Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2023.01.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н. Сугар:
Улаанбаатар хотын 13 сая м2 талбайг Тохижилт үйлчилгээ, хот тохижилт захирагчийн ажлын алба хариуцан цэвэрлэдэг. Халтиргаа гулгаагүй, иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд хувийн аж ахуй нэгжүүдийн хүч дэмжлэгийн авах санаачилгыг Захирагчийн ажлын албанаас гаргасан. Тэгэхээр хамтран ажиллах аж ахуйн нэгж байвал нээлттэй, хүсэлтийг хүлээн авна. Өмнө нь гэрээ байгуулсан байгууллагуудаас шинжилгээ шаардахгүйгээр давс, бодис хүлээн авдаг байсан тогтолцоог өөрчилсөн. Цаашдаа авто замын цэвэрлэгээнд чанаргүй давс, бодис нийлүүлсэн гэдэг асуудал үүсэхгүй. Зам талбай цэвэрлэх 28 машинтай холбоотой асуудал үүсээд байгаа. Эдгээр машинууд зөвхөн цас цэвэрлэхгүй, давс бодис ч цацна. Манай улсад оруулж ирж буй эдгээр техник нь жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой. Тэдгээр машинд манай орны нөхцөлд тохирох нэмэлт суурилуулалт хийсэн учир цахимаар цацагдаад байгаа үнээс зөрүүтэй.
Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа:
-Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа хийсэн болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар иргэддээ нээлттэй мэдээлэл хүргэх зарчмаар ажиллахаар тогтсон байгаа. Энэ ажлын хүрээнд иргэдийн оролцоог Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэмэгдүүлэхийг зорьж байна.
Цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой өнгөрсөн хугацаанд зарим нэг алдаа гарсан, зарим зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байлаа. Энэ онд хувийн хэвшлийн ААНБ-уудыг нийслэлээс зарлаж байгаа худалдан авах ажиллагаанд өргөнөөр оролцох, машин тоног төхөөрөмж хүн хүчний шаардлага хангаж байгаа ААН-үүд Улаанбаатар хотын хот тохижилт болоод хог цэвэрлэгээний ажилд өргөнөөр оролцохыг уриалж байна. Төрийн ажлыг иргэдэд хурдан хүргэхийн тулд орон нутаг руу зарим төсвийн хуваарилалтыг шилжүүлэх чиглэл өгсөн. Захирагчийн ажлын алба өөрөө хот нийтийн салбарт байгаа бүх асуудлыг хариуцаж явдаг. Тэгэхээр энэ ажилд төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Дараагийн асуудал бол технологийн дэвшил рүү орох цаг хугацаа болсон. Гар аргаар цэвэрлэгээ хийх бус илүү дэвшилтэт тал руугаа явна.
Улаанбаатар хотын орчны бохирдол хог хаягдлын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ:
-Нэгдүгээр сарын 13-ны өдөр Хотын ерөнхий менежерийн тушаалын дагуу зохион байгуулсан их цэвэрлэгээнд 18 мянган ААН, байгууллага, 30 мянган иргэд оролцсон. Явган хүний зам болоод халтиргаа гулгаа үүсгэдэг, цэвэрлэж амжаагүй зам талбайг цэвэрлэхийг гол зорилго болгон ажилласан. Оролцоо маш сайн байсан.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г. Гангамөрөн:
-Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлаагаар 21 аймаг 9 дүүргийн хамтарсан "Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар боллоо. Тус үзэсгэлэн худалдааг “Шинэ 100 айл” худалдааны төвд нээнэ. Монголчууд цагаан сарын баярын бэлтгэлд 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэх судалгаа гарсан. Энэ мөнгөний 70 гаруй хувь буюу 1 их наяд орчим төгрөгийг гаднын орны бүтээгдэхүүн худалдан авахад царцуулдаг байгаа. Тиймээс бид нэг сарын хугацаанд улсын хэмжээнд байгаа 920.000, Улаанбаатар хотод байгаа 418.000 айл өрхийн сар шинийн баярт хэрэглэгддэг зүйлсийн судалгааг гаргаж, үндэсний үйлдвэр эрхлэгчд хийх боломжтой гэж үзсэн. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид түрээс төлөхгүйгээр 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх томоохон арга хэмжээ болно.