Сөүлийн ядуусын хороололд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

Сөүлийн ядуусын хороололд гал гарчээ

Сөүлийн ядуусын хороололд гал гарчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Гурён хороололд өнөөдөр /2023.01.20/ өглөө томоохон гал гарч, 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Гурён хороолол нь Сөүлийн хамгийн сүүлчийн ядуусын хорооллуудын нэг юм. Гал өглөөний 06:28 цагийн орчимд дөрөвдүгээр дүүрэгт гарсан ба гал сөнөөгчид таван минутын дараа иржээ. Гал сөнөөгчид 11:50 минутын үед галыг унтраасан. Нийт 2700 метр кв орчим талбай галд сүйдэж, 60 гаруй байшин шатжээ. Тус хорооллын ихэнх барилга байшин нь винил хавтангаар баригдсан. Хүн нас барж, гэмтсэн талаар мэдээлэл одоогоор алга байна.

Гал сөнөөгчид, цагдаа, засгийн газрын албан тушаалтнууд гээд 800 гаруй хүн хэргийн газарт дайчлагдан ажиллаж байна. Мөн 10 нисдэг тэрэг ажиллажээ.

Ерөнхийлөгч Юн Сук Ёл энэ үед Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форумд оролцож буй. Тэрбээр галын тухай мэдээг аваад, боломжтой бүх л боловсон хүчин, техник хэрэгслийг дайчлахыг засгийн газарт үүрэгджээ.

Гурён хорооллыг элдэв гамшигт өртөх магадлал өндөртэй гэж албаны хүмүүс эртнээс анхааруулсаар ирсэн. Тухайлбал, 2019 онд Ганнам дүүргийн албан ёсны цахим хуудаснаа Гурён хорооллыг гал түймрийн эрсдэлтэй гэж анхааруулж байв. Өнгөрсөн оны наймдугаар сард БНСУ-д хүчтэй аадар бороо орж, үерийн аюул нүүрлэсэн тухай бид мэдээлж байсан. Гурён хороолол ч тухайн үед үерт автаж, 13 хүн нас баржээ. Мөн “Parasite” киногоор танигдсан зоорийн давхарт олон хүн гацсан.

Баян чинээлэгээрээ алдартай, Сөүлийн Беверли Хиллс гэж нэрлэгддэг Ганнам дүүрэгт Гурён хороолол байрладаг. Энэ хороолол нь Өмнөд Солонгос улсын иргэдийн баян, ядуугийн ялгааг тод томруун харуулдаг газар юм. Яагаад гэвэл Гурён хорооллоос км хүрэхгүй зайд Ганнам дүүргийн тансаг зэрэглэлийн орон сууцнууд байдаг. Хорооллын дахин төлөвлөлтийн төлөвлөгөө арван жил орчим яригдаж байгаа ч удирдах шатны байгууллагуудын санал зөрөлдөөн, газрын нөхөн олговортой холбоотойгоор ахиц муутай байна. Гэхдээ 2019 оны байдлаар уг хорооллоос 406 өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ нь нийт хүн амынх нь 30 гаруй хувь юм. Өдгөө 1000 гаруй оршин суугч Гурён хороололд оршин сууж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж