“Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилийн цагаан сарын шинийн 1-нийг хэдний өдөр тэмдэглэх талаар зарим зурхайчид зөрүүтэй мэдээлэл өгдөг. Зүүн өмнөд азийн орнууд Цагаан сараа тэмдэглэж байгаатай холбоотойгоор Монголд зарим хүмүүс шинэлж байгаа билээ.
Энэ талаар Гандантэгчинлэн хийдээс тодруулахад ихэнх зурхайчид Төгс буянтын зурхайгаар тэмдэглэх нь зүйтэй гэж үздэг учир шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 21-нд тохионо гэсэн юм.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс өгсөн мэдээллээр цагаан сар тэмдэглэх тухай төрийн гаргасан шийдвэрийг дагана. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд үндэслэсэн Төгс буянтын зурхайгаар монгол түмний цагаан сар хоёрдугаар сарын 21-нд тохиож байна.
Чингис хааны шар зурхай бол монголчуудын зурхай биш. Энэхүү зурхайн тоололд хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг Төгс буянтын зурхайгаас өөрөөр тэмдэглэсэн байдаг.
Шар зурхайн хувьд XVI зууны үед Хятадууд гаргасан байдаг. Мэдээж олон төрлийн цаг тооны бичиг гардаг. Тэдгээр нь хоорондоо ялгаатайгаас иргэдийг төөрөгдөлд оруулах тохиолдол бий. Зарим зурхайч алдах, буруу тооцоолох зэргээс шалтгаалж өмнө нь зөрүү гардаг байсан. Одоо бол энэ асуудал гарахаа больсон. Монгол зурхайн цагалбар, төөрөг буюу цаг тооны бичгийг од эрхэс болоод нарийн судалгаанд үндэслэж гаргадаг. Тэгэхлээр зөрүүтэй байх гэсэн ойлголт байхгүй. Хэрэв алдаатай цаг тооны бичиг гарвал нэн даруй устгалд оруулах зэрэг арга хэмжээ авдаг.
Үзэсгэлэнт болгогч хэмээх ёгт нэрний тухайд нэг оныг нөгөөхөөс нь ялгаж байгаа бэлгэдэл, онцлог юм.
Монголчууд бид гарч байгаа жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж, шинжиж ирсэн. Үүнээс голчлон шороон үхрийн зурлага, жилийн хаан, түшмэл, эзэн гарагуудын зурлага, цасан чихрийн зурлага, боовны үрийн зурлагуудыг хэлж болно.
ХУДАЛДАА АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН АЖИЛ ҮЙЛС ДЭЛГЭРНЭ
Туулай жилийн төлөвийг зурлагаар шинжилбэл, өвгөд хөгшдөд буюу өндөр дээд суудалтанд сайн, залууст буюу дунд суудалтанд дунд, нялхаст буюу түмэн олонд муу байна. Эрдэмтэн мэргэдийн нийгэмд эзлэх байр суурь идэвхжиж, алдрыг олох төдийгүй аялал жуулчлалд өлзийтэй жил. Худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрэх, бод малын өсөлт сайн. Үйлдвэр үйлчилгээ явуулж буй хүмүүсийн ажил үйлс саад бэрхшээл ихтэй. Улс орны хөгжил дэвшил саарах, өндөр албан тушаал эрхэлж буй хүмүүсийн суурь батжих, дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирэх.
Ард иргэдийн амьдрал улам доройтож, хулгай, дээрэм элбэгших, үймээн самуун, хямрал тэмцэл гарах. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт арвижихын шалтгаан доройтно.
Зарим газар оронд хүйтэн, лус, бадгана чанар өвчин гарах. Ялангуяа, намрын дунд сарын шинийн дөрвөнд өвчин, зовлон дэлгэрэхээс сэрэмжил. Өвс ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац ихэд дэлгэрнэ. Хур цагтаа бууна. Энэ жил хур тунадас дунд. Жилийн эх ба тэргүүн, дунд саруудад үүл их, мөндөр, цас, хур бороо элбэг. Зарим нутагт хур үлэмж багасна. Зун, намрын улиралд салхи шуурга их, тал хийгээд нам дор газар, өвлийн сар, дөрвөн сарын сүүлд зарим газраа ган хуурай болох. Хүнд сайн, малд муу гэж гарсан байна.
Холбоотой мэдээ