Тойм: АН-хан даргаа сонгож, эрх баригчид 2 хоногт хууль батлав

Хуучирсан мэдээ: 2023.01.22-нд нийтлэгдсэн

Тойм: АН-хан даргаа сонгож, эрх баригчид 2 хоногт хууль батлав

Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг News.mn сайт тоймлон хүргэж байна.


ГУРАВДУГААР САРЫН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ УРЬДЧИЛЖ ОЛГОНО

Энэ долоо хоногийн онцлох сэдэв хүүхдийн мөнгө байлаа. Иргэдийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүйг албаныхан мэдээлсэн. Тэгвэл Даваа гаригт /2023.01.15/ хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах боломжтой иргэдийн гар утсанд мессеж, илгээж мэдэгдсэн гэдгийг салбар яамнаас мэдээллээ.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр:
-Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор төлөвлөсөн. Хүн амын мэдээллийн санд бүртгэлтэй . Харин гар утсанд нь мессеж ирээгүй иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой. Хэрвээ танай өрхийн оноо босго шугамаас доогуур бол өмнө нь хүүхдийн мөнгө олгодог дансаараа тэтгэмжээ авна гэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн зүгээс хяналт, сануулга, мэдээлэл солилцооны уялдлаа холбоог сайжруулна. Иргэний өмнөөс төр мэдэж орлого бүртгэх боломжгүй. Тиймээс иргэд бүртгэл мэдээллээ хийж, төрийн бодлогоо дэмжихийг хүсч байна. Мөн бид хүүхдийн мөнгөний мэдээллийн системийн алдааг засварлаж чадвал цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг нөхөн олгож, цагаан сар дөхөх учраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж өгнө" гэсэн юм. Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас хүртэл /2022.01.18/ “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт” жагсаалыг төв талбайд зохион байгуулаад амжсан.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР ЛУ.ГАНТӨМӨРИЙГ СОНГОВ

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан Пүрэв гаригт болов. АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авчээ. Тиймээс АН-ын шинэ даргаар Лу.Гантөмөрыг сонголоо. Ингэснээр Лу.Гантөмөрийг даргаар сонгосонд тооцон Их хуралд өргөн мэдүүлэхээр болсон юм.

Намын даргын сунгаанд нэр дэвшсэн З.Нарантуяа шинээр сонгогдсон дарга баяр хүргэж амжилт хүссэн бол С.Баярцогт "Бүх ҮБХ-ны гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн шинээр сонгогдсон даргаа тойрон хүрээлж, нэр төртэйгөөр дэмжиж, Ардчилсан намаа дахин сэргээн мандуулж, төрийн бодлогын залгамж халаа болгохын төлөө хичээн зүтгэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.

ОХУ-ААС МОНГОЛД ТОМИЛОГДОЖ БУЙ 29 ДЭХ ЭЛЧИН САЙД ХЭН БЭ?

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовын бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд томилогдсон шинэ Элчин сайд Алексей Николаевич Евсиков (2023.01.18)-өөс албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрбээр ОХУ-аас Монголд томилогдож буй 29 дэх Элчин сайд юм.

ОХУ-ын дипломатч Алексей Николаевич Евсиков 1961 оны долдугаар сарын 30-нд төржээ. Тэрбээр 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО) төгссөн. Тэр цагаас хойш дипломат албанд гадаад харилцааны чиглэлээр ажиллаж буй. Тэрбээр англи, хятад хэлтэй. Дипломат мэргэжилтэй.

БНХАУ-д суугаа ЗХУ, ОХУ-ын Элчин сайдын яаманд тодорхой албан тушаалууд хашиж байсан Алексей Николаевич Евсиков ОХУ-ын Хятадтай хийх худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг удирдан чиглүүлж иржээ.

ЭРХ БАРИГЧИД ХОЁР ХОНОГИЙН ДОТОР ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭЭД БАТАЛЛАА

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан хуулийн төсөл ид шүүмжлүүлсэн ч эрх баригчид хоёр хоногийн дотор хэлэлцээд баталлаа.

АН-ын даргын сунгаа, нээлттэй сонсголоор далимдуулан нэн яаралтай горимоор хэлэлцэгдэж буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл нь “…хохирогчийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” биш эсрэгээрээ хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эрх баригчдын эрх ашгийг хамгаалах, хангахад чиглэгджээ. Хэрэвзээ, энэ хууль нэн яаралтайгаар батлагдах юм бол авлига авсан нийтийн албан тушаалтны талаарх мэдээллийг хэвлэх, түгээх эрхгүй.  Иргэд мэдэх эрхгүй болох юм. Боохой борооноор гэж энэ.

Ц.Мөнх-Оргил гишүүн чуулганы хуралдааны үеэр шинэ залуу сайд Н.Учралыг зэмлэхдээ "Ийм хууль батлагдах ёстой. Гэхдээ ингэж шуурахгүй ээ Н.Учрал сайд аа. Хуулиа нэгдүгээр сарын 18-нд өргөн барьж, 19-ний өглөө Байнгын хороогоор хэлэлцүүлж, үдээс хойш батлуулж, энэ сарын 20-нд батлуулна гэж ярихгүй. Зургаан жил Засгийн газар ажилласан байж болох ч УИХ-аар хууль баталдаг шүү. Ингэж даналзаж болохгүй шүү. Хөл толгойн хаана байна вэ. Учраа олоорой" гэсэн юм.

ЯРУУ НАЙРАГЧ Ц.ХУЛАНГ НЭГ САР ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 461 дүгээр хорих ангид 48 цаг саатуулсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг /2023.01.19/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түр хойшлуулсан. Татгалзлыг Ерөнхий шүүгч хүлээж аваагүй шүүх хурал нь өнөөдөр болж, түүний нэг сар хорихоор болжээ.

Энэхүү баривчилгааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ "Энэ асуудлаар ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдсон. Яруу найрагч Ц.Хуланг баривчилсан асуудлыг тодруулахад манай харъяаллын хэрэг дээр шалгах шаардлага үүссэн тул баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн" гэв.  Түүнийг 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилж байв.

УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНЫГ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

УИХ-ын намрын чуулганыг өндөрлүүллээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал, Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн гурван Түр хороо ажиллаж, зарим нь дүгнэлт, тайлангаа гаргасан. 

Монголчууд түүхэн сонголтын өмнө ирээд байна. Түүхэн сонголт хийх шаардлага монгол үндэстэнд түүхэн цаг үеүдэд тулгарсаар ирснийг тэмдэглээд хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ. Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог энэ санал асуулгад оролцоно. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн УИХ, түмний элч болсон УИХ-ын гишүүд онцгой хариуцлагатай хандах ёстой" гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж