"Галзуу, бэтэг өвчнийг эмчлэхгүй бол амиа ч алдах эрсдэлтэй"

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

"Галзуу, бэтэг өвчнийг эмчлэхгүй бол амиа ч алдах эрсдэлтэй"

"Галзуу, бэтэг өвчнийг эмчлэхгүй бол амиа ч алдах эрсдэлтэй"

Бид олон төрлийн өвчнөөр өвддөг ч тоодоггүй, анзаардаггүй өвчлөл бас байдаг. Тэдгээр өвчний хор холбогдлын талаар ЗӨСҮТ-ийн судлаач Ц.Баяраас тодрууллаа.


-Монгол Улсад хэчнээн төрлийн анзаарагдаггүй өвчнүүд байдаг вэ?

Анзаарагддаггүй өвчнүүдийн бүлэгт нийт 20 өвчин багтдаг. Эдгээрээс галзуу, бэтэг, хамуу, цистециркоз буюу гахайн туузан хорхойн өвчин орно. Хөрсөөр дамждаг гелментийн халдвар, могойд хатгуулах, денги зэрэг өвчнүүдийн хүний өвчлөлийн тохиолдлууд бүртгэгдэж байсан. Мөн лейшманиазын үүсгэгч болох эгэл биетнийг тандалт судалгаагаар илрүүлж байсан.

-Энэ өвчнөөр ямар хүмүүс голчлон өвддөг юм бол ?

-Мал, гэрийн тэжээвэр амьтад тэжээдэг, орчны эрүүл ахуй муу, ядуу, эмзэг бүлгийн хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Өвчний явц хүнд байдгаас эдийн засгийн хүндрэл тулгардаг. Цаашлаад хөдөлмөрийн чадвараа алдах, амь нас нь эрсдэх аюултай. Энэ өвчин нь эрүүл мэндийн салбараас хяналт, сэргийлэлт хомс өвчнүүдийн бүлэгт багтдаг.

-Сүүлийн жилүүдэд эдгээр өвчнөөр хэчнээн хүн өвчилсөн бэ?

-Эдгээр өвчнүүдээс зөвхөн галзуу, бэтэг өвчнүүдийн мэдээлэл нь манай төвд бүртгэгддэг.  2022 онд ЗӨСҮТ-д галзуугийн өндөр эрсдэлт 65 тохиолдол бүртгэгдсэнээс 78 хувь нь нохойд, 8 хувь нь чононд, 6 хувь нь малд, 8 хувь нь бусад амьтанд уруулж, хазуулсан тохиолдлууд эзэлж байна. Монгол Улсад 1972 оноос хойш хүний өвчлөлийн 37 тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн тохиолдол 2020 онд бүртгэгдсэн. Харин бэтэг өвчний хувьд 1990 оноос хойш буюу нийгэм шилжсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн тогтолцоонд бэтэг өвчинтэй тэмцэх зохион байгуулалттай урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мал эмнэлгийн төвлөрсөн хяналтын чанар суларч, улмаар бүртгэл мэдээлэл, оношилгооны асуудал хангалтгүй болсон. ЗӨСҮТ-ийн судлаач Б.Болорын  “Монгол Улс дахь уйланхайт бэтэг өвчлөлийн тархвар зүй, нийгэмд үзүүлэх ачааллын тооцоо болон эмнэлзүйн менежментийг оновчтой болгох нь” нэг сэдэвт бүтээлд “Бэтгийн мэс заслын тохиолдлыг холбогдох эмнэлгүүдийн архивын материал болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикийн мэдээний сангаас шүүж үзэхэд 2006 – 2016 оны хооронд Монгол Улсад бэтгийн мэс засалд орсон өвчтөний тоо дунджаар жилд 60 буюу 100,000 хүн амд 2.2 тохиолдол байна. Мөн аймгийн эмнэлгүүдийн архивын материалаас оношлогдсон тохиолдлын тоонд судалгаа хийж, урьдчилсан байдлаар тооцож үзэхэд мэс заслын тохиолдлын тооноос 7 дахин их байна гэж дүгнэсэн нь энэхүү өвчин манай улсад сэргэн тархаж байгаа төдийгүй онцгой анхаарах шаардлагатай болсныг харуулж байна.

-Эдгээр өвчин эмчлэгдэх боломжтой юу?

-Галзуу өвчнийг нийгмийн эрүүл мэндийн индикатор илэрхийлэх үзүүлэлт өвчин гэж олон улсад үздэг. Энэ нь тухайн улс оронд хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдвэл нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ муу, сул байна гэсэн ойлголтыг шууд төрүүлдэг. Учир нь галзуу бол нэгэнт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчилгээ байхгүй, нас баралтаар төгсдөг тавилантай өвчин боловч түүнээс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой юм. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцин эмчилгээтэйгээс гадна бусад хэлбэрийн урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээнүүд байдаг. Тиймээс иргэд галзуугийн сэжигтэй амьтдад хазуулж, уруулж, шүлсдүүлсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

Бэтэг өвчин нь эмчлэхэд төвөгтэй, өндөр өртөгтэй байдаг тул мэс засал хийх, удаан хугацаагаар эм хэрэглэх шаардлагатай болдог. Урьдчилан сэргийлэх үндсэн үйл ажиллагаа нь жинхэнэ эзэн болох нохойг туулгаж, эрүүлжүүлэхэд чиглэгддэг. Уйланхайт бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нохойны туулгалт, мал нядалгааны эрүүл ахуй, олон нийтийн боловсрол чухлаар тавигддаг. Энэ өвчин их хүндэрсэн тохиолдолд мөн нас баралтад хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж