УИХ-ын намрын чуулганыг өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

LiveУИХ-ын намрын чуулганыг өндөрлүүллээ

УИХ-ын намрын чуулганыг өндөрлүүллээ
18 : 17
2023-1-20

УИХ-ын намрын чуулганыг өндөрлүүллээ

УИХ-ын намрын чуулганыг өндөрлүүллээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал, Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн гурван Түр хороо ажиллаж, зарим нь дүгнэлт, тайлангаа гаргасан. 

Монголчууд түүхэн сонголтын өмнө ирээд байна. Түүхэн сонголт хийх шаардлага монгол үндэстэнд түүхэн цаг үеүдэд тулгарсаар ирснийг тэмдэглээд хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ. Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог энэ санал асуулгад оролцоно. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн УИХ, түмний элч болсон УИХ-ын гишүүд онцгой хариуцлагатай хандах ёстой" гэсэн юм. 

16 : 55
2023-1-20

Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа

Санал хураалт эхэллээ. Хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар АББХ-д шилжүүллээ. Иймээс хууль эцэслэн батлагдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Тэрбээр “Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ажлын хэсэг байгуулж ажиллана. Хэрвээ хүний эрхийн зөрчил, үзэл бодлоо илэрхийлэх зөрчил  гарах юм энэ хуулийг тухайн заалтыг өөрчлөх саналыг намуудын хамтарсан ажлын хэсэг хянан үзээд гуравдугаар сарын 15-ны өдөр хаврын чуулганаар хэлэлцэх чиглэл өгч байна” гэлээ.

15 : 07
2023-1-20

Чуулганы хуралдаанаас Ардчилсан намын бүлэг дахин завсарлага авав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. 

Уг төсөлд олон нийтийн сүлжээн дэх зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж хүлээн авч, 72 цагийн дотор хянан хариу өгөхөөр заасан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2 цагийн завсарлага авсан нь дууссан тул ийн үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. 

Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг дахин завсарлага хүсч, УИХ-ын дарга хүсэлтийг хангалаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Энэ төслийг Засгийн газар яагаад маш яаралтай горимоор УИХ-д оруулж ирж, хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ. УИХ хуулийн төслийг гурав дөрөв хоногт багтаан хэлэлцэн батлаад, хэдхэн хоногийн дараагаас хэрэгжүүлэх гээд байна вэ. Яагаад цахим сүлжээг хянах гээд байна вэ. Буруу агуулгатай контент гэдгийг хэн тогтоох юм. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд цахим хэрэглээг хаана гэж байгаа, энийг хэн тогтоох юм бэ гэхчлэн маш олон зүйлийг тодруулах шаардлагатай. Тийм учраас завсарлага хүсч байна" гэсэн юм. 

Завсарлагын хугацаа 16.30 цагт дуусах тул тэр болтол чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна. 

 

11 : 18
2023-1-20

Троллчид битгий энэ хуульд оролц

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж АН-ын бүлэг завсарлага авлаа. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Гоё нэртэй хууль орж иржээ. Олон нийт энэ хуульд эсрэг байр суурь илэрхийлж байна. Мэдээж, энэ хуульд сайн тал ч бий. Энэ хуулийн хэлэлцүүлгийг харахад ХЭҮК-ынхан санал нэгдэхгүй байна лээ. Сошиал хэрэглэгчдийн санаа бодлыг тусгалгүйгээр, нэг өдрийн дотор хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт ордог байж болох уу. Засгийн газраас яаралтай хэлэлцэх асуудал байдаг. Гэхдээ эдийн засгийн асуудал багтдаг. Түүнээс биш уг хууль эдийн засгийн асуудалтай ямар байдлаар холбоотой болчхоод яаралтай горимоор орж ирэх болчхоод байна вэ. Хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн болохоор чуулган завсарлахаар ажлын хэсэг гарч, сайн муугаа тал бүрээс нь ярилцах зүйтэй. АН-ын бүлгээс хаврын чуулганаар хэлэлцэх байр суурьтай байна. Энэ хуулийн хэлэлцүүлгийн явцаас тав хоногийн завсарлага өгөөч гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Ажлын хэсэгт хэвлэл мэдээлэл, ХЭҮК, нэр бүхий сэтгүүлчид, олон нийтийн байгууллагаас тодорхой саналыг өгсөн. Энэ хууль 2017 онд боловсруулагдсан. 10 гаруй хууль тогтоомж байсан. Тухайн үеийн Хууль зүйн яам боловсруулж байсан. С.Одонтуяа гишүүн хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах, миний хувьд Хүүхдийн хүмүүжил, тэдгээрийн сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хууль гээд олон хууль байсан. Судалгааны хувьд маш хангалттай бүрдсэн. Олон жил хүлээгдсэн хуулийн төслийг холбогдох саналуудыг аваад оруулж ирсэн. Цахимаар залилах хэрэг нэг жилд 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самуун сурталчлах хэрэг 2.8 дахин өссөн. Эрүүгийн хуулийн 34 гэмт хэргийн 94 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байгаа. Өдөр ирэх тусам энэ тоо нэмэгдэж байна. Энэ хуулийг даруй батлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаас нь контентод холбогдох үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай харилцах сувгаа тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь Мета компани бидэнтэй хамтарч ажиллаач ээ, та нар хууль эрх орчинтой болбол бид төлөөлөгчийн газраа байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтарч хийе гэдэг саналуудыг ярилцсан учраас энэ хуулийг оруулж ирсэн. Өчигдрийн хувьд нийтийн албан тушаалтан, хувь хүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд нийтэлдэг банк санхүүгийн гүйлгээний тайлан тавьдаг, иргэдийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтэлдэг байдал байж болохгүй гэдэг утгаараа хуультай нийцүүлсэн 6.3 дах заалтыг нийгэм буруу ойлгож шүүмжилсэн. Эцсийн хэлэлцүүлэгт УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 6.3 заалтыг хассан, мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор харгалзаж үзэх үндэслэлд “олон нийтэд нөлөө бүхий этгээдүүд” гэдэг заалтыг мөн хассан. Мөн гүтгэх, доромжлох заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай юм гэдэг тодорхой санал өгсөн учраас цахим дотроо хүнийг “заналхийлэх” агуулгаар явж болох учраас заавал энэ заалт байх шаардлагагүй гэдэг утгаар гүтгэх доромжлох гэдгийг хуульчилж өгөөгүй. Тэгэхээр зөрчилтэй контентод 11 заалт хамаарагдаж байгаа учраас энд ямар ч асуудал бэрхшээл үүсэхгүй.

Хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш, төрийн үүргийг 80 хувь хуульчилсан. Мөн хохирогчдыг хамгаалах хууль болсон.

Би хувьдаа троллчид буюу уул ус хадны зурагтай байгаа хүн биш хүн сэгүүдийг шүүмжлээд байгаа шүү. Троллчид битгий энэ асуудалд оролцоод бай. Ард түмэн харж байна. Тиймээс хуулиа гаргах хэрэгтэй. Цахим гэмт хэрэг цаг минутаар өсч байна.

10 : 51
2023-1-20

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх ёстой

С.Бямбацогт

“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалт орж ирлээ. Жагсаалтыг харахад 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд 2020 оны нэгдүгээр сард УИХ-ын тогтоолоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу 40 орчим хууль батлах ёстой. УИХ-ын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын хяналт шалгалтын тухай хууль гэхчлэн олон хууль баталсан. Батлагдаагүй олон хууль хүлээгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хуулиудаа баталмаар байх юм. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хууль юм. Монгол Улсын газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна, төрийн мэдэлд байна гэдгийг Үндсэн хуульд оруулсан. Гэсэн мөртлөө хүртэж чаддаггүй. Энийг хүртэхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах ёстой. Энэ хууль орж ирдэггүй.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-С.Бямбацогт гишүүний хөндсөн асуудал байнгын хорооны хурал дээр яригдсан. Нэн ялангуяа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 40 хуульд өөрчлөлт оруулахаас 13 хуульд өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн онд Хяналт шалгалтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс нээлттэй сонсгол, иргэний хяналт УИХ баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг шалгах шинэ соёл нөхцөл хэрэгжиж эхэлдэг. Үндсэн хуульд өөрчлөлт орсноор бүх юм сайхан болчихгүй. Органик хууль процессын хуулиар сайжруулаад 7-8 жил явж байж хуулийн үр дүн гардаг. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсангүй. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногддог байх эрх зүйн орчныг бий болгох, ирээдүй хойч үедээ тэгш шударга хүртээмжтэй эрх зүйн үндсийг тогтоох шаардлагатай. Гэтэл одоог хүртэл Үндэсний баялгийн сангийн хууль өргөн баригдаагүй, хэлэлцэгдээгүй. Улс төр, улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль ажлын хэсэг байгуулсан. Өргөн баригдахгүй, хэлэлцэхгүй байна. Энэ хуулийг хэлэлцэхийг ТББХ-д тавьсан ч өргөн баригдаагүй хуулийг төслийг хэлэлцэх боломгүй учраас жагсаалтад ордоггүй гэсэн үндэслэлээр ороогүй. Тэгэхээр 2,3 дугаар заалтыг нэмэх хэрэгтэй.

10 : 30
2023-1-20

Ахмадуудын тэтгэврийг шинэчлэн тогтоох хуулийг МАН гацааж байна

УИХ анхдугаар чуулган Пүрэвдорж(18)

УИХ-ын чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Хөдөө орон нутагт ажиллах талаар УИХ-ын даргын байр суурийг дэмжиж байна. Завсарлахаар орон нутагтаа сайн ажиллаж, айлуудаар ороорой. Хаврын чуулганаар хэлэлцэх тодорхой иргэдийн саналыг авчирч тусгах нь чухал. Хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хууль орж ирж байна. Хаврын чуулганаар батлах эрмэлзэлтэй байгаа. Гэвч Боловсролын багц хууль орж ирээд хоёр жил боллоо. Түүнтэй адилхан Нийгмийн даатгалын багц хуулийг он дамжиж хэлэлцэх вий. Энэ талаар мэдлэгтэй гишүүн С.Чинзориг сайд хийснээр энэ хууль цалгардах вий. Ахмадуудын тэтгэврийг нөхөж бодох хуулийн агуулгыг Нийгмийн даатгалын багц хуульд оруулж, долоон жилээр бодуулсан ахмадуудыг хохиролгүй болгохыг МАН-ын гишүүд шаардаж өгөөрэй. АН энэ хуулийг дуу нэгтэйгээр дэмжиж байгаа ч гацаагч нь МАН юм.

 УИХ-ын намрын ээлжит чуулганаар өнөөдөр /2023.01.20/ хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна.

БААСАН ГАРАГ /2023.01.20/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

2

ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН

·      Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дэх төрийн оролцоог хялбаршуулах хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдийн талаар

·      Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

·      “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хаалт

14.00

“Их хуралдай”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж