Украины дүрвэгсдийг хууль бус тамхины үйлдвэрт ажиллуулж байсан гэмт бүлэглэлийг Испанийн цагдаа нар илрүүлжээ. Нийт гурван үйлдвэрийн 27 хүнийг энэ хэрэгтэй холбогдуулан баривчилсан байна. Тус гэмт бүлэглэл нь их хэмжээний хуурамч тамхийг хууль бусаар хил давуулдаг байж болзошгүй. Үйлдвэрүүд өдөрт хагас сая гаруй хайрцаг тамхи үйлдвэрлэж, Испани болон бусад улсад зардаг байжээ. Тус бүлэглэл нь марихуаны тариалангийн талбайг хөгжүүлдэг байсан.
Оросын түрэмгийллээс зугтсан украинчууд үйлдвэр доторх хоргодох байранд чихэлдэж амьдарч байсан. Тэдний зарим нь Испанид хууль бусаар нэвтэрсэн тул баригдахгүйн тулд ажлын нөхцлийнхөө талаар элдэв гомдол мэдүүлдэггүй байжээ.
Эрх баригчид нэгжлэг хийх үеэр 37.5 сая еврогийн үнэ бүхий тамхинаас гадна тансаг зэрэглэлийн автомашин, үнэт эдлэл, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авчээ. Нийт 20 гаруй байшин, үйлдвэрийн барилга, дэлгүүрт нэгжлэг хийсэн.
НҮБ-аас мэдээлснээр Европ даяар найман сая орчим украин дүрвэгч байна. Эндээс 160 мянга нь Испанид байна. Украин дүрвэгсдийн хөдөлмөрийг мөлжих тохиолдол нэмэгдсээр байгааг Европын парламентын хууль тогтоогчид мэдээлж буй. Дүрвэгсдийн нөхцөл байдал, хэлний бэрхшээл нь тэднийг албан бус, бага цалинтай ажилд ороход хүргэж байгааг мөн онцоллоо.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ