АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн Баасан гаригт CNN телевизээр Холбооны засгийн газар улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй бол АНУ дефолт зарлах өндөр эрсдэлтэй байгааг мэдэгдээд, олон улсын төвшинд ч ноцтой үр дагавар учруулж болзошгүйг анхааруулав.
Өдгөө АНУ-ын өр 31.4 их наяд ам.долларт хүрч, Конгрессоос жил гаруйн өмнө тогтоосон хязгаарыг давсан бөгөөд Сангийн яамыг Холбооны засгийн газрыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийн тулд "онцгой арга хэмжээ" авахад хүргэв.
Бүгд найрамдах намынхан Ардчилсан намынхантай өрийн хязгаарын асуудлаар хэлэлцээ хийхийг оролдож буй ч нааштай үр дүн гарахгүй, Байдены засгийн газрыг мухардалд оруулсаар байна.
Жанет Йеллен хамгийн том аюул нь зөвхөн дефолт биш бөгөөд инфляцийг тогтоон барих аргагүйд хүрэхийг анхааруулжээ.
АНУ-ын аж ахуйн нэгжийн хүрээлэнгийн ахлах ажилтан, Олон улсын валютын сангийн ажилтан асан Десмонд Лахман "АНУ-ын засгийн газар өөрийн улсын мөнгөн тэмдэгтээр зээл авдаг. Хэрвээ Холбооны нөөцийн сан шаардлагатай ам.долларыг хэвлэвэл АНУ-ын Засгийн газар дефолтоос зайлсхийх боломжтой” гэж хэлжээ.
Жанет Йеллен энэ сарын 21-ний өдөр твиттер хуудастаа "АНУ 1789 оноос хойш бүхий л өр төлбөрөө үргэлж цаг тухайд нь төлж ирсэн. Энэ шалтгааны улмаас ч итгэж, найдаж болох улс орон гэдэг ойлголт дэлхийн санхүүгийн системд хадгалагдаж үлдсэн. Хэрэв дефолт зарлавал АНУ-ын эдийн засагт асар их хэмжээний хохирол учирна" гэж жиргэсэн байна.
АНУ өнгөрсөн 2021 онд ч мөн ийм сорилттой нүүр тулсан. Тухайн үед ямар ч саадгүйгээр асуудлыг зохицуулсан бол энэ удаад асуудлыг тийм хялбар шийдвэрлэж чадахгүй байж болзошгүй байна. Тус улсын зарим хэвлэлд мэдээлснээр, Конгресс сүүлийн 40 жилийн хугацаанд өрийн таазыг нийт 45 удаа нэмэгдүүлж, дефолт зарлах эрсдэлийг хааж байжээ.
АНУ-ын хууль тогтоогчид өдгөө өрийн таазын хямралаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
Эх сурвалж: USATODAY, XINHUA, CNBC, REUTERS