Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3 заалтын талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр /2023.01.20/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэ хуулийн 6.3 заалтын томъёолол дээр найруулгын алдаа гарснаас болж, олон нийт буруу ойлголт авсан байна. Уг хуулийн заалтаар албан тушаалтан хүн ажиллаж байхдаа өөрөө олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтэд түгээхийг хориглосон юм. Жишээлбэл, татварын байцаагч нар хувь хүний дансны мэдээллийг задруулж, мэдээлэл эзэмшигчийн зөвшөөрөлгүй авсан гэх шүүмжлэл гарч байсан. Энэ хүрээнд нийтийн албан тушаалтан ажил мэргэжлээ хийх явцдаа хүний хувийн мэдээлэлтэй байнга харилцдаг. Энэ мэдээллийг л олон нийтийн сүлжээнд цацахыг хориглосон. Энэ заалт хуулийн хэлэлцүүлгийн явцад хасагдсан.
Хүний талаар илт худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулиар зохицуулсан байгаа. Хүнийг гүтгэх, доромжлохыг Зөрчлийн хуулиар зохицуулсан.
Энэ хуулийн 6.1.3 заалтад эдгээр үйлдлүүдийг тоочин бичсэн байсныг бас хассан. Гагцхүү цахим орчинд олж авсан, зураг мэдээллээр заналхийлэх гэдэг үйлдлийг үлдээсэн. Учир нь ийм зорилгоор мөнгө авч, бэлгийн харилцаанд орсон гэмт хэргүүд гарсан. Ер нь энэ хуулийг ямар харилцааг зохицуулах вэ, ямар зорилготой вэ гэхээр олон нийтийн сүлжээнд жирийн иргэдээс гадна гэмт хэрэгтнүүд нүүрээ нуугаад оршиж байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг 2021, 2022 онд садар самуунд хүүхдийг уруу татсан гэмт хэрэг 18 дахин, цахим залилан 108 дахин өссөн байна. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ч хохирогч нэн тэргүүнд тэр үйлдлийг таслан зогсоохыг л хүсдэг. Одоо цагдаа, ХЗДХЯ, ЦХХХЯ өөр өөрийн шугамаар зохицуулж, иргэдийн хүсэлтийн дагуу 35 хувийн хуурамч хаягийг хааж байгаа. "Фэйсбүүк" компаниас танайд хууль эрх зүйн орчин байхгүй байна гэдэг. Энэ үнэн. Бид ямар контентыг агуулгын хувьд зөрчилтэй вэ гэж тодорхойлоогүйгээс олон төрлийн зөрчил гарч байна.
Холбоотой мэдээ