“Парламентын мөрдөн шалгах ажиллагаа цаашдаа илүү сайжирна”  

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

“Парламентын мөрдөн шалгах ажиллагаа цаашдаа илүү сайжирна”  

“Парламентын мөрдөн шалгах ажиллагаа цаашдаа илүү сайжирна”   

УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатартай Хөгжлийн банкны хяналтын ерөнхий сонсголын үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Мөн Хөгжлийн банкны түр хороог ахлан ажиллаж байсан юм.


-УИХ-ын хяналт шалгалтын хууль батлагдсанаас хойш хэд хэдэн түр хороо байгуулагдлаа. Энэ хүрээнд хамгийн жишиг болохуйц нь Хөгжлийн банкны хяналтын ерөнхий сонсгол боллоо. Энэ түр хороог анх ахалж байсан хүний хувьд түр хорооны гишүүдийг яаж сонгосон бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар түр хороо байгуулах зарчмаа тохирсон. Олонх болон цөөнхийн төлөөллийг оруулж, түр хороо байгуулагдсан. Парламентын хяналт шалгалтыг цоо шинэ шатанд гаргах, ерөнхий үзэл баримтлал, томьёоллуудад тулгуурлаж байгаа учраас зөв хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ түр хороо нь парламентын мөрдөн шалгах сонсгол явуулах үүрэгтэй учраас бусад түр хорооноос ялгаатай. Монголд анх удаа бий болж буй хууль учраас хүрээ хязгаарыг нь зөв тогтоох зарчим баримталсан. Ялангуяа энэ хуульд шүүх эрх мэдэл, эрүүгийн хэргийг мөрдөж буй хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй байх тал дээр анхаарах ёстой гэж хэлэлцүүлгийн үеэр их шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, хөндлөнгөөс хутгалдан оролцохыг хориглосон. Нөгөө талдаа хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа Хөгжлийн банк шиг томоохон хэргүүд мөрдөн байцаалтын нууц гэдгээр олон жил шийдэгдэхгүй явж ирснийг хуулиар өөрчилж чадсан учраас өнөөдөр сонсголын хэмжээнд очиж, иргэд маш их мэдээлэл авч байна.

-Энэ хуулийг хийх явцад бусад улс орны жишгийг хэрхэн тусгасан бэ. Хамгийн их шүүмжлэлд өртсөн зүйл бол парламент мөрдөн шалгах, хуулийн байгууллагын ажлыг хийх гэж байна гэж их шүүмжилсэн. Бусад улс оронд ийм жишиг бий юу?

-Бусад улс орнуудад парламент нь хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа хэргийг татаж аваад, хэргийн нөхцөл байдлыг тодруулах замаар хэргийг илрүүлэх, хариуцлага тооцох байдлыг хурдасгаж байсан тохиолдлууд бий.  Хэрэв энэ хууль батлагдаагүй бол С.Зоригийн хэргийн асуудлыг авч хэлэлцэж чадахгүй байсан. Яагаад гэхээр шүүхээр орчихсон. Энэ байдлаас үүдээд дээрх заалтыг хассан. Гэхдээ зааг ялгаа нь өөр. Миний хувьд, эхнээсээ баримталсан зарчим бол хүрээ зааг хязгаарыг зөв тодорхойлж, иргэд, олон нийтэд ойлголт өгөх зорилгоор удаа дараа төлөвлөж байсан зүйл нь олон удаагийн сонсголд орно. Тодорхой хугацаа орж, хянан шалгах шинжээчийг томилно. Шинжээч нь нийтэд мэдээлэл өгөхгүйгээр, ажлаа хийнэ. Тухайн үед юу хэлсэн гэхээр “Та нар намайг өөрт чинь нөлөөлөх боломжгүйгээр ажлаа хийх ёстой” гэсэн. Тухайлбал, би та нарт үүрэг даалгавар өгвөл та нар протокол үйлдэх ёстой. Мэдээж, Монгол жижиг улс учраас янз бүрийн таньдаг хүмүүс орно. Тэгэхээр анхнаасаа оролцохгүй байдлаар явах ёстой. Ингээд үйл ажиллагааны эрх чөлөөг олгож, зохиомол зүйл байхгүй баримтад тулгуурлаарай гэсэн. Эхний ээлжинд хэвлэл мэдээлэл сайн ажилласан, олон нийт шаардсан. Гэхдээ зээл эргэн төлүүлэхээс гадна, энэ олгогдсон зээлүүд зориулалтын дагуу зарцуулагдсан уу, ямар нэг улстөрч, эрх мэдэлтэн, албан тушаалтны нөлөөлөл орсон эсэх гээд олон зүйлийн талаарх мэдээллийг шинжээчид судлах боломжтой. Хуулийг хэлэлцэх явцад парламентын мөрдөн шалгах сонсголын хүрээнд эрдэмтэн судлаачид оролцсон.

Ч.Чимид багш олон жилийн өмнө хэлэхдээ парламентын мөрдөн шалгах сонсгол гэдэг маш хэрэгтэй, цаашдаа авч хэрэгжүүлэх ёстой гэж ярьдаг байлаа. Ер нь  Монголын парламентад нэг юм дутаад байгааг олон хүн ярьдаг шүү дээ.

Кинонд гардаг шиг бусад улс орнуудад парламентад дуудагдаад гэрчээр асуугдаж, тангараг өргөөд хариуцлага хүлээгээд тал талаас нь ярьдаг. Зарим нь сонсголд дуудагдсан өдрөө мэдэнгүүтээ огцорч байсан. Яагаад гэвэл янз бүрийн асуудлаа гаргуулахгүй гэдэг утгаараа тэр шүү дээ.

-Хөгжлийн банкны хяналтын сонсголын үр дүнгээ өгч чадав уу. Олон нийтийн зүгээс цөөн хэдэн хүнийг сошиалаар “яллаад” өнгөрлөө гэх шүүмжлэл байна?

-Бид журмаа боловсруулахдаа таны хэлдгээр анхнаасаа ийм шүүмжлэл ирэхийг мэдэж байсан. Угтаа бол бусад оронд мөрдөн байцаадаг байхгүй юу. Эхний шатанд зарим хүмүүс шүүмжлээд эхэлж байна. Бусад улс орнуудын жишгээр, мэргэжлийн хэллэгээр яривал Англи-саксоны орнуудад хагас шүүхийн хэлбэрээр, шүүх мэт үйл ажиллагаа явуулдаг. Парламент өөр дээрээ мөрдөн шалгах ажиллагаа хийж, буруутай этгээд, хэргийн нөхцөл байдлыг гаргадаг. Үндсэндээ хариуцлага тооцдог. Яагаад гэвэл, ёс суртахууны асуудал болоод явчихдаг учраас тэр. Хяналтын сонсголд дуудагдаж ярих явцад маш олон хүмүүс гэм буруугаа хүлээдэг. Тэр нь олон сайн талтай. Хуулийн байгууллагадаа ч амар, нөгөө талаасаа хяналт шалгалт цаашдаа чангарч, хүчирхэг механизм бий болдог. Ер нь манайх "байцаана" гэдгийг эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт мэтээр ойлгодог.

"СОНСГОЛД 306 ГЭРЧЭЭС 175 ГЭРЧ ОРОЛЦСОН"

-Хөгжлийн банкны хяналтын сонсголоор гэрчээр дуудагдсан хүмүүсийн зарим нь ирээгүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

 -Энэ удаагийн сонсголд Хөгжлийн банкнаас зээл авсан 60 компанийн  төлөөлөл оролцсон. Нийт 306 гэрчийг дуудсан үүнээс 175 гэрч оролцсон. Сонсголын явцад "хүндэтгэн үзэх шалтгаангүй" ирээгүй гэрчүүд өөрсдөө асуудалд орно шүү гэдгийг хэлсэн. 333 нэрсийн жагсаалт гарсан. Нэмж дуудах эсэхийг нөхцөл байдлаас хамаараад дуудах эрхийг түр хорооны даргад өгсөн. Жишээ нь Б.Хурцыг дуудах хэрэгтэй гэдэг нь явцын дунд гарч ирсэн. Сонсголд  гэрчүүдээс гуравны хоёр нь оролцож мэдүүлэг өглөө. Манай шинжээч нар гурван сая орчим гүйлгээг хяналаа. Ганцхан гүйлгээг ярьж байгаа юм биш л дээ.  Эцсийн дүндээ энд яригдаж буй асуудлын нэлээд нь шүүхэд нотлох баримт болох боломжтой. Мэдээж шүүгч үүнийг үнэлнэ. Нийтэд нь харвал, ардчилал гэдэг бол процедур. Нөгөө талаас бүх нийтээр мэдээлэл адилхан байх шаардлагатай. Шүүхэд л дуудагддаг гэж ойлгодог байсан бол ард түмний дээд байгууллагын өмнө ирээд дуудагдаж байгаа нь цоо шинэ хэрэг. Анхны удаа учраас хэцүү, алдаа оноотой зүйл байсан.

 -Хяналтын сонсголын хүрээ, хязгаарыг та сайн тогтоосон гэлээ. Гэхдээ сонсголын явцад хуульчийнхаа хувьд амбицаа яаж дарсан бэ?

-УИХ-д авлигын эсрэг бүлэг гэж байдаг. Би өөрөө бүлгийн ахлагчаар, С.Одонтуяа, Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, Т.Доржханд нар байдаг. Бид хэд бүлэг гэж ярихаас илүүтэй, улс төрийн нам сонгууль хянан шалгалттай холбоотой чиглэлээр тус тусдаа идэвхтэй үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. Тухайлбал, Ц.Мөнхцэцэг гишүүн улс төрийн нам, хуулийн тогтоомжтой холбоотой ажиллаж байгаа бол С.Одонтуяа сөрөг хүчнийхээ хувьд хяналт шалгалттай холбоотой асуудалд орж байна. Т.Доржханд мөн адил. Б.Энхбаяр гишүүн хууль хяналтын байгууллагууд, шүүх эрх мэдлийг шинэчлэх асуудал, хүний эрхийн асуудал гэхчлэн тус тусын хяналттай явсан. Миний тухайд гэвэл, би өөрөө ямар зарчим баримталдаг вэ гэхээр, тодрохоос илүүтэй, төрд зүтгэж байгаа ажилд механизмыг нь сайжруулаад явах, тэгээд миний үүрэг дуусаа гэвэл бусдад шилжүүлэх байдлаар ажилладаг. Манай парламентын мөрдөн шалгах ажиллагаа дахиад цаашдаа сайжирна.  Миний төсөөлж байгаагаар 2028 онд Монгол  улс дэлхийн улс орны адил сонгодог парламентын жишиг руу орно. Гэхдээ хэд хэдэн зүйл бидэнд дутаад байгаа.

-Тухайлбал?

-Дэг талаасаа бид нар олон улсын хуралдааны дэг рүү орж амжаагүй юм бий. Тухайлбал, УИХ-д суудалтай цөөнхийн статустай намуудын байр суурь, боломжийг нэмэгдүүлэх талаар дутуу юм бий. Мөн мэтгэлцээний эхний элементүүдийг С.Бямбацогт гишүүн оруулсан.  Нөгөөтээгүүр “Ерөнхий сайдын цаг” гэдгийг цаашдаа утга агуулгатай болгох явдал байдаг. Саяны мөрдөн шалгах сонсголыг нэрээр нь хэлээгүй учраас хүмүүс энэ хянан шалгах түр хороо бусадтай адилхан яагаад гэнэт өөр яавчихав гэж асууж байна. Агуулга нь миний хэлж буйгаар явж байгаа ч нэрээс нь “цэрвээд” хийчихсэн. Уг жишгийг Америк, ОХУ бүгд хэрэгжүүлдэг. Ер нь хамгийн аймшигтай механизмдаа ордог. Яагаад гэхээр хууль хяналтынхан, оролцогчдыг олон нийтийн нүдэн дээр шүүдэг. Зарим хүмүүс олон нийтийн шүүх юм уу гэж ярьдаг. Парламентад татаж авчирч байгаа нь 2-3 гишүүндээ биш. Бид хэд сонсч байгаа биш юм. Бид хэдээр дамжуулж олон нийтэд сонсгох ажил явж байна. Сонсгох ажиллагаа явуулаад бүгд адилхан мэдээлэл авчихаар асуудал аяндаа шийдэгдэх байдал үүсчхэж байгаа юм. Иргэд ч мэдээлэлтэй учраас хяналтаа сайжруулаад явах боломж бүрдэнэ.

-Монголын улстөрчид аливаа асуудлыг "бүдгэрүүлэх"-ийн тулд эсвэл хувийн нэр хүндээ өсгөх зорилгоор асуудалд улстөржих байдлаар ханддаг. Энэ удаагийн сонсголын үеэр ч энэ бүхэн ажиглагдсан. Зарим гишүүд оролцож буй төлөөллийг загнаж, зандрах байдал ч ажиглагдсан?  

-Энэ дундаас хэн хожиж байгаа юм. Улс төрд байгаа эрхмүүд хууль тогтоомжийн хүрээнд зөрчилдөж байгаа бол энэ муу зүйл биш. Хуйвалдаад, байвал асуудал мөн. Зарим тохиолдолд улс төрийн хүчний хяналт үүн дээр гарна. Улстөржих байдал гаралгүй яах вэ. Жишээлбэл, АНУ-ын конгресст нэгдүгээр сарын 9-нд байх аа, хэрэг явдлын тогтоол буюу конгрессын ордон руу халдсан хороо байгуулагдсан. Тэрэн дээр бүх намууд орсон. Одоо Бүгд найрамдах нам төлөөлөгчдийн олонх болсон. Угтаа бол, иргэдийн мэдэх эрх хангагдаж байна. Юманд дооз нь хэтэрдэг гэдэг шиг УИХ-ын гишүүд дооз нь хэтрээд янз бүрийн байдал гаргавал олон нийт давхар шүүж байгаа юм. Баримтыг хүмүүс олон янзаар үнэлдэг. Гол баримт нь бидний, нийтийн, дундынх болж хувирч байна. Баримтад тулгуурлан өөрийгөө хамгаалах, шүүмжлэх, бусдыг буруутгах нь нээлттэй явах ёстой.

-Хөгжлийн банкны хэрэгт дуудагдаж буй УИХ-ын гишүүд бий. Нөгөө талаасаа тэд та бүхэнтэй адил бүрэн эрхтэй. Та нарт нөлөөлөх оролдлого байсан уу. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцоогүй. Дуудсан ч ирээгүй гэрчид давхар хариуцлага ярих уу?

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Уг бичигт би намын дотоод ажилтай. Хоёрдугаарт, мөрдөн байцаалтын нууцын баталгаа гаргасан учраас энэ асуудлаар илүү нэмж яримааргүй байна гэсэн. Гэрч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэрчийн мэдүүлэг өгөхөөс итгэл үнэмшил төрүүлэхгүй шалтгаанаар зайлсхийж байгаа бол цаанаа өөр шалтгаантай гэж олон нийт ойлгоно. Дээрээс нь хууль хяналтын байгууллага илүү тодруулж асуух шаардлага цаанаа үүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж