ДУУЛИАН: Ц.Хулан баривчлагдаж, Х.Нурлат суллагдав

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

ДУУЛИАН: Ц.Хулан баривчлагдаж, Х.Нурлат суллагдав

Нийгэмд дуулиан болж буй хуулийн байгууллагын баривчилгаануудыг тоймлон хүргэж байна.


ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ Ц.ХУЛАНГ НЭГ САР ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 461 дүгээр хорих ангид 48 цаг саатуулсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг /2023.01.19/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түр хойшлуулсан. Татгалзлыг Ерөнхий шүүгч хүлээж аваагүй шүүх хурал болж, түүнийг нэг сар хорихоор болсон юм.

Энэхүү баривчилгааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ "Энэ асуудлаар ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдсон. Яруу найрагч Ц.Хуланг баривчилсан асуудлыг тодруулахад манай харъяаллын хэрэг дээр шалгах шаардлага үүссэн тул баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн" гэв. Ц.Хуланг 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилж байв.

Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.


Ш.ЭРДЭНЭЖАРГАЛ, Б.НАРАНХҮҮ М.ДӨЛГӨӨН НАРЫГ СААТУУЛСАН

Хуулийн байгууллагаас Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү М.Дөлгөөн нарын гурван хүнийг 48 цагаар цагдан хорих байранд саатуулсан. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-нд хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор бөмбөлөг тээвэр үүсгэх шаардлагагүй байхад бөмбөлөг үүсгэж, нүүрс тээврийн компаниудад хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан гэж мэдээлсэн.

Бөмбөлөг тээвэр үүсгэх шийдвэрийг Хилийн боомтын сэргэлтийн үндэсний хорооноос гаргадаг байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү нар нь энэ шийдвэрийг нь гүйцэтгэх түвшний мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш гэдгийг хэлж байв.


Р.СЭДДОРЖИЙГ ХИЛЭЭР ГАРЧ, ГЭРЧҮҮДТЭЙ УУЛЗАХЫГ ХОРИГЛОВ

Авлигатай тэмцэх газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Эдгээр албан тушаалтны нэг Өмнөговь аймгийн Засаг дарга ажилтай Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хоригложээ.

Яллагдагч Р.Сэддоржийн хувьд “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдол гаргасан ч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ын дарга ажилтай Б.Түвшинбаяр, “Тавантолгой” ХК-ны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг шийдвэрлэтэл тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн.

Одоо яллагдагч Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалын ажиллагаа үргэлжилж байна.


Х.НУРЛАТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР СУЛЛАВ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон. Тэгвэл түүнийг нэг сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэдгийг шүүхээс мэдээлсэн.

Х.Нурлатыг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татсан. Тодруулбал, "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлат гэх хүний хамаарал бүхий компани Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явж байна" гэсэн мэдээллийг өгч байв.


ХНХ-ЫН САЙД Т.АЮУРСАЙХАНЫ ТУСЛАХЫГ СААТУУЛСАН

Авлигатай тэмцэх газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан И.Даваадоржийг нэгдүгээр сарын 10-нд саатуулсан. Түүнийг нүүрсний хэрэгтэй холбогдуулан саатуулсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Ишравжаагийн Даваадорж нь 2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр И.Даваадорж нь Ар гүнт, Арцатын аманд хаус хорооллын хоёр том төсөл эхлүүлээд байгаа гэнэ.


С.БАТДӨЛИЙГ НЭГ САР ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр  саатуулж, 48 цаг хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг /2023.01.09/ нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.

Уг хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж