Сурвалжлага: Хэвийн боовны дундаж үнэ 5500 төгрөг

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хэвийн боовны дундаж үнэ 5500 төгрөг

Сурвалжлага: Хэвийн боовны дундаж үнэ 5500 төгрөг

Монголчууд сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Төгс буянтын зурхайгаар XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохиож буй. Сар шинийн баяраар идээний дээдээр ширээгээ чимж, эдийн дээдийг эдэлж, шинэ дээл хувцас өмсч, сайхан бүхнийг бэлгэшээн саар муухайг цээрлэж тэмдэглэдэг билээ. Монголчууд сар шинийн баяртаа сарын өмнөөс бэлдэж эхэлдэг.  Сар шинийн баярын бэлтгэлээ нэг дороос хангах  “Амар байна уу, 2023” үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” худалдааны төвд гарсан байна. Бид үзэсгэлэн худалдаа болон “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд зарагдаж буй сар шинийн бүтээгдэхүүний үнийг харьцуулан сурвалжиллаа.

“Шинэ 100 айл” худалдааны төв гаднаа 2000 машин зогсоолтой нь хотын төвийн бусад газруудаас давуу санагдав.  Худалдан авагчид дэлгүүр орохын тулд авто машины зогсоол олох гэж багагүй бухимдаж, ажил болдог. Хотын төвөөр байхгүй, өвөрмөц шийдлээр худалдааны төв сүндэрлэн босчээ. Худалдааны төвийн голын хаалган дээр “Амар байна уу, 2023” үзэсгэлэн худалдаа гэсэн бичиг харагдана. Тухайн хэсгээр ороход олон цагаан асар зассан байв.  Асарт мах, махан бүтээгдэхүүн, ууц зарагдах аж. Цагаан асруудаас цааш зүүн тийш явж хоёр давхрын шатаар дээш ороход түм түжигнэж, бум бужигнасан орчин угтав.

"ААРУУЛААР ТАВАГ ЗАСАХАД 200-250 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО"

Хотынхонд  хольцгүй жинхэнэ аарц сүүгээр хийсэн ааруул,  идээ олно гэдэг  амаргүй болсон. Тэгвэл эндээс хүссэн аймгийн худалдаачныхаа ааруул цагаан идээг сонгон амтлаад, шинжилгээний бичгийг нь харж худалдан авалт хийх боломжтой юм байна. Иргэд хэвийн боовоор таваг засах хэвшмэл ойлголтыг халж ааруул цагаан идээгээр таваг засах нь элбэг болсон. Ааруулын хувьд хэлбэр хийц, ямаа болон үхрийн сүүгээр хийснээс  хамаарч нэг килограмм нь 20-35 мянган төгрөгийн үнэтэй байв.

Цагаан идээний тасагт худалдаа эрхэлж буй бор царайтай цэнхэр цамцтай 40 орчим насны  эмэгтэй Архангай аймгийн Чулуут сумаас ирсэн гэнэ. Тэрбээр “12 төрлийн цагаан идээ бэлтгэн ирлээ. Цагаан идээгээ 18-28 мянган төгрөгөөр зарж байна. Хорхой ааруул 18 мянган төгрөг бол түүний сүүний хурууд 28 мянган төгрөг байгаа. Дан ааруулаар таваг засах хүсэлтэй иргэддээ зориулан гурван төрлөөр гаргасан. Үнийн хувьд хэдэн үе засах ааруулын том жижгээс хамаарч янз бүр.  Ааруулаар таваар таван үе бүрэн таваг засалт 200-250 мянган төгрөг болно“ гэлээ.

Тус худалдааны төвийн цагаан идээний тасгаар үйлчлүүлж буй иргэн Г.Оюунтуул “Одоо бусад зах худалдааны төвөөс ааруул авахаар гурил бужигнасан ааруул байдаг. Энд байгаа ааруул хөдөөгөөс ирсэн учир амт чанарын хувьд тааламжтай жинхэнэ оригинал байна. Үнийн хувьд ч боломжийн санагдаж байна“ гэсэн юм.

ХЭВИЙН БООВ ШИРХЭГ НЬ 4000-5500 ТӨГРӨГ

Шар тос нь үнэртсэн шаргал өнгийн янз бүрийн зүсэлттэй хэвийн боовнууд харагдана. Хэвийн боов  найрлага, хэв хийцээс хамаарч ширхэг нь 4-5 мянган төгрөгийн хооронд байв. Харин еэвэн гурван ширхгээрээ 25-30 мянган төгрөгийн хооронд байна.  Тавгийн оройд тавих самрын үнэ 8-12 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Тус тасгийн худалдаачид  иргэд ирж үзээд сонирхоод явж байна. Сар шинэ ойртохоор худалан авалт сайжирдаг" гэсэн юм

“ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСЭН ИРГЭН БҮРД НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОНО”

Тус худалдааг зохион байгуулагч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын хэлтсийн дарга Л.Цолмонтуяа “Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Амар байна уу, 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг санаачилсан. Тус үзэсгэлэн худалдааг “Шинэ 100 айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл буюу нэг сарын хугацаатай зохион байгуулах юм. Үндэсний хувцас, гарын бэлэг, хүнсний бүтээгдэхүүн гэсэн нийт 21 аймаг 9 дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зорин ирээд байна. Шинэ 100 айл худалдааны төв нь 2000 машины зогсоолтой үзэсгэлэн худалдаан зориулан таван чиглэлд 60 нийтийн тээврээр үйлчилгээ үзүүлж байна. Энэ төвд 1000 хот хөдөө нийлсэн 1000 жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Худалдаа үйлдвэрлэл үзүүлж байгаа хүмүүс ямар нэгэн түрээс төлөхгүй. Тиймээс хамгийн хямдаар бараагаа зарах зарчмыг мөрдлөг болгож байгаа. Худалдан авалт хийсэн иргэн бүрд НӨАТ-ын баримт олгоно” гэлээ.

“АЛТЖИН БӨМБӨГӨР” ХУДАЛДААНЫ ТӨВД САР ШИНИЙН БАРАА ГАРААГҮЙ БАЙНА

Бусад зах худалдааны төвөөр ааруул хэвийн боовны үнэ ханш ямар байгааг харьцуулахаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Тус худалдааны төв сар шинийн баярын ямар ч уур амьсгалгүй, жирийн өдрүүдийн адил гурил, ургамлын тосоо авсан иргэд явж харагдана. Сар шинийн баярын хэвийн боов, ааруул зарах лангуу ч цөөхөн.Иргэдийн хувьд ч баярт зориулан бараа бүтээгдэхүүн авахаас илүүтэй үнэ ханшийг нь сонирхоод явах нь элбэг байна.

“Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн цагаан идээний тасгийн наймаачин Э. Бүдээ хэлэхдээ, “Хүмүүс ихэвчлэн хагас саран хэвийн боов шиг хэлбэртэй ааруулыг сонирхож байна. Гурван ааруулаар гурван үе засаад, хорхой болон бусад жижиг ааруулын өөрийн дураар сонгон авахад 120 мянган төгрөгөнд бүрэн таваг бий болдог. Харин таван үеэр таваг засахад 300 мянган төгрөг болно” гэсэн юм.

Харин тус худалдааны төвөөр зарагдаж байгаа хэвийн боов олон сонголтгүй харагдана. Хэвийн боовны үнийн хувьд ширхэг нь 4-6 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Тус тасгийн худалдаачид иргэд хүнсний бүтээгдэхүүнээ сар шинийн баяр эхлэхээс 10 хоногийн өмнө авдаг тул одоогоор олон худалдаа гараагүй байгаа гэсэн юм.

Ширхэг хэвийн боовны дундаж үнэ 2017-2019 онуудад 2300 төгрөг байжээ. 2020-2021 оны дундаж үнэ 3500 байсан бол 2022-2023 оны дундаж үнэ 5500 төгрөг болж өмнөх онуудаас 1.5-2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж