“Монгол Хойд Солонгосоос ялгаагүй болох гэж байна”

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

“Монгол Хойд Солонгосоос ялгаагүй болох гэж байна”

“Монгол Хойд Солонгосоос ялгаагүй болох гэж байна”

Хуульч О.Батхүүтэй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар  ярилцлаа.


-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг эрх баригчид хоёрхон өдөр хэлэлцээд баталлаа. Эрх баригчид тайлбарлахдаа хүний эрхийг хамгаалах хууль болсон гэх. Эсрэгээрээ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан, хүний эрхийг боомилсон хууль боллоо гэж шүүмжилж байна?

-Энэ хуулийн төсөл батлагдах процессын хувьд хууль зөрчиж орж ирсэн. Хууль тогтоомжийн тухай хууль гэж байдаг.  Уг хуульд хуулийг батлахын тулд ямар процессоор явах уу, яаж хэлэлцүүлэх үү, ямар байдлаар батлуулах уу гэдгийг тусгаж өгсөн. Гэтэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль гурав хоногийн дотор батлагдлаа. Хууль тогтоомжийн хуулийн дагуу эхлээд олон нийтэд танилцуулах ёстой. Дараа нь санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулах байдлаар үр нөлөөний судалгаа бусад тооцоо судалгааг хийж байж дараа нь УИХ-руу өргөн баригдах ёстой. Гэтэл хэн ч мэдээгүй байхад ийм хууль орж ирээд гэрлийн хурдаар батлагдчихлаа. Энэ хуулийг яагаад батлах ёстой вэ гэдэг үндэслэлээ тайлбарлахдаа хүүхдийн талаар яриад байгаа. Хүүхэд онлайн орчинд хохирч, хүчирхийллийн золиос болж, бэлгийн мөлжлөгт автаж, дээрэлхүүлж байна гэхчилэн гоё тайлбарлаж байна л даа.

Хуулийн төслийг үзэхээр хүүхэдтэй холбоотой заалт 30 хувийг эзэлж байна.

Хууль санаачлагчийн зүгээс УИХ-ын чуулганд тайлбар хэлэхдээ хүүхдийн талаар огт ярихгүй, сошиал тролл, нэр нүүрээ нуусан хаяг гэх мэт өөр юм яриад байгаа юм. Хүүхдийн эрхийг хамгаалах, сошиал орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг зохицуулах хуультай. Энэ нь Эрүүгийн хуулиар зохицуулагддаг. Хоёрдугаарт, сошиал орчинд гарч буй гэмт хэргийг мөрдөх чиг үүрэг бүхий Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс буюу цагдаагийн бүтэн нэг хэлтэс байдаг. Гэтэл яагаад иргэний сошиал хаягийг арав хоногийн дотор хаах хуулийн төсөл оруулж ирснийг гайхаж байна.

-Энэ хуультай хамт Харилцаа холбооны хуульд өөрчлөлт оруулснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хумигдахаар байна?

-Үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө гэдэг бол хүний үндсэн эрх. Хүн аль улсад төрснөөс үл хамаараад эрхээ эдлэх ёстой. Улс орны Засгийн газрууд энэ эрхийг эдлүүлэх үүрэгтэй. Гэтэл шинэ хууль батлагдсанаар хязгаарлагдмал түвшинд очиж байна.

Яагаад гэвэл таны оруулж буй контент “зөрчилтэй” гэдэг тодорхойлолт авах юм бол таны аккаунт бүтнээрээ устах аюултай.

Энэ зөрчилтэй гэдгийг хэн тогтоох уу гэхээр олон нийтийн зөвлөл буюу Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх, сайдын тушаалаар байгуулагдсан зөвлөл бидний бичиж буй юмыг хянах нь. Гэхдээ зөвлөлийг инфлүүнзэрүүдээс бүрдүүлнэ гэж байна. Гэтэл манай инфлүүнзэрүүд шударга байж чадах уу. Хүний эрхийг үнэлж, цэгнэх мэдлэг чадвартай хүмүүс мөн үү, гэвэл үгүй шүү дээ. Өнгөрсөн сонгуулиар олны танил хүмүүс нэг л хүнийг дэмжсэн. Гэтэл сонгууль дууссаны дараа “Бид яг энэ хүнийг үнэнгээсээ дэмжээгүй юм. Мөнгө өгсөн учраас сонгуулийн сурталчилгаанд нь явсан” гэдэг ийм "хямдхан" хүмүүс хүний үзэл бодлыг хуульд нийцсэн байна уу үгүй юу гэдгийг үзэх нь л дээ. Фейсбүүкийн зүгээс Монголын төрийн байгууллагаас ирүүлж буй ийм хүсэлтийг хүлээн авах нь ойлгомжтой. Тэгээд л хүлээж аваад хаягийг нь хаагаад, постыг нь устгаад явах нөхцөл байдал руу орж байна.

-Бусад улс орны жишгүүдийн талаар юу хэлэх вэ?

-Туркийн ерөнхийлөгч Эрдагон сонгуулийн өмнө яг манайх шиг адилхан хууль баталсан байсан. Өөрөөр хэлбэл, өөрийг нь шүүмжилдэг, өөртэй нь санал нийлдэггүй хүмүүсийн аккаунтыг нь хаа гэдэг. ОХУ-д бол ойлгомжтой. Дайн гарсантай холбогдуулаад сошиал аккаунтыг хянадаг шалгадаг болсон. Хамгийн ноцтой нь Харилцаа холбооны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт юм. Үүнд, ноцтой нөхцөл байдал үүсвэл эсвэл үүсч болзошгүй гэж үзвэл хууль зүй дотоод хэргийн сайдын саналыг үндэслээд харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах ийм боломж үүссэн.

Харилцаа холбооны хэрэгсэл гэдэгт гар утасны сүлжээг унагаж, фейсбүүк, твиттерийг шууд хаах юм.

-Тэгэхээр энэ хуулийн хүрээнд  үймээн дэгдвэл иргэдийн сүлжээ, сошиалыг хаах улмаар  онц байдал тогтоох нь юм байна гэж ойлголоо? 

-Өвлийн жагсаал болоход онц байдал зарлахаар шахлаа шүү дээ. УИХ дэмжээгүй. Хэрвээ энэ хуулийн дагуу ямар нэг байдлаар онц байдал тогтоох юм бол бидний фэйсбүүкт орох эрх хаагдах болчихож байна. Гэтэл жагсаал цуглааны үеэр талбай дээрээс хэн шууд сурвалжлага явуулж байсан юм. Телевизүүд байгаагүй, үндэсний телевиз шууд дамжуулаагүй. Гэтэл иргэд фэйсбүүк лайваараа үзэл бодлоо илэрхийлээд оролцож, мэдээлэл өгч байсан. Энийг хаачихаар бид Хойд Солонгосоос ялгаагүй болж байна гэсэн үг. Хүмүүс уур бухимдлаа фэйсбүүкээр илэрхийлж байхгүй бол бослого гаргахаас өөр сонголтгүй болж байна.

Гудамжинд уурлаж бухимдсан олон иргэн гараад ирвэл жинхэнэ онц аюултай байдал үүсэх байдал руу хөтөлж магадгүй.

Бид хэд уурлаад бичээд байгаа нь бухимдлаа тодорхой хэмжээнд гаргачихаж байгаа шүү дээ. Яагаад хаах гээд байгааг нь ойлгохгүй байна.

-Н.Учрал сайдын хэлж буйгаар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаагаагүй. Нэр усгүй "хүн хог"-нуудтай тэмцэж байгаа гэсэн?

-Ямар ч хуулийг батлахдаа эхлээд өөр юм ярьдаг шүү дээ. Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль байна. Энэ хуульд хүн бүр жагсах эрхтэй, энэ хууль Үндсэн хуульд заасан эрхийг хамгаалахын тулд гарч буй хууль гэдэг. Гэсэн мөртлөө жагсч цуглахад заавал зөвшөөрөл авдаг биз дээ. Би таныг эсэргүүцэх гэсэн юм аа, надад зөвшөөрөл өгөөч гэхээр өгдөггүй. Яг тэрэн шиг энэ хуулийг батлахдаа хүний эрх, хүүхдийн эрх аюулгүй байдал, сошиал тролл гэх мэт гоё юм яриад байгаа боловч амьдрал дээр энэ хуулийг нөгөө талаар нь ашиглах өөртэй нь санал нийлдэггүй, өөрийг нь шүүмжилдэг, жагсаал цуглаан зохион байгуулах талаар уриалж буй хүний хаягийг хаах эрх олгогдож байгаа юм.

Фэйсбүүк, твиттерт хүчирхийлэл, садар самуун, хууль бус зүйлийг уриалсан постуудыг репорт хийж устгадаг.

Яагаад ингэж тусдаа хууль гаргаж, гаргахдаа гурав хоногийн дотор баталж, яаралтайгаар хэлэлцэх ямар хэрэг байгаа юм. Манай улсад өөр тулгамдсан асуудал зөндөө л байна шүү дээ.

-Олон нийт эсэргүүцсэн ч хууль батлагдчихлаа. Цаашдаа хүчингүй болгох талаас нь ямар гарц гаргалгаа байна вэ?

-Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгчид МНСЭ-ээс шаардлага хүсэлт хүргүүлсэн гэж ойлгосон. Онлайн аргаар гарын үсэг цуглуулж байгаа гэсэн. Нэгэнт батлагдсан хуулийг яах вэ гэхээр Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй.

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах юм бол энэ хууль хүчингүй болно.

Үүний дараа нь Үндсэн хуулийн Цэцэд өгөх ёстой болж байгаа юм. АНУ-ын нэг жишээ хэлэхэд, сенат Марк Зукербергийг дуудаж асуусан. Гэхдээ агуулга нь “Нөхөр минь танай флатморм дээр хүмүүс үэзл бодлоо илэрхийлж байхад танайх яагаад устгаад байгаа юм. Чи хүний эрхэнд халдаж байна, наадахаа болиорой” гэдэг агуулгаар нь АНУ-ын хууль тогтоогчид шүүмжилсэн байна. Манайх болохоор фэйсбүүктэй нийлж байгаад хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө постыг нь устгуулах чиглэлд явж байна. Ер нь хуулийн суурь харилцаа буруу байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж