МАН дүйвээнээр буюу бөөстэй хууль!

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

МАН дүйвээнээр буюу бөөстэй хууль!

МАН дүйвээнээр буюу бөөстэй хууль!

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан хуулийн төсөл  ид шүүмжлүүлсэн ч эрх баригчид хоёр хоногийн дотор хэлэлцээд баталлаа.  Хуулийн гол зорилгоо зөвтгөхдөө “хүн хог”-оор нь дуудсан Н.Учрал сайд  гавъяа байгуулдаг баатар болох гэсэн биш  гал дээр тос нэмэв. Эрх баригчид биднийгээ ул, хог гэж  хардаг, ярьдгийн илрэл л дээ.

АН-ын даргын сунгаа, нээлттэй сонсголоор далимдуулан нэн яаралтай горимоор хэлэлцэгдэж буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл нь “…хохирогчийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” биш эсрэгээрээ хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эрх баригчдын эрх ашгийг хамгаалах, хангахад чиглэгджээ. Хэрэвзээ, энэ хууль нэн яаралтайгаар батлагдах юм бол авлига авсан нийтийн албан тушаалтны талаарх мэдээллийг хэвлэх, түгээх эрхгүй.  Иргэд мэдэх эрхгүй болох юм. Боохойи борооноор гэж энэ.

Олон нийтийн анхаарал АН дээр, нээлттэй сонсгол дээр төвлөрөх хойгуур МАН энэхүү хуулийг яаралтай баталчихна гэж бодсон байх. Иргэд, хэвлэл энэ талаар анхаарахгүй, анзаарахгүй гэж тооцсон ч биз.  Гээд баригдана л даа, баригдана.

Хуулийн төсөл нь  гэрэлд цохигдсоны дараа  Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно хэмээх заалт байсан. Үүнийг хасаж байгаа. Мөн хуулийн 6.1.1, 6.2.1 дахь заалт болон 6.1.3 дахь заалтын заналхийллээс бусад томьёолол хасагдсан” гэж мэдээлэв. Хэрэвзээ олон нийтэд гэрэл цохиогүй байсан бол ингээд батлагдах байсан нь ойлгомжтой.

Тэрчлэн цагаан байрны хуульч, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар"Тус хуулийн 6.3 дахь заалтын томьёолол дээр бага зэрэг найруулгын алдаа гаргаснаас үүдэн иргэдэд буруу ойлгогдчих шиг боллоо. Уг хуулийн заалт нь аливаа албан тушаалтан ажил, албаны чиг үүргээ гүйцэтгэж байхдаа олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтэд түгээхийг хориглосон агуулгатай. Нийтийн албан тушаалтан ажил үйлчилгээгээ хийж байхдаа хүний хувийн мэдээлэлтэй байнга харьцдаг. Уг мэдээллээ олон нийтийн сүлжээнд түгээхийг хориглосон агуулгатай заалт байсан. Энэ заалтыг хэлэлцүүлгийн явцад хассан” гэжээ. Манай хууль боловсруулагчид хуулиа зөв, ойлгомжтойгоор найруулчихаж чаддаггүйн нэг жишээ.

Хуульд нэг цэг, нэг таслал алдбал, асар аюултай.  Хэн нэгнийг хэлмэгдүүлж мэднэ. Иймээс  хуулийн төсөл боловсруулж байгаа санаачилдаг нь, төсөл дээр ажилладаг нь мэдэхгүй чадахгүй бол ядаж монгол хэлний банш нараар хянуулчихаж баймаар. Манай улстөрчдийн бичиг, үсгийн боловсрол тааруу. Тавхан үгнээсээ танигддаг.

Дэд сайд Ж.Эрхэмбаатар “Хуулийн төслийн 6.2.1 дахь заалтад тухайн контентыг хэн нийтэлсэн бэ гэх нөлөөллийг нь харах шалгуурыг тавьсан. Гэвч нөлөө бүхий байдлыг нь харна гэсэн энэ заалт хасагдсан байгаа. Хамгийн харамсалтай нь 6.3 дахь заалт хасагдчихлаа. Бидний буруу” гэсэн байна лээ. Хуулийн төсөл дээрээ сайн ажиллаад бөөс хуурсыг нь шүүрдчихсэн бол юу гэж ийм алдаа, завхрал гаргах вэ дээ.

Аргаа барсандаа спикер нь “Муу боловсруулсан хуулийн төслийн бөөс, хуурсыг парламент түүх ёсгүй” гэж бухимдсан биз.

Сүүлийн жилүүдэд Монголд цахим гэмт хэрэг нэмэгдэж, олон нийтийн сүлжээнд бусдыг ялладаг, хэлмэгдүүлдэг явдал хэвийн зүйл болчихсон. Гэвчиг нуухыг нь авах нэрээр нүдийг нь сохлож болохгүй. Энэхүү хуулийн төслийг хоёр хоног хэлэлцээд УИХ баталчихсан нь ирэх сонгуультай холбоотой ч байх. Өөрөөр хэлбэл, сонгуулиар цахим орчныг хязгаарлаж, өөрсдийнхөө эсрэг мэдээлэл түгээхийг хориглох  гэсэн Ардын намынхны арга заль Н.Учралын үгнээс, Ж.Эрхэмбаатарын залруулгаас уншигдаж, сонсогдлоо.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж