Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж буй “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв, түүний харьяанд үйл ажиллагаа явуулж буй Монголын баримт шалгах төв (Mongolian Fact-checking Center) эсэргүүцэж, энэхүү уриалгыг хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд, олон нийтийн сүлжээ хэрэглэгчдэд хандан гаргаж байна.
Манай ТББ нь Meta компанийн хөндлөнгийн баримт шалгагч байгууллагаар албан ёсоор ажилладаг бөгөөд энэ хүрээнд цахим орчинд тархаж буй буруу ташаа мэдээллийг баримтаар нягталж, хэрэглэгчдэд үнэн бодит мэдээлэл хүргэх, буруу ташаа мэдээлэл хүлээн авсан хэрэглэгчдэд анхааруулга хүргэх байдлаар үйл ажиллагаа явуулдаг.
Гэвч d.parliament.mn сайтад байршсан хуулийн төслийн агуулгатай танилцахад төслийн танилцуулгад дурдсан цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулгууд нь харин ч асуудал шийдэгдэх шат дамжлагыг олшруулж, хугацааг удаашруулах нөлөөтэй, эсрэгээрээ олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, төрийн байгууллагад мэдээллийн орчныг зохицуулах давуу эрх мэдэл олгох зэрэг ардчилсан оронд хүлээн зөвшөөрөх боломжгүй агуулгуудыг багтаажээ.
Зөвхөн Монголд төдийгүй олон улсын хэмжээнд ковидын эрсдэл, хүүхдийн эрх, хуурамч мэдээлэл зэрэг олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц шалтгаанаар халхавч хийн, ижил төрлийн хууль баталж, төрийн байгууллага өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх, нийгмийн чөлөөт хэлэлцүүлгийг хязгаарлах байдал нэмэгдсээр байгааг олон улсын хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг байгууллагууд удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.
Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь нийгмийн тулгамдсан нэн чухал асуудал мөн боловч үүнийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах замаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Тиймээс манай төв дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн сүлжээ хэрэглэгч та бүхнийг өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүгээр дамжуулан олон нийтийн мэдэх эрхийг хангах боломжоо хадгалж авч үлдэхийн тулд дуу хоолойгоо илэрхийлэхийг уриалж байна.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хамгаалахыг хүссэн хэн бүхнийг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна. Та бүхэн дараах линкээр нэвтэрнэ үү.
Хэзээ: 2022.01.20 16:30-аас
https://us02web.zoom.us/j/82593768517
Meeting ID: 825 9376 8517
Passcode: 688555
Холбоотой мэдээ