Эрх баригчид “нүүрсний хулгайн хохирол УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэлсэнчлэн 40 их наяд төгрөгт хүрэх боломжгүй” гэдэг мэдэгдлийг хийсэн ч энэ хэрэгтэй холбоотойгоор хийж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум) төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас зарлалаа. Үүнд:
- 64 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 61, оффисын 3 талбай),
- 42 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
- 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг,
- 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Эдгээрээс гадна нэгжлэгийн явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг шалгаж эхэлжээ. Тодруулж хэлбэл, албан тушаалтнууд нөлөөлөөд энэ хэргийн мөрдөлтөд саад учруулчихгүй бол авлигаар авсан мөнгөнийх нь хэмжээ тэрбумаар тогтохгүй нь ойлгомжтой болж байна. Хэрвээ хурга дарга нар нь томчуудыгаа илчлээд өгвөл нүүрс тойрч, аалзны тор мэт сүлжилдсэн байсан авлигын торыг нэхэгчдийг АТГ-ынхан үндсээр нь илрүүлэх боломжтой болно гэсэн үг. Гэвч одоогоор тушаал заавар өгдөг, авлигаа хуваалцдаг хүмүүсээ илчилсэн нэг ч хүн гараагүй байгаа юм.
Сарын өмнө АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай 17 хүний нэрийг зарлахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Б.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар нэрлэгдсэн. Тэднээс УИХ дахь МАН-ын бүлгийн таван гишүүн "нэр цэвэр шударга гишүүдийг нүүрсний хэрэгт холболоо. Жагсагч нарыг тасдаж идэг гэж хэргээр хаяж өгсөн нэр. Жинхэнэ хулгайч нар цаана нь үлдлээ, тэмцэнэ" гэж мэдэгдсэн ч хуулийнханд шалгуулаад "дуугүй байх" -аас өөр аргагүй болсон уу чимээгүй болоод буй.
Улсын ерөнхий прокурорын газраас нүүрсний хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ зөвхөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас гаргасан гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байсан ч талаар болсон. Өөрөөр хэлбэл, ирэх дөрөвдүгээр сараас наана УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдахгүй бол эл асуудал хэлэлцэгдэх боломжгүй болсон. Нөгөө талаас ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэхгүй. Хуулиараа УИХ-аар Үндсэн хуультай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа тохиолдолд өөр асуудал хэлэлцдэггүй. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал мөддөө чуулганаар хэлэлцэгдэхгүй болж таарч буй. Хэлэлцэгдлээ гэхэд Хөгжлийн банк, ЖДҮХС-гийн хэрэгт нэр холбогдсон гишүүдээ хамгаалаад үлддэг урьдын жишгээ давтаж ч мэдэхээр буй.
Түүнчлэн нүүрсний хэрэг зөвхөн нэр нь зарлагдсан УИХ-ын гишүүдээр хязгаарлагдахгүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан нарын нэр ч холбогдох болсон.
Гэвч тэд “шанага” нүүрс ч хулгай хийгээгүй гэх тайлбарыг хэлж ирсэн ч АТГ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сард сайд Т.Аюурсайхан зөвлөхөөр ажилладаг байсан Б.Отгонжаргалыг саатуулсан бол саяхан шадар туслахаар ажиллаж байсан И.Даваадоржийг саатуулж, цагдан хорьсон. Энэ асуудалтай холбогдуулж сайд Т.Аюурсайхан “Намайг шалгаад юу ч гарахгүй. Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-аар шалгуулна. Та нар ч мөн шалгуулаарай” гэж чуулганы хуралдаанд оролцохдоо бусад гишүүдийг ч мөн шалгуул гэж шаардсан юм.
Харин АТГ шазруун сайдын хөрөнгө орлогын мэдүүлгээс нь “но” илрүүлж чадах эсэх нь цаг хугацааны л асуудал болж хувирч байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ