Хонхны дуу биднийг сэрээнэ
Хонхны дуу зоригийг бадраана
Хонхны дуу…
Хоёр жил талцсан АН-ынхан өчигдөр хонхны дуугаа эгшиглүүлж, намын даргаараа Лу.Гантөмөрийг сонголоо. ҮБХ-ны хурал өглөө гишүүдийн ирц өндөртэйгөөр эхэлж, АН-ын бүлгийн гишүүд, хууччуулаас эхлээд, улстөрд танигдсан эрхмүүд цугларч, саналаа өгөв. Даргыг тодруулахдаа 293 ҮБХ-ны гишүүдийн нууц санал хураалтыг зохион байгуулсан юм. Үүнээс өмнө нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, АН-ын даргад нэр дэвших, цаашид АН-ын хувь заяаг хэрхэн шийдэх талаар бодлогоо индэр дээрээс дуулгасан юм. Эргэн сануулбал, ээлжит сонгууль хаяанд тулсан тул даргагүй, тамгагүй хоёр жил талцсан АН өнгөрөгч арванхоёрдугаар сард эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, өчигдөр үр дүнгээ үзлээ. Өнгөрөгч намраас хойш улстөрийн хүрээнд С.Баярцогтыг намын дарга болгохоор тохирчээ гэх яриа гарсан нь олны анхаарлыг татаж байлаа. Худлаа биш ч үндсэндээ фракцуудын эвлэрлийг зохион байгуулж, тэднийг нэгтгэж чадсан автор нь С.Баярцогт байв.
АН-ЫН ЭВ НЭГДЛИЙН АВТОР С.БАЯРЦОГТ БАЙВ
Илтгэлдээ тэрбээр “Энд цугласан бүх хүн намын даргаа сонгохоор ирсэн. Та яагаад АН-ын дарга болох гэж байна вэ гэж олон хүн гайхаж байсан. Энэ үед ийм асуултыг хамгийн түрүүнд тавих байх. Тавдугаар сард хуваагдсан хоёр намын залуус надад санал тавьж, биднийг эвлүүлж өгөөч гэж хүссэн. Тасралтгүй олон уулзалт хийсэн. Миний ээж 82 настай “Миний хүү ээж нь амар амгалан бурхны оронд очмоор байна. Миний хүү одоо зүгээр байж болдоггүй юм уу” гэж. Би жаахан бодсон, ээждээ хэлсэн “Манай нам хагарсан байна, даргагүй байна. Цаашид бид сонгуульд орж чадахгүй юм шиг байна. Энэ үед оролцохгүй бол олон жилийн дараа ардчиллынхаа ололтоос ухарч, үр ач нартаа юу хэлж суух юм. Ямар ч байсан оролдож үзье. Залуус итгээд ирж байна” гэж хэлсэн. Одоо ээж минь өдөр бүр асуудаг “Миний хүү нам нь нэгдэх гэж байна уу. Учир зүйгээ олох гэж байна уу, эвлэлдэж чадах нь уу” ийм л зүйлийг асуудаг. Энэ бол ардчилалд хайртай хүн бүрийн асуудаг асуулт байх гэж бодож байна. Мэдээж намын даргад өрсөлдөх сонголт бол хариуцлагатай, нэр хүндтэй. Энэ цаг үед хамгийн хэцүү ийм ажил. “Та хэн юм бэ”, Монголдоо хамгийн өндөр антрейкинтэй энэ хүн АН-ыг аваад сонгуульд орж ялуулж чадах юм уу. Бараг уулзсан бүлэг, фракц бүрийн эхний асуулт энэ байсан” гэж хэлнэ лээ.
НАМЫН ХУВЬ ЗАЯАГ Л.ГАНТӨМӨРТ АТГУУЛАВ
Харин АН-ын даргаар сонгогдсон Лу.Гантөмөрийн хувьд “хэрвээ С.Баярцогт намын даргад нэр дэвшвэл, би дэвшинэ” гэж шулуухан хэлжээ. Энэ талаараа ч илтгэлдээ тодотгоод сүүлд даргаар сонгогдсоны дараа С.Баярцогтод чин сэтгэлээсээ баяр хүргэсэн юм. Тэрбээр ҮБХ-ны 152 гишүүдийн саналыг авч, АН-ын дарга болсон. Илтгэлдээ “Манай намын хувьд "Эв нэгдэл бол ус агаар мэт амин чухал зүйл болоод байгаа. Ардчилсан нам хэрхэн шинэчлэгдэхээс Монгол Улс цаашид хөгжих эс хөгжих нь шууд хамаарах юм гэдгийг цаг хугацаа харуулж байна. Бид эвтэй хариуцлагатай, хүчирхэг Ардчилсан нам, зах зээлд чиглэсэн хэв маягийн Ардчилсан нам, Нээлттэй дижитал Ардчилсан нам болох болно” гэдгийг онцолсон юм. Заалны уур амьсгалаас дүгнэхэд түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр дэмжиж, дарга болгохоор "тохирчээ".
АН-Д ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Нэр дэвшигч З.Нарантуяа хамгийн анх ҮБХ-ны ээлжит бус хуралдаанд эмэгтэйчүүдээ төлөөлөн намын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчийн илтгэлдээ “Улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд, ядуурал, ажилгүйдлийн хэмжээ дорвитой буурахгүй, хулгай, авлига, нийгмийн бухимдал, удирдлагын ёс зүйн доройтол доод түвшинд хүрч байна. Ард иргэд хүчтэй сөрөг хүчин, шударга, чадварлаг, сэтгэлтэй улс төрчдийг олноор бэлдэж, төрийг “цэвэрлэх”- ийг шаардаж байна. Эрх чөлөө, эв эеийн төлөө улс төрийнхөө идэвхтэй үйл ажиллагаанд эргэж орохоор шийдсэн” гэсэн юм. Харамсалтай нь 12 гишүүний санал авсан нь намд эмэгтэйчүүдийн дуу хоолой сул байгааг илтгэлээ.
С.ЭРДЭНЭ ШИНЭ ДАРГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
Нэр дэвшигчдийн илтгэлийн дараа асуулт хариулт үргэлжилж, заал тэр чигтээ тэдний хариултыг амьсгаа даран хүлээж байв. Энэ удаагийн ҮБХ-ны хуралд С.Эрдэнэ, Х.Баттулга нар оролцоогүй. Тэдний зүгээс энэ үйл явцыг хууль бус гэх байр суурийг илэрхийлж буй. Ингээд санал хураалтын дүнг танилцуулж, цаашид АН-ын хувьд заяаг Лу.Гантөмөрт гишүүд атгуулав. Намын дарга гэдэг намын “уураг тархи”, гол бодлогыг зангидагч. Энэ утгаараа Лу.Гантөмөрт намаа нэгтгэх, ирэх сонгуульд ялалт байгуулах том даваа түүний нуруун дээр ирлээ. Ямартай ч АН даргатай боллоо. Цаашид Улсын дээд шүүх Лу.Гантөмөрийг намын даргаар бүртгэх үү гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.