Өмнөдийг заналхийлэх Хойд Солонгосын шинэ арга

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

Өмнөдийг заналхийлэх Хойд Солонгосын шинэ арга

Умардын тусгай хүчний 31 цэрэг 1968 оны нэгдүгээр сарын 17-ны шөнө дундаас өмнөхөн хоёр Солонгосын цэрэггүй бүс дагуух төмөр хашлагыг нэвтлэн Өмнөд рүү нэвтэрч орж ирсэн. Тэднийг хууль бусаар хил нэвтрэх үед Өмнөд Солонгосын арми илрүүлж чадаагүй. 124 дүгээр тусгай ангийн бүрэлдэхүүнд багтдаг тус багийн гол зорилго нь тухайн үеийн БНСУ-ын ерөнхийлөгч Пак Чун Хиг хөнөөх байлаа. Төлөвлөгөөний дагуу тэд Сөүл хотын Жонгно дүүрэгт байрлах Хөх ордон руу нууцаар нэвтрэх ёстой байсан ч зорилтот цэгээс 300 гаруй метрийн зайд бүх зүйл бүтэлгүйтжээ.

БУЦАЛЖ БУЙ ХАЛУУН ЦЭГ

Солонгосын хойгийн хурцадмал байдал 1968 оны нэгдүгээр сард чинээндээ тулаад байсан юм. АНУ болон Өмнөд Солонгосын арми Вьетнамын дайнд улам бүр анхаарлаа хандуулж байсан бол Умардын удирдагч Ким Ил Сун эсрэгээрээ Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй гэдгийг дэлхий дахинд сануулахаар шийджээ.

Хоёр Солонгосын цэрэггүй бүсийн дагуух хүчирхийллийн хэрэг 1966 онд 42 байсан бол 1967 онд 360 болж нэмэгдсэн. Хохирогчдын 63 нь АНУ, Өмнөд Солонгосын цэргийн албан хаагчид байсан ба 190 гаруй хүн шархаджээ. Түүнчлэн 100-аас доошгүй удаа гал түймэр гарсан байна.

Хойд Солонгосын тагнуулууд болон цэргүүд цэрэггүй бүс юм уу далайгаар дамжин Өмнөд рүү нэвтрэн орох нь нэмэгдсээр байсан. Тэдний гол зорилго нь Өмнөд Солонгосын алслагдсан өндөрлөгт партизаны лагерь байгуулах явдал байжээ. Гэхдээ энэ оролдлогуудын дийлэнх нь амжилтгүй болсон. 1967 оны намар гэхэд Өмнөдийн Аюулгүй байдлын албаныхан 130 хил зөрчигчийг илрүүлэн хороож, 43 хүнийг баривчилсан байна.

Тухайн үед 124 дүгээр тусгай ангийнхан Хойд Солонгост бэлтгэлээ дуусгаж байжээ. Тэднийг хил нэвтрэлт, навигаци, гардан тулаан, партизаны дайн гэх мэт нэн аюултай бөгөөд хэцүү бэлтгэлд хамруулсан. Тухайлбал, бэлтгэл сургуулилалтын хүрээнд цэргүүд тэсгим хүйтэнд 30 кг орчим хүнд ачаа бариад, хэдэн арван км газар гүйдэг байжээ. Хүйтнээс болоод тэдний зарим нь хөл, гарын хуруугаа хөлдөөж, тайруулж байсан. Түүнчлэн булш ухаж, цогцоснуудын дунд нуугдах бэлтгэл хийдэг байжээ.

Албан ёсоор даалгавартаа орохын өмнө 124 дүгээр ангийн цэргүүд Хөх ордны бүрэн хэмжээний макет руу халдах дасгал хийжээ.

ДАЙРАЛТ

31 цэрэг тус бүр нэг автомат буу, гар буу, 320 сум, 14 гранат, нэг хутга биедээ авч явжээ. Тэд Өмнөд Солонгосын цэргийн дүрэмт өмссөн байсан. Мөн шаардлагатай тохиолдолд өмсөх зориулалтаар энгийн иргэний хувцас ч авч явжээ. Тэд шөнө газар хороож, өдөр нь унтдаг байсан бөгөөд цагт 10 гаруй км зам туулдаг байв. Уулын замаар явж байхдаа мод огтлохоор явж байсан дөрвөн эрэгтэйг олзолжээ. Угтаа бол тэд гэрчийг өчиггүй устгах тушаалтай ч хөлдүү газарт булш ухах боломжгүй байсан. Тиймээс эцэстээ олонхийн саналаар олзны хүмүүсийг явуулсан байна.

Олзны хүмүүсээс эрх баригчдад мэдэгдэж болохгүй гэх ам өчиг авч байж явуулсан хэдий ч бодит байдал санаснаар болсонгүй. Олзны эрчүүд эрх баригчдад 31 цэргийн тухай мэдэгдсэнээр улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлав. Өмнөд Солонгосын олон мянган цэрэг, цагдаа хил зөрчигчдийг олохоор ажиллаж эхэллээ.

Ийнхүү Хойд Солонгосын тусгай ангийн цэргүүд явсаар нэгдүгээр сарын 21-ний 22:00 цагийн орчимд Хөх ордноос 300 гаруй метрийн зайд хүрчээ. Тэд шалган нэвтрүүлэх цэг рүү дөхөж ирэх үед гурван цагдаа тэднийг саатуулсан байна. Цагдаа нар тэднийг нэгжих шаардлага хүргүүлсэн. Гэвч нэгжлээ гэхэд Өмнөд Солонгос, АНУ-ын цэргүүдийн хэрэглэдэгээс ялгаатай Зөвлөлтөд үйлдвэрлэсэн зэвсэг гарч ирж, Хойд Солонгосын цэргүүдийг илчлэх байжээ. Тиймээс цэргүүд нэгжүүлэхийн оронд шууд гал нээснээр эмх замбараагүй байдал үүсэн, хоёр тал харилцан буудалжээ.

Нэгдүгээр сарын 29 гэхэд хоёр командлагчаас бусад нь амиа алдсан байв. Үлдсэн хоёр командлагчийн хувьд нэгийг нь Өмнөдийн тал олзолж чадсан бол нөгөөг нь нутагтаа буцаж чадсан гэж үздэг. Өмнөд Солонгост олзлогдсон Ким Шинжо иргэншил авсан бөгөөд одоо ч амьд сэрүүн байдаг. Харин нутагтаа буцаж чадсан Пак Жэ Ген нь улсынхаа армийн дөрвөн одтой генерал болжээ.

“USS Pueblo” нэртэй АНУ-ын тагнуулын хөлөг онгоцыг 1968 оны нэгдүгээр сарын 23-нд Хойд Солонгос хураан авснаар хурцадмал байдал маш хурдан дарагдсан. Энэ хөлөг онгоц одоо ч Пёньянд үзүүлэн маягаар байдаг.

ОРЧИН ЦАГИЙН ЗАНАЛХИЙЛЭЛ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хойд Солонгосын нисгэгчгүй онгоц БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлын Сөүл дэх оффисын ойролцоох нислэгийн хориотой бүсэд нэвтэрсэн юм. Энэ нь Өмнөд рүү ниссэн Хойд Солонгосын таван нисгэгчгүй онгоцны нэг бөгөөд сүүлийн таван жилд анх удаа ниссэн нь энэ юм. Нисгэгчгүй онгоцууд эх орондоо буцахаас өмнө Өмнөдийн нутаг дэвсгэрт таван цаг зарцуулсан нь зориуд зэвсэглэлээ хэрхэн өргөжүүлж байгаагаа харуулах зорилготой байсан гэж үзэж байна. Мөн энхийн гэрээ бус эвлэрлийн гэрээгээр дууссан одоо ч техникийн хувьд үргэлжилсээр байгаа гэсэн сануулга байв.

Хилийн зурваст 2014 онд Хойд Солонгосын нисгэгчгүй онгоц осолдсон тохиолдол гарч байсан ч тус онгоцны загвар, хүчин чадлыг санаа зовохуйц нарийн төвөгтэй эд гэж Өмнөдийн эрх баригчид үзээгүй. Харин 2017 онд осолдож, хилийн зурвасын ойролцоох уулнаас олдсон нисгэгчгүй онгоц 2014 оныхтой харьцуулахад хөдөлгүүрийн багтаамж, батерейны хүчин чадал нь даруй хоёр дахин илүү байжээ. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сард хил зөрчсөн нисгэгчгүй онгоууд нь 2017 оныхтой ижил хоёр метр орчим хэмжээтэй байсан ч техникийн хувьд илүү боловсронгуй эсэх нь бүрэн тодорхой болоогүй. Шинжээчид тус онгоцуудыг тагнуулын үүрэг гүйцэтгэхэд хэтэрхий жижигдэх ч зэвсэг тээвэрлэх юм уу нисэхийн үйл ажиллагааг тасалдуулж дөнгөхүйц хүчин чадалтай гэж дүгнэжээ. Мөн Өмнөдөөс олдсон дронуудын эд ангиудыг Хятад, Чех, Япон, Швейцарь, АНУ-аас импортолсон болохыг тогтоосон байна.

НҮБ-ын ажиглагчдын 2016 оны тайланд дурдсанаар Хойд Солонгост тагнуулын, дадлагын, байлдааны зэрэг янз бүрийн зориулалтын 300 орчим нисгэгчгүй онгоц байдаг. Тус улсын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн жил эрх баригч Хөдөлмөрийн намын хурал дээр 500 км зайд нисч чадах тагнуулын зориулалттай шинэ нисгэгчгүй онгоц бүтээхээ амласан. Эндээс харвал Хойд Солонгос дахин Цэнхэр ордон руу, цэрэггүй бүс рүү үхлийн баг илгээгээгүй ч Өмнөдийн удирдагчдыг заналхийлсээр байна гэж “Business insider” хуудас нийтэлжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж