Х.Баттулга аа, таныг төр дуудсан тайлбараа өгнө үү!

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

Х.Баттулга аа, таныг төр дуудсан тайлбараа өгнө үү!

Х.Баттулга аа, таныг төр дуудсан тайлбараа өгнө үү!

УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол  өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэхүү сонсголоор “Пирамид орд” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудаад буй юм.

Учир нь, “Пирамид орд” ХХК нь 2018 онд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөлт хийгээгүйгээс 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсч, шүүхэд очсон. Одоо зээлийн үлдэгдэл 25.4 тэрбум төгрөгт хүрээд байна.

Тус компани Хөгжлийн банкнаас зээл авахдаа МоАХ-ны газрыг барьцаалсан нь Ардчилсан намынхны анхаарлыг хамгийн ихээр татаж буй юм.  296 айлын орон сууц барихад шаардагдаж буй санхүүжилтийг Хөгжлийн банкнаас “босгосон” байдаг. Хэр баргийн бизнесмэнд олддоггүй Хөгжлийн банкны зээлийг Г.Цолмон авч чадсан нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаалаараа нөлөөлөв үү гэж хардахад ч хүргэж буй. Г.Цолмон нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр нөхөрлөж иржээ. Мөн Х.Баттулга МоАХ-ны газрыг Хөгжлийн банкинд барьцаалан зээл авах эрхийг түүнд олгосон нь хэр ойр нөхөрлөдөг вэ гэдэг нь эндээс харагдана.

Анхаарал татаж буй хоёр дахь асуудал нь 296 айлын “Буман залуус” орон сууц нь баригдаж, ашиглалтад орсон ч  Хөгжлийн банкны зээлийг төлөөгүй, тэгсэн атлаа оршин суугчдын төлбөр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Тамын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмаагийн хувийн дансаар төлсөн нь хуулийн байгууллагынхны шалгалтаар нотлогдсон тухай хэвлэлүүд мэдээлсэн. Иймээс сонсголд ач холбогдон өгөн ирж, тайлбар өгөх ёстой хүн нь яах аргагүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга болж буй. Хашиж явсан албан тушаалаа бодсон ч, дэд дарга зэрэг ойр тойрныхон нь яагаад энэ асуудалд холбогдов гэдэгт ч тайлбар хийх ёстой.

Энэхүү нээлттэй сонсголд хувийн хэвшлийнхэн ач холбогдол өгч, бизнес эрхлэгчид өөрийн биеэр оролцож байгаа нь нэг талаар төрөө, ард түмнээ хүндэтгэсэн, нөгөө талаар Хөгжлийн банкнаас авсан зээлээ яагаад цаг хугацаандаа төлж чадахгүй болов гэдэгт бодит тайлбар хийн, Монголд бизнес эрхэлнэ гэдэг амаргүй даваа болохыг ойлгуулж буй хэсэг ч байна.

Тухайлбал, "НВЦ" ХХК  Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрийн цогц төсөл хэрэгжүүлэхээр 21 сая ам.долларын зээл Хөгжлийн банкнаас авсан байдаг. Одоогоор зээлийн үлдэгдэл нь 19.37 тэрбум төгрөг аж.

Эдийн засгийн хүндрэл, цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэл учирч ирсэн. Гэхдээ шүд зуун ажилласны хүчинд 700 мянга гаруй шувуутай болж, жилд 200 орчим сая өндөгийг борлуулж, импортоор орж ирдэг өндөгний эрэлтийг 40 хувиар бууруулж чадсан байна. Жилдээ татварт 10 гаруй тэрбум төгрөг төлж байгаа бол орон нутагт 200 гаруй, Улаанбаатарт 300 гаруй ажлын байр бий болгожээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас авсан зээл нь асуудалтай гэдэг ангилалд орсон ч хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах чухал төсөл хэрэгжүүлсэн болох нь ойлгогдож буй.

Түүнчлэн “Гранд лайн” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Чулуудай мөн өмгөөлөгчийнхөө хамтаар өчигдөр болсон сонсголд оролцож, тайлбараа өгсөн. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхэлсэн байсан гэр хорооллыг барилгажуулах төсөлд “Гранд лайн” компани шалгарч, төслийг эхлүүлэхээр болсон ч хотын захирагч асан Э.Бат-Үүл хүүгийнхээ компанийг шалгаруулчихлаа гэдэг улс төрөөс болж, энэхүү төслөөс гарахаас аргагүйд хүрч, Бэрэн групптэй хэлцэл хийснээр ажлаа тус компанид шилжүүлсэн тухайгаа тайлбарласан юм. Мөн гэр хорооллыг барилгажуулах төсөлд тухайн үеийн хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нөлөөлөх боломж байгаагүй. Учир нь, гэр хорооллыг барилгажуулах энэхүү төсөлд нийт 14 компани өрсөлдсөнөөс иргэд “Гранд лайн”-ыг сонгосон. Энэхүү сонгон шалгаруулалтад хотын дарга оролцох эрхгүй байдаг.

Нөгөөтэйгүүр, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байх вий гэдэг болгоомжлолын үүднээс Б.Чулуудай хуулийн байгууллагад хандаж, энэ асуудлыг шалгуулсан. Улмаар эл асуудал шүүхээр орж, дэнлсэгдсэнээр хэрэг биш гэж үзэн, цагааджээ.

Энэ мэтчлэн асуудлаа ярьж, учир начрыг нь гаргаж буй гэрчүүд олон байна.

Иймээс Хөгжлийн банкийг “тоносон” хэрэгт буруутгагдаад буй улстөрчид сонсголд биечлэн оролцож, бодит тайлбараа өгөх нь ард түмний мэдэх эрхийг хангахад ч дөхөмтэй, үүрэгтэй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж