“Энэ муу тэргээ их санах байхдаа”…хэмээн өгүүлэх энэ эрхмийг Б.Төрмандах гэдэг. Тэрбээр 31 жил ажил, амьдралаа холбосон машинаа хүлээлгэн өгч, гавьяаныхаа амралтыг авч буй түргэний жолооч юм. Баяр, гуниг хосолсон нэг тийм мэдрэмж. Өмнөх орой сэтгэл нь гэгэлзээд унтаж чадаагүй гэдгээ нуусангүй. Өглөө ажилдаа яаран ирж, ажилдаа гарах гэтэл хамт олон нь түүнд гэнэтийн бэлэг барьжээ.
Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Гавьяаны амралт маань өнөөдөр /2023.01.20/-өөс эхэлж байна. Манай ажлын хамт олон өндөр настан, тэтгэвэрт гарч байгаа хүмүүстээ хүндэтгэл үзүүлдэг юм. Манайх гурван ээлжтэй. Хамт олон дунд маань н.Батмөнх гэж багш мэргэжилтэй сүрхий залуу бий. Тэр надад ч хэлэлгүй ийм юм санаачилсан байна лээ. Над дээр нэг жолооч маань ирээд “Таны отгон гараа бил үү. Хоёулаа машин руугаа очъё” гэлээ. Тэгсэн манай ээлжийн жолооч нар эгнээд зогсчихсон, хадаг сүүтэй бариад угтсан. Би өөрийн эрхгүй огшиж, уйлсан. Тэр бичлэг маань олон нийтийн сүлжээнд цацагдсан байна лээ. Намайг таньдаг мэддэг хүмүүс холбогдож, их сайхан урам өгсөн” хэмээн инээмсэглэн өгүүлэв.
Б.Төрмандах “Ер нь сэтгэл хорогддог юм байна. Би завтай бол ажил дээгүүрээ гүйгээд байх шинжтэй шүү. Өмнө нь ажлаа тараад хурдан гэртээ харих юмсан гэж боддог байсан бол өнөөдөр ажлаараа нэлээд хэслээ” гэсэн юм.
“ДУУДЛАГАД 11 ХОНОГ ДАРААЛАН ГАРЧ, САРД 495 ЦАГ АЖИЛЛАСАН”
“Би хотын Түргэн тусламжийн авто бааз гэж байхад 1992 онд энэ байгууллагад ажилд орсон. Тэр үед зах зээлд шилжиж байсан учраас ажил ч олддоггүй байсан цаг. Би өмнө нь оросуудтай ажиллаж байгаад нутаг буцахад нь ажилгүй болсон. Тэгсэн хадам аавын дүү н.Чоймболдамба гэдэг настай жолооч намайг Түргэн тусламжийн авто баазад анх манаачаар ажилд оруулсан. Тэгээд сар хагасын дараа өөр дээрээ жолоочоор авч, түргэний жолооч юу хийх ёстойг зааж, сургасан даа. Тэр цагаас хойш өнөөдөр 31 дэх жилдээ түргэний машины жолоочоор ажиллаж, гавьяаныхаа амралтыг авч байна.
Манай авто бааз 1990-ээд онд 500 орчим түргэний машинтай, 400 гаруй жолоочтой байсан. Тэр үед бие биеэ танихгүй шахуу л байлаа. Бүх эмнэлэг улсын харьяанд байсан. Хэсгийн эмнэлэг, халдвартын түргэн, хүүхдийн түргэн, 103 гээд бүх эмнэлэг манайхаас машин авна.
Дараа нь манайхыг Яаралтай тусламжийн төвтэй нэгтгэж, нөгөө олон машин нь муудах нь муудаж, түрээсээр гардаг нь гарч, цөөрсөн. Тухайн үед машин тэрэг хүрэлцэхгүй болохоор улираа их хийнэ. Дарааллан гурав, дөрвөн хоног ажиллана. Би хамгийн дээд тал нь 11 хоног дараалан гарч, сард 495 цаг ажилласан. Бид цагийн хөлсөөр цалинждаг байлаа. Одоо бодоход залуу насны аагиар ажиллаж байж дээ" хэмээн Б.Төрмандах хуучилна.
Тэр үеийг одоотой харьцуулахад хотын замын түгжрээ гэж байсангүй, хүн ам ч цөөн байсан. Түргэн тусламжийн дуудлагын тоо хамгийн ихдээ 700-800 хүрнэ. Тэгсэн өнөөдөр энэ тоо хоёр дахин нэмэгдэж, түргэний машины тоо 80-90 болж цөөрсөн гэдгийг тэрбээр онцлов.
Яаралтай тусламжийн машины жолооч Ж.Мөнхжаргал “Төрөө ахтайгаа зургаа, долоон жил хамтран ажиллаж байна. Ах маань энэ байгууллагад олон жил ажилласан, туршлагатай жолооч. Хамт олноо үргэлж манлайлж, ажлын туршлагаасаа харамгүй хуваалцдаг. Ах маань өчигдөр отгон гараагаа хийж, гавьяаныхаа амралтыг авч байна” гэсэн юм.
"ТҮРГЭНИЙ МАШИНЫ ЖОЛООЧ ГАНЦ МАШИН БАРИХГҮЙ"
Б.Төрмандах “Ер нь 103-ын түүх арвин шүү дээ. Манайд мундаг мундаг эмч нар ажиллаж, ажил мэргэжлийнхээ гарааг эхлүүлнэ. Би чинь 2000 онд газар дээр яваагүй, тэг километртэй анхны шинэ тэргээ унаж үзлээ. Манайд н.Ган-Очир гээд мэдрэлийн мундаг эмч байлаа. Тэр хүн дарга дээр ороод намайг жолоочоор авна гээд хэлчихжээ. Тухайн үед нарийн мэргэжлийн эмч нар бригад бригадаараа тусламж үзүүлдэг байлаа. Нэг эмч, нэг сувилагч, жолоочтой мэдрэлийн бригадаар явна. Тэр эмчийг хотынхон андахгүй. Өдөрт дуудлага өгсөн иргэдийн ихэнх нь “Зөвхөн н.Ган-Очир гэдэг эмчид үзүүлнэ” гэж захиалгаа өгдөг байлаа” хэмээн дурсан ярилаа.
Тэдний нэг Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн СХД дэх салбарын ахлах эмч Г.Наранжаргал:
-Миний хувьд ажлынхаа гарааг эхэлж байхдаа Б.Төрмандах ахтайгаа хамтран дуудлагад явдаг байлаа. Одоо 13 дахь жилдээ хамтдаа ажиллаж байна. Бид хоёр байгууллагынхаа үйлдвэрчний эвлэлд олон жил ажиллаж буй. Жолооч нарын эрх ашгийг хамгаалж, цалин хөлсийг нь 12-18 хувиар нэмж, хоорондоо холбоо барих станцтай болгосон. Өмнө нь гар утсаараа дамжуулж мэдээллээ авдаг байсан. Манайд олон жил ажилласан туршлагатай жолооч нарын нэг нь Б.Төрмандах ах. Дуудлагад явахад айж, сандрахад тайвшруулж, мэргэжлийн зөвлөгөө өгч, тусалдаг. Хамтдаа дуудлагад явж байхдаа гэрт нэг эрэгтэй хүүхэд эх барьж авч байсан. Бас ухаангүй харвалт өгсөн хүнийг эмнэлэгт шуурхай хүргэж, олон хүнээс талархал авсан. Хамтран баг болж ажиллахад түшигтэй, сайн жолооч гэв.
Б.Төрмандах жолооч тодорхой хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлчихнэ. Дуудлагаар явж байхад гэр, машинд жирэмсэн эхчүүд төрнө. Тэр болгонд эмчдээ тусална.
Түргэний тэргийн жолооч ганц машин барихгүй, машинд хүмүүс цус алдана, бөөлжинө, баана, шээнэ. Тэр болгоныг цэвэрлэж, асрагчийн үүрэг гүйцэтгэнэ. Эмчтэйгээ тусламж үйлчилгээ үзүүлэхдээ сувилагч болно. Машиныхаа тоног төхөөрөмжийг хариуцахаар техникчээ хийнэ гээд жолооч хүнээс олон ур чадвар шаарддаг тухай ярилаа.
Тэрбээр “Ер нь түргэний жолооч буянтай сайхан мэргэжил. Гэхдээ ажлын стресс маш ихтэй. Жишээлбэл, маш ноцтой аваар ослын дуудлага дээр очлоо гэхэд хүний зүрх шимширдэг. Тийм юм харсан хүн чинь өдөржингөө сэтгэл санаа нь тогтворгүй, тавгүй болчихдог.
Бидний ажил хүнд шүү дээ. Олон хоног нойргүй хононо. Хүний шөнийн нойрыг өдөр яагаад ч нөхнө гэж байхгүй.
Би өдөр унтаж чадахгүй. Өчигдөр шөнө дуудлагад явчихаад сууж л байна. Олон ч жил нойргүй явлаа. Ер нь залуугийн их ном унших дуртай, нойронд тааруу нөхөр. Харин хүнд өвчтэй хүнээ эмнэлэгт хурдан шуурхай хүргэж, хэвтүүлсний дараа гүнзгий амьсгаа аваад зогсч байх шиг сайхан зүйл байхгүй” гэлээ.
"ӨВЧТӨНӨӨ ЗӨВ ТЭЭВЭРЛЭХГҮЙ БОЛ ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХ АЮУЛТАЙ"
Улаанбаатар хот нэг үеэ бодоход хаягжилт сайтай болсон ч зарим хүмүүс хаягаа буруу хэлдэг байна. Түргэний жолоочоос гадна шөнө орой нохойноос эмчээ хамгаална. Өвчтэй хүнээ үүрч, тэвэрнэ. Өвчтөн тээвэрлэхэд жолоочоос ур чадвар, мэдлэг шаардана. Цус харвасан хүний толгойг нь хөдөлгөөнгүй байдалд тээвэрлэх, зүрх өвдсөн хүмүүсийг суугаагаар нь тээвэрлэх гээд энэ болгоныг бодолцож тээвэрлэхгүй бол хүний амь нас эрсдэх аюултайг тэрбээр хэлж байв. Тэрбээр “Дуудлагад явж байхдаа осол аваар хийх юм бол замын хөдөлгөөний дүрмээр шийдэгддэг. Энэ тохиолдолд түргэний жолоочийн буруу болно. Машин дотроо хэчнээн хүнд өвчтөнтэй явж байсан ч осол аваар хийвэл миний буруу. Хүний амь насыг аврах гэж яарч яваа хүн өөрөө буруудаж, хохирдог. Энийг холбогдох хууль журамд нь өөрчилж өгөөсэй” гэдэг санал хүсэлтээ дайв.
Түүнтэй үнэхээр харамсмаар явдлууд ч тааралдана. 2000 оны эхээр Энхтайваны гүүрний зүүн талд “Оюуны ундраа” группийн ШТС-д ажиллаж байсан түгээгч охиныг дээрэмдэж, 14 удаа хутгалж, хоолойг нь хоёр удаа хэрчсэн хэрэг гарч байжээ. Тэрбээр эмч, сувилагч хоёртойгоо тэр охины амийг аврахын тулд хотын гудамжаар хар хурдаараа давхиж, Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгчээ.
Б.Төрмандах “Тэр охины шархыг нь тоолоход 14 шарх байсан. Хоолойг нь хэрчихдээ артерын судас, цагаан мөгөөрсийг нь азаар дайраагүй байсан. Эмнэлэгт 14 хоногийн дараа гайгүй болсон. Гэвч шинэ залуу эмч алдаа гаргаж, буруу тариа хийснээс болж нас барсан. Би тэрэнд маш их харамсдаг. Дөнгөж оюутан охин дадлага хийж ШТС-д сууж байгаад 800 мянган төгрөгийн төлөө амиа алдах хэмжээнд хүрсэн. Эмнэлэгт хүргэж өгч, бие нь дээрдсэн ч эмчийн алдаанаас болж нас барсан гэж сонссон” тухайгаа нулимс дуслуулан ярилаа.
Тэрбээр “Ер нь харамсах юм зөндөө. Хүн амьсгаатай байх үедээ чадан ядан “Эмчээ би амьдрах уу” гэж асуудаг. Тийм хүнтэй таарч байсан. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Аль болох өвдсөн хүнийг тайвшруулж, тайтгаруулах нь чухал. Тэр хүний гар нь тасарсан гээд айгаад зогсох эрх байхгүй” гэсэн юм.
Түүний бас нэг харамсмаар тохиолдол нь 50-иад насны нэг эмэгтэй. Тэр эмэгтэй 10 хүүхэдтэй, нөхрөө алдаад удаагүй байхдаа вагоны осолд орж, хоёр хөлөө тайруулжээ. Б.Төрмандах “Тэр эмэгтэй вагон дээрээс түлэх нүүрсээ авч байгаад гэнэт хөдлөхөөр нь үсрэх гэж байгаад хоёр хөлөө дайруулсан. Тэр хүн “Миний охинд хэлээд өгөөч. Хамгийн том нь аравдугаар анги” гэж хэлж байсан. Яахав тэр хүн хоёр хөлгүй л болсон доо. Ээж нь хөлгүй, тэр 10 хүүхэд яаж амьдрах юм бол гэж бодохоор зүрх шимширч байсан тухай хэлж байв.
“СЭТГЭЛ ХӨДЛӨХӨӨРӨӨ ХААЯА ТОЛГОЙ МӨР ХОЛБОНО”
“Түргэний жолооч дуут дохио хангинуулан
Тусламж хэрэгтэй хэн нэгэнд
Яаралтай тусламж үзүүлэхээр
Яаран хурдлан давхина.
Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө
Аврал эрсэн хэн нэгэнд туслахаар
Унтах нойр, идэх хоолоо умартан
Урагш тэмүүлэн давхина” энэ бол түүний зохиосон “Түргэний жолооч” шүлэг.
Тэрбээр “2013 онд Эмнэлгийн ажилтны баяр энэ шүлгээ бичсэн. Эмч гээд шүлэг бичих гээд гарчиг тавьчихаад байлаа. Тэгж байснаа эмч нарын тухай олон шүлэг бий, түргэний жолооч хүн юу хийдэг тухай хүмүүс тэр бүр мэддэггүй гээд дуудлагад явж байх зуураа нэг шүлэг бичиж байсан юм” хэмээн шүлгээ уншив.
Шинэ оны өмнө түргэний машиндаа нэг хүүхэд төрүүлсэн тухайгаа дуулгав. “Их нарангийн хуучин эцэст дуудлагаар явж байгаад, машинд маань охин хүүхэд төрсөн. Аав нь нэг сарын дараа "Хүүхдийнхээ угаалга үйлдэх гэж байна намайг ирж, оролцохгүй юу" гэж ярьсан. Би ажлынхаа шинэ жил рүү явахаар яарч байсан учраас очиж чадаагүй” гэв.
Тэрбээр “Би хүүхдэд нэр өгч байгаагүй ч намайг эх барьж авсан эмч маань надад Б.Төрмандах гэж нэр хайрласан. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд долоон сартай дутуу төрөхдөө буруу байрлалтай, гэртээ төрсөн. Буруу байрлалтай бүтэлт өгөөд амьсгалахгүй байхад нь эх баригч эмч маань хүйтэн усанд гараа дүрж байгаад намайг алгадсан чинь уйлж, амьсгал авсан гэдэг. Тэгээд намайг үстэй өлгийнд ороож, ханан пийшинд наалдуулж ширээ тавиад эндээс холдуулж болохгүй шүү. Энэ хүүхэд хүн болно” гэж хэлсэн тухай ээж минь ярьдаг байсан” гэсэн юм.
Өнөөдөр түүний 60 насны төрсөн өдөр. Орой эхнэр хүүхдүүд нь ажлаасаа тарж, цуглана. Гэрээ цэмцгэр гэгч нь цэвэрлэж, баяртаа бэлдээд хоцров. “Хүн ер нь зөв явж, хийж байгаа ажилдаа эзэн нь байх ёстой. Хүн идэхийн төлөө, баяжихын төлөө биш. Хүн энэ хорвоо дээр зөв, ухамсартай явах хэрэгтэй. Тэгж байж хүн нэр хүндтэй явна. Энэ миний өнөөдрийн хүн болсоны гавьяа шүү дээ" хэмээн инээмсэглэн биднийг үдэв.
Өөрийн гурван хүүхдээ хэнээс ч дутахгүй явуулахын тулд их сургууль төгсгөж, хүүхдүүдийнхээ амьдралд тус нэмэр болохыг хичээж яваа эгэл нэгэн аавыг бид энэ удаад онцоллоо.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн