Далайд гарцгүй, эх газрын гүнд байрладаг Монгол Улсын хувьд дэлхийн уур амьсгалын дулаарал цөлжилтөөр илэрч, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг болоод удаж буй. Улсын хэмжээнд жил ирэх тусам ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирсаар байна. Цаг уурчид, судлаачдын тэмдэглэж буйгаар, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү эрчимжих болжээ. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн агаарын дундаж температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан байна.
Монгол орон цөлжилтийн судалгааг анх 1992 онд хэсэгчилсэн байдлаар хийжээ. Нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий. Цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болж нэмэгджээ.
Цөлжилтийн 2020 онд хийсэн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагджээ.
Тэр дундаа говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн бий. Цөлжилт, газрын доройтлын шалтгааныг авч үзвэл, 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой гурав дахин нэмэгдэж, бэлчээрийн зохицуулалтгүй хэт ашиглалт бий болгон талхалж, байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй хомсдуулах, улмаар устахад хүргэсэн нь цөлжилтийг эрчимжүүлэхэд нөлөөлж байна.
ХӨВСГӨЛ ЯМААНЫ ТООГООРОО ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Монгол орны хамгийн хойд талын ногоон бүрхүүлт Хөвсгөл аймгийн зарим сумдад ургамлын гарц муудаж, элсжиж, цөлжиж байгаа нь харамсалтай. Энэ нь нэг талаар улсын хэмжээнд тус аймаг ямааны тоогоор тэргүүлж буйтай холбоотойг эрдэмтэн, судлаачид хэлж буй юм. Тиймээс тэд “Монголын Швейцарь” гэгддэг энэ сайхан үзэсгэлэнт газар нутаг ямааны хөлд талхлагдах вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Малчдын хувьд ч ямааны “аюул”-д санаа зовниж, төрийн бодлого, нэгдсэн зохицуулалт дутагдаж буйг өгүүлж буй юм. Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг орлого олох нэг эх үүсвэр гэж үзэж, төсөл хөтөлбөрүүддээ тусгасан. Тиймээс төр засгийн бодлогын түвшинд энэ асуудалд анхаарал хандуулахыг эрдэмтэн, судлаачид сануулж байна. Гадна, дотнын жуулчдын нүдийг хужирладаг энэхүү үзэсгэлэнт хоймор нутаг ямааны хөлд талхлагдчихвал үнэхээр хайран билээ. Энэ асуудалд одооноос анхаарлаа хандуулахгүй бол алс холоос ирсэн зочид гийчдээ хиймэл зүлэг дэвсээд угтах гунигт тавилан угтахгүй гэх баталгаа алга.
Үндэсний статистикийн хорооны тоон баримтаас харахад, улсын хэмжээгээр 2022 оны эцэст, мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 сая (5.6%)-аар өсчээ. Үүнээс адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1.7 сая (5.3%), үхэр 0.5 сая (9.8%), адуу 0.5 сая (11.5%), ямаа 1.1 сая (4.2%), тэмээ 16.4 мянга (3.6%)-аар тус тус өсчээ.
Нийт мал сүрэгт 2022 оны тооллогын дүнгээр хонь 46.0 хувь, ямаа 38.8 хувь, үхэр 7.8 хувь, адуу 6.8 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Нийт сүрэгт 2022 онд таван төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 18.9 нэгж хувиар өсч, харин хониных 12.3 нэгж хувиар, үхрийнх 3.3 нэгж хувиар, адууных 2.0 нэгж хувиар, тэмээнийх 1.4 нэгж хувиар тус тус буурчээ.
Монгол Улсын хонь, ямааны харьцаа 1990 он хүртэл 75:25 буюу 3 хонинд нэг ямаа ногдож, зохистой харьцааг хадгалж байсан. Гэвч сүргийн бүтэц болон малын бэлчээр ашиглалтад зохистой энэ уламжлалт харьцаа алдагдсаар 30 орчим жил болжээ. Тухайлбал,
Ямааны тоо толгойн мэдэгдэхүйц өсөлт 1993 оноос эхэлж, ноолуур үнэд орсонтой холбоотойгоор 1994-2003 онд хонины тоотой ижил түвшинд очиж, 2003-2009 онд хонины тооноос давж, 2009-2015 онд хонины тоо толгойтой дүйцэж, 50:50 харьцаатай болсон байна. Бог малд хонь, ямааны эзлэх хувь 2022 онд 54:46 харьцаатай байжээ.
Ямаа ашигтай. Ямааны мах, ноолуур, сүүг монголчууд өргөн ашигладаг. Сүүгээр нь бяслагаас эхлээд олон төрлийн цагаан идээ хийж буй. Цагаан, хар ямааны сүүг эмчилгээний зориулалтаар болон эмийн бэлдмэл хийхэд ашигладаг. Гэвч өвсийг үндсээр нь сугалан иддэг тул ямаан сүрэг хэт олшрох нь бэлчээрт ихээхэн халгаатай.
Ноолуурын үнийн өсөлт ямааны тоо толгой нэмэгдэхэд үлэмж хувь нэмэр оруулж буй. Ноолуур манай улсын эдийн засагт багагүй ашиг авчирдаг ч газар нутаг, өвс ургамлын үнэ цэнэтэй харьцуулашгүй юм. Тиймээс ямааны тоо толгойг цөөлөхөд гол анхаарлаа хандуулж ажиллах шаардлага тулгарч, төр засаг, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхааран ярьж, шийдэх асуудал болсныг дахин сануулъя.
Наад захын гарц шийдэл гэвэл ямааны хөлийн татварыг нэмэх, ноолуурын экспортыг хязгаарлах зэргээр тоо толгойг нь зохистой хэмжээнд хүргэх боломж бий билээ.
Холбоотой мэдээ