Хүн биш хууль засаглав, Хууль нь МАН

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

Хүн биш хууль засаглав, Хууль нь МАН

Хүн биш хууль засаглав, Хууль нь МАН

АМ ҮДСҮГЭЙ

Үндсэн хуулийн эрхэм зорилгод “Монголын ард түмэн хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэнэ…” гэж тунхагласан атал өргөн барьсанаас нь хойш хоёрхон хоногийн дотор хуулийг яаралтай хэлэлцэж, баталж болдог гэдгийг яруу тодоор эрх баригчид харуулав. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр УИХ-ын дарга Г.Занданшатар баталсан хууль нь хүний эрх зөрчиж байгаа асуудал байвал хаврын чуулганаар засуулахыг сануулах нь тэр. Иргэний нийгмийн болоод холбогдох байгууллагын саналыг тусгалгүйгээр ийнхүү яаран шуурхайлсан нь иргэдийнхээ амыг барих гэсэн адгийн санаа гэхээс нэр, зүсээ нууцалсан троллуудаас ангижрах ариун үйлс гэх нь юу л бол. Цахим, хөгжил, харилцаа холбооны залуу сайд хөмхийгөө зуусаар хорсолтой нь аргагүй дайрч, өөрийг нь шүүмжилсэн хүн болгоныг тролл болгон доромжилсоор захиалгаа гүйцэлдүүлэв. Иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ийнхүү хуулиар хулгай хийв. Төрийн эрх мэдлийг зузаатгаж, төрийн нэрээр дээрэм, тонуул хийж, хувийн өмчийг үгүйсгэх удаа дараагийн үйлдэл хийн барьцаа ахиулсаар ирсэн тэд “улны” гэх биднийгээ хүний эрхийн талаар ямар дульмаг мэдлэгтэй болохыг судалгаагаар тогтоогоод ийнхүү барьцаа ахиулав. Сөрөг хүчин эл асуудлаар завсарлага авах гээд чадсангүй. Өөрсдийгөө баруунтнууд гэдэг АН-д ч хүний эрх чөлөөний талаар дутуу хагас ойлголттой, тун чиг базаахгүй хүмүүс 90 хувийг эзэлж буй талаар ардчилсан хувьсгалд оройлон оролцогчдын нэг Д.Сосорбарам шогширчээ…

Долоон хүүхэдтэй болсноо гайхсан сайд цахим бүртгэлд анхаарлаа хандуулахын оронд өөрсдийг нь элэглэсэн, шүүмжилсэн, хардсан иргэдийн амыг ийнхүү барив.

Одоо ялиг шалихгүй зүйлсээр иргэдийг торгох, эсэргүүцэл, шүүмжлэл өрнөвөл үндэсний аюулгүй байдал нэрээр мэдээлэл солилцох, эвлэлдэн нэгдэх эрхийг нь хааж, боох бүрэн боломжтой төдийгүй шаардлага гарвал интернэт болоод утасны тодорхой апп-уулыг хаах хуулийг баталчихлаа. Тэд өмнө үг сөрсөн болгоныг үгүй хийж, захирч, зандраад зогсохгүй Үндсэн хуулиар ангийн ялгаа гаргаж, нийгмийн дайснаар зарлаж явсан арвин түүхтэй нам билээ. Энэ зам руугаа эрх мэдэлтнүүд хүсэн тачаадаж байна. Бидний сайн сайхны төлөө нэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахыг санаархах болов. Долоон хүүхэдтэй болсон Тимон хүү монголчуудын амыг барих "ачтан" гэж хэн мэдэх билээ.

ЖАНЧИХЫГ ЗӨВШӨӨРСҮГЭЙ

МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн онц нууц хурлын тогтоол. Энэхүү тогтоолоор дайсан гэж үзсэн этгээдийг эрүүдэн шүүх эрхийг олгожээ. 1942 он. ("Хэлмэгдэл ба цагаатгал" ном 546, 547 тал)

Ийм нэртэй МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн онц нууц хурлын тогтоол 1942 оны хоёрдугаар сарын 24 гарчээ. Өөрсдийг нь шүүмжилсэн нэгнийг хувьсгалын эсэргүү хэрэг тохож, улмаар эрүүдэн шүүхийг зөвшөөрсөн ийн тогтоолыг баталсан аж. “Ийнхүү зодож жанчих арга хэмжээ авах явдал болбол мөрдөн байцаалтын хамгийн хатуу арга хэмжээ болох тул энэхүү хэмжээг …онц хэрэгт хэрэглэхийг Дотоод явдлын Яамны сайдад даалгасугай” гэх энэхүү тогтоолоор тэд хэдэн хүнийг хэлсээр цааш харуулсныг бүү мэд. Шүүхээс өмнө хүчээр хэрэг хүлээлгэхийн өөрсдөөс нь өөрөөр сэтгэсэн, зааварлагч нарыг дагаагүй нэгнээ зайлуулахын тулд ийм нууц тогтоолыг тэд баталж байжээ. Түүнээс өмнө шууд л шүүхгүйгээр буудан хороож байсныг “Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй. Харин улаантан, тэдний засагт дургүй… Маршал Чойбалсанг устгах ажиллагаанд намайг бэлтгэж байсан гэдэг худал, гэхдээ Монголын ард түмнийг алан хядаж буйн хувьд нь би түүнийг үздэггүй байсан…” гэх Ерөнхий сайд Анандын Амарын үг гэрчилдэг.

Дарангуйлал руу хөтөлсөн он жилүүдэд эхлээд өрсөлдөгчөө дайсан болгодог технологитой аж. Үндэстнээ гээд эсэргүүцэн зогссон болгоныг үндэсний явцуу үзэлтэн, барууны бодлогыг баримталсныг Япон, Германы тагнуул болгож, зааварлагчдынх нь эрх ашигт үйлчилбэл хувьсгалч, эх оронч болдог залхаан цээрлүүлэлтийг ингэж л хийсэн аж. Чухам энэ үест л “дуугүй байлаа гээд бүтэж үхэхгүй” гэх хувиа боддог ч хэлмэгдүүлэлтийн араа, шүд ажиллаад эхэлбэл хэнийг ч тойрдоггүй аж.

Хувь хүн гээч хэн ч биш болох агаад ямар ёроолгүй ангал руу хөтөлж, улс орныхоо тусгаар тогтнолыг хүртэл үгүйсгэдгийг бидний саяхны түүх гэрчилнэ. Гэтэл өнөө хэр нь, бүх зүйлийг энэ л нам бий болгож, монголчуудын үүх түүх ердөө тэдний ачаар бүрэлдсэн, зуухан жилийн түүхтэй юм шиг ойгоо тэмдэглэсэн тэд оодроод одоо эргээд хар даруулахаар санаархаад байх шиг.

ДАГААР ОРСУГАЙ

Энэ л намынхнаас Монголыг үл хүлээн зөвшөөрүүлэх, бүр бусдад дагаар орох санаачлагыг гаргаж ирсэн түүх олон. Тийм ч зорилгоор тэд бэлтгэгдэж байсан. Өдгөө МАН-ын аль ч үүрээс харж болох хөргийн эзэн Монголыг Орост дагаар орох үйлдлүүдийг гардан зохион байгуулсан төдийгүй үүнд нь саад хийсэн Х.Чойбалсанг ч зайлуулсан гэмээр баримтууд одоо хэн хүнд ил болжээ. Х.Чойбалсангийн томилсон Гадаад явдлын яамны сайд агсан Н.Лхамсүрэн гуайн оронд 1946 оны НҮБ-ын хуралд оролцох төлөөлөгчдийг тэргүүлэх заль зохиосон Ю.Цэдэнбал Монголыг элсүүлэх бус ажиглах үүрэг хүлээсний балгаар 20 жил алдсан тухай Н.Лхамсүрэн дурсамжиндаа тодорхой өгүүлсэн байдаг. “Гараас гарт” дурсамж нийтлэлд нь “Зөвлөлтөд сурч байсан аспирант Төмөр-Очир/Хожмоо намын удирдлагад багтсан ч хэлмэгдэж, нутаг заагдаж, Дарханд амьдарч байгаад 1985 оны аравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө /С.Зоригт агсны үхсэн өдөртэй адил бусдын гарт амиа алдсан ч хэрэгтэн нь олдоогүй/, Намын дээд сургуулийн төгсөгч байсан Цэнд, Ц.Дүгэрсүрэн, Цэдэнбалын туслах Бадарч, аспирант Галбадрах, Намын дээд сургуулийн багш Авирмэд нарт даалгавар өгч Сонгинын буланд онцын таатай нөхцөлтэйгөөр тусгайлан байрлуулж Ерөнхий сайд Х.Чойбалсан, НТХ-ны ЕНБ-ийн дарга Ю.Цэдэнбал хоёрын нэр дээр Монголыг СССР-т дагаар оруулъя гэсэн утгатай өргөдөл бичсэн” гэдгийг тэмдэглээд Цэдэнбал үүнийг гүйцэлдүүлэхийг шахаж, НТХ-ны УТТ-ны тогтоол шийдвэр гаргахыг завдаж байсныг баримтаар тэмдэглэжээ. Н.Лхамсүрэнд “Намайг амьд байсан цагт… дагаар орохгүй шүү” Х.Чойбалсан хэлж байсан төдийгүй өөрийнх нь өвчнийг Монгол эмч нар ирж үзэхгүй байгаа төдийгүй “…Цэдэнбал, Сосорбарам, Оросоо эмч нар намайг бушуу явуулах гээд байна” гэсэн нь тэдний хооронд өрнөсөн сүүлчийн яриа болжээ. Орост дагаар оруулах санал яван явсаар 1953 оны гуравдугаар сард УТТ-ны хурал болж прокурор Б.Жамбалдорж “Сталины гашуудлыг тайлан хамгийн гол зохимжтой зүйл бол ЗХУ-д дагаад орох явдал мөн” гэж санаачилсныг тогтоол болгожээ. Хэзээ, яаж энэ тогтоол хүчингүй болсныг бүү мэд. Дагаар ороогүй ч бид газар нутгаасаа тэдэнд алджээ. 1956 оны зургадугаар сарын 9-29-нд хорь хоногийн турш Ю.Цэдэнбал баруун аймгуудаар 5400 км газар явахдаа Зөвлөлтийн нутгаар хэд хэдэн удаа орж, гарчээ. Үүнээс есөн сарын дараа Н.Молотов ирж Монголын газраас таслан Зөвлөлтийн мэдэлд авсан бөгөөд тэрхүү газруудад нь Ю.Цэдэнбалын хил нэвтэрсэн хэсгүүд, өөрийнх нь төрсөн бууц хүртэл багтжээ. Эх нутгийнхаа 7000 км шоо дөрвөлжин газрыг өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй С.Аварзэдийг хожим нь НАХЯ-ны оролцоотойгоор хөнөөсөн аж.

    ОЛОНХООР ХҮЧИНДСҮГЭЙ

Олонхын шийдвэр зөв гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт. Өнөөдөр УИХ-д МАН олонх ч гэлээ Монголын хувьд цөөнхийн цөөнх. Гэтэл бидэнд эрх байна гэсэн шиг тэд хуулиар иргэдийнхээ эрх чөлөөнд удаа дараа халдах болов. Татвар нэмэхгүй гээд нэмсэн. 100 үйлдвэр барина гээд хувийн хэвшлийг дээрэмддэг болсон.  Ерөнхийлөгч “Хүн биш хууль засаглана” гэсэн. Өнөөдөр хувь хүний эрх чөлөөг хуулиар хааж, хууль засаглав. Хуулийг гэхдээ хүн, бүр тодруулбал эрх баригчид баталдаг. Тэгэхээр тэд өөрсдөө ийнхүү засаглав. “Баялагтаа эзэн Монгол” гэсэн. Баялгийг нь эрх баригчид нийлж тонов. Тийм ээ, тэд санасандаа хүрлээ. Төрийн минь сүлд өршөө гэх үе удахгүй эргэн ирэх вий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж