн засагч мэргэжилтэй, Цэргийн их сургуулийг төгссөн. Ажлын гараагаа Цэргийн их сургуульд багшилснаар эхлүүлж байсан.

Хувийн бизнесгүй, төрд голчлон ажилласаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон намтартай.

АТГ-аас гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээр өөрийнх нь жилийн орлого 32 сая 196 мянга бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 19 сая 387 мянга. 542 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн эзэмшлийн хоёр орон сууцтай, нэг зуслангийн байшин, хоёр авто машины зогсоолтой.

74 сая төгрөгөөр үнэлэгдэх “Honda Logo” “Hyundai Sonata V” маркийн автомашинтай. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг адуутай, 72 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 82 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, “Сэрсэн говь” ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.

Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нөөц сангаасаа хөрөнгө гаргаж, гадаадад зугаалсан гэдэг хэл аманд орж явсны зэрэгцээ нэг тэрбум 390 саяар айл өрхүүдийн хашаа будах тендер зарлаж, үр ашиггүй зардал гаргасан гэдэг шүүмжлэлд өртсөн.

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, Л.Энхболд нарт МАН 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарласнаар Н.Наранбаатарт боломж ирж, сонгогчид нь итгэл хүлээлгэсэн ч нүүрсний хулгай гэх том хэрэгт нэр холбогдоод байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
  • 1996 онд Цэргийн их сургууль, эдийн засагч, нягтлан бодогч
  • 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургууль, эдийн засгийн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1996-1998 онд Цэргийн их сургуульд багш
  • 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн
  • 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга
  • 2004-2009 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга
  • 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2018 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • 2019 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж