Европын банкнаас зээл авах байсан ч дотоодоос санхүүжүүлэх зөвлөмж гаргасан

Хуучирсан мэдээ: 2023.01.20-нд нийтлэгдсэн

LiveЕвропын банкнаас зээл авах байсан ч дотоодоос санхүүжүүлэх зөвлөмж гаргасан

Европын банкнаас зээл авах байсан ч дотоодоос санхүүжүүлэх зөвлөмж гаргасан

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотой нотлох баримтыг хянан шалгах Хянан шалгах хорооны нийтийн сонсгол өнөөдөр /2023.1.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна.

15 : 26
2023-1-20

Монцемент төслийг санхүүжүүлэх гэж зээлээ 6 тасалж өгсөн

"Монполимет" ХХК-ийн жилд нэг сая тоннын цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах 230 сая ам.долларын өртөгтэй Монцемент төсөлд Хөгжлийн банкнаас 65 сая ам.доллар буюу 186.2 тэрбум төгрөг /тухайн үеийн ханшаар/ зээлийг жилийн 7.85 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийг 2014 оноос 2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд дуусахаар төлөвлөсөн. Зээлийг ам.доллараар олгосон. Нийтдээ 172.9 тэрбум төгрөгийг эргэн төлсөн бол 82.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн ангилал нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар анхаарал хандуулах байна. Засгийн газрын тогтоолын дагуу гурван удаагийн зээлийн гэрээ байгуулж, зургаан удаагийн шилжүүлэг хийсэн.

Гэвч зээлдэгч нь 1.8 сая ам.долларыг бизнесийн зээл төлсөн нь Хөгжлийн банктай байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2015 оны хоёрдугаар сарын 5-нд олгосон зээлийн санхүүжилтээс 20 сая ам.долларыг 1-2 сарын хугацаатай хадгаламжид байршуулан 119.2 мянган ам.долларын хүүгийн орлого олсон байна. Түүнчлэн 40 мянган ам.долларын хоёр удаагийн бэлэн зарлагын гүйлгээний зориулалтыг шалгах боломжгүй гэж дүгнэсэн. 375 мянган ам.долларыг 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр компанийн захирал Н.Мөнхнасангийн дансанд шилжүүлсэн нь зээлийн зориулалттай нийцэхгүй байна. 

Ж.Сүхбаатар:

-Хянан шалгах хорооны шинжээчид өнгөрсөн хугацаанд их ачаалалттай ажиллалаа. Хэдэн арван мянган хуудас материалыг шалгасан. Монполимет, Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой асуудал олон жил явлаа. Хөгжлийн банкны зорилгод нийцсэн зээл байна. Зээлийн үлдэгдлээ яаж төлж барагдуулах вэ, валютын ханшийн зөрүүг юу гэж харж байна? Хэчнээн удаа энэ асуудлыг хэлэлцсэн бэ?

УИХ-ын гишүүн асан, компанийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав:

-УИХ-д нотлох баримтын тухай хууль батлагдаж, нотлох баримтыг нягтлан шалгах хяналтын сонсгол болж яваа нь сайн хэрэг. Монполимент группыг үүсгэн байгуулсан. Монцемент бол нэг л төсөл нь. Тус группыг дараагийн залуу удирдлагууд удирдаад амжилттай явж байна. Төсөл анх 2006 оноос эхлүүлж 10 жилийн хугацаанд дэлхийн түвшинд хийж, олон улсын нэр хүндтэй аудитаар шалгагдаж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээл авах нөхцөл бүрдсэн байсан.  Хөгжлийн банк 2012 онд үүсгэн байгуулагдсан. ҮАБЗ-өөс Монгол Улсад хэрэгжиж буй стратегийн чухал төслийн 25-30 хувь нь дотоодоосоо санхүүжсэн байх ёстой гэсэн зөвлөмж гаргасан. Олон улсын байгууллага, Хөгжлийн банкууд энэ зөвлөмжийг авч үзсэн. Тиймээс манай төслийн 25 хувийн санхүүжилтийг дотоодоосоо авах ёстой гэж үзээд нэг жил 6 сарын хугацаанд хөөцөлдсөн. Эцэст нь санхүүжилт олгох болсон ч жил гарангийн хугацаанд зээлээ зургаа тасалж өгсөн. 

Монцемент төсөл сайн хэрэгжсэн. Сүүлийн 30 жилд Монголын аж үйлдвэрийн салбар таг зогссон. Хөгжлийн банкны тухай хуулиар хөгжлийн төлөө стратегийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх нь гол зорилго байсан. Хөгжлийн зээл нь дэлхийн жишигт олон жилийн хугацаатай, хүү багатай байдаг. 

Энд тэндхийн актлагдсан, хаягдсан үйлдвэрийг бид ашиглаагүй. Дэлхийд цөөхөн бага байдаг ус, хийгээс цахилгаан инновацийн үйлдвэр байгуулсан юм. Тиймээс Хөгжлийн банкны зорилгыг 100 хувь хангасан гэж үзэж байгаа юм. 2015 онд үйлдвэр анх ашиглалтад орсон. Монгол Улсад тус үйлдвэр ашиглалтад орсноор 30 жил сэргээгүй аж үйлдвэрийн шинэчлэлтийг эхлүүлсэн, дэд бүтэцгүй Говьд бүх дэд бүтцээ өөрсдөө барьж байгуулсан бүтээлч төсөл. 1000 гаруй ажлын байрыг бий болгосон. Эдийн засгийн ач холбогдолтой дагалдах үйлдвэрүүдийг байгуулсан. Монгол Улсыг цементээр гадаадаас хараат байдлаас гаргаж чадсан, стратегийн бүтээгдэхүүнийг анхлан үйлдвэрлэсэн үйлдвэр юм. 

Төслийн 25 хувийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас зээл хэлбэрээр авсныхаа төлбөрийг гурван сарын дараагаас нь л төлж эхэлсэн.

2017 оны Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтаар сайн, илүү төлөлттэй явж байгааг дүгнэсэн. 2020 оны байдлаар зээлийн нөхцөл хэвийн ангилалтай байсан. Харин өдгөө чанаргүй, муу зээл гэж хэвлэлээр бидэн рүү дайрсан. 2020, 2021 онд цар тахлын нөлөөгөөр зээлийн төлөлт зогссон. Ганцхан бид зогсоогүй, дэлхий даяараа зогсолтод орсон.

Ингэснээр бид 2020 онд зээлийн хүү, валютын ханшийн алдагдалд орж эхэлсэн. Ийм хүнд нөхцөлд Засгийн газар биднийг цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулаагүй.

Ажилчдаа бид цалингаар нь таслаагүй. Ковидийн хүнд үед бидэнд зээлийн хүү, хүүгийн хүү, торгууль бодсон. Өнөөдрийн болтол Хөгжлийн банкинд шударга бус байгааг нь хэлсээр ирсэн. Төгрөгөөр авах байсан зээлийг ам.доллараар өгсөн. Ингээд бид ханшны алдагдалд 100-гаад тэрбум төгрөгийн хохирлыг хүлээгээд явж байна.

Өнөөдөр төгрөг валютын харьцаа 93 хувиар унацан байгаа. Валютын ханшийн өсөлт нь ам.долларын зээлтэй аж ахуй нэгжүүдэд дарамт учруулсныг ажлын хэсэг баталсан. Монголбанкны буруутай бодлогоос үүссэн алдагдлыг аж ахуй нэгжээрээ төлүүлээд, ард түмнээр адлуулаад явах нь зөв юм уу. Засгийн газраас анх манай зээлийг төгрөгөөр олго гэсэн байхад төрийн албан хаагчид нь тогтоолоо зөрчөөд ам.доллараар өгсөн.

Төгрөгийн ханш ингэж унана гэж Дэлхийн банк ч тооцоолоогүй байсан. Ханшийн уналт аж ахуй нэгжүүдээс биш төрийн буруу бодлогоос болсон.

Цаашид Хөгжлийн банк зээлээ төгрөгөөр олгож байхаар шийдвэрлэж байна. Тэгвэл ам.доллараар зээл авч хохирсон аж ахуй нэгжүүдийнхээ алдагдлыг яах юм бэ? Уян хатан бодлого гаргаж өгөөч ээ гэж өчнөөн албан бичиг илгээсэн Монголбанк ч, Хөгжлийн банк ч таг чиг.

Улс төрийн хамаарлын тухайд цаг хугацаагаар нь хөөгөөд үзэхээр зээл авахад нөлөөлөх боломжгүй байсан нь харагдана.  2012 онд зургаан сарын хугацаатай Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд байсан. Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн байсан. Зээлийг бол 2014 онд авсан. Үйлдвэрийн ажилчдын 90 гаруй хувь нь эрэгтэй боловч удирдлагууд нь голдуу эмэгтэйчүүд.

"Монполимет" компани 1990 онд байгуулагдсанаасаа хойш олон удаа зээл авч ирсэн. Зээл, хөрөнгө оруулалтгүйгээр бүтээн байгуулалт хийх боломж байхгүй. 

Бусдын боломжийг хулгайлсан гэж гүтгэдэг. Биднийг анх төслөө эхлүүлж байхад өөр компани цементийн үйлдвэр байгуулахаар явж байгаагүй. 

"Монполимент" компанийн Үйл ажиллагаа хариуцсан  захирал Ц.Халиун:

-2016 оноос хойш энэ төслийг хэрэгжүүлж байна. 10 жилийн турш судалж бэлдсэн. Танилцуулга дээр 186 тэрбум төгрөг гэж хэллээ. Тухайн үеийн ханшаар 126.6 тэрбум төгрөг авсан. Өнөөдрийн байдлаар 173.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй яваа. Анхны санхүүжилт 2014 онд олгогдсоноос хойш 6 хувааж, гэрээнд зааснаас 190 гаруй хоног хоцорсон.

Төсөл хэрэгжсэнээр хил гааль хаагдсан, цар тахалтай энэ үед үндэсний үйлдвэр байснаараа Дарханы замын бүтээн байгуулалт энэ онд дууслаа. Цементийн үндэсний үйлдвэр байснаараа төмөр зам болон бусад олон төсөл хөтөлбөрт хувь нэмрээ оруулсан. Төсөл амжилттай хэрэгжсэн байхад алдаа хайж, харлуулж байна. Зээлийн судалгаа манай байгууллага дээр 12 сар хийгдсэн. Хөгжлийн банкинд уян хатан байхыг хүссэн хүсэлт тавих тоолонд тухайн үеийн ханшаар шийднэ гэдэг байсан. Хөгжлийн банкны удирдлагууд солигдоод байснаас энгийн хүсэлт гаргахад л жил гарангийн хугацаанд явдаг байсан. 

14 : 23
2023-1-20

Ам.доллараар авах хүсэлт тавьсан ч иенээр зээл өгсөн

"Сод Монгол групп" ХХК нь тос, тосолгооны материалын үйлдвэр байгуулах зорилгоор 14 тэрбум төгрөгтэй тэнцэх 669 сая иений зээлийг 6.5 хувийн хүүтэйгээр 2017 онд таван жилийн хугацаатай олгосон байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар компанийн 95 хувийг эзэмшдэг бол Ц.Пүрэвренчин үлдсэн хувийг эзэмшдэг. Зээлээс зориулалтын бусаар 31 сая иенээр Роснефть компаниас түлш худалдан авахад зарцуулсан. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

-Монголын нефть, химийн үйлдвэрийг байгуулсан нь Эрдэнэт хотод байдаг. "Монгол-Америкийн чанар" гэдэг компанийн туршлагыг үргэлжлүүлэн Улаанбаатарт том үйлдвэр барихаар бэлэн болсон. Учир нь масло тээвэрлэх вагон Монголд байдаггүй. Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн 14 хувьд нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээд авсан. Үйлдвэрийн 80 гаруй хувь нь бэлэн, маслог холиод боловсруулах бэлэн технологи нь орж ирээгүй байгаа. Зээлийг анх 2017 онд хөөцөлдөж эхэлсэн. Би зээлээс Оросоос түлш худалдаж аваагүй, зорилгынх нь дагуу хэрэглэсэн. 

"Сод Монгол групп" компанийн одоогийн удирдлага, эдийн засагч Б.Бат-Эрдэнэ:

-2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд 31 сая иен буюу 27,015 ам.долларыг шилжүүлсэн. Тухайн үед суурь масло худалдан авахаар шилжүүлсэн боловч үйлдвэрийн барилгын явц гацсан учраас өөр бүтээгдэхүүн худалдан авсан. Зээл төлөгдөөд дууссан. 

Т.Доржханд:

-Зээлийг зориулалтын бусар зарцуулсан болон улс төрийн нөлөө бүхий хүн холбогдсон гэдэг асуудал хөндөгдөж байна. Та тухайн үед улс төрийн албан тушаал хашиж байсан уу? Та тухайн үед Ерөнхий сайд нарын зөвлөх байсан гэж түрүүнд нь ярилаа. Энэ талаараа тайлбар өгөөч? 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

-Хөгжлийн банкны зээл бол авахад хүнд зээл юм билээ. Бид зээл аваад валютын алдагдалд орсон ч төлөөд дууссан. Зээлд нөлөөлөх боломжгүй байсан. Бид ам.доллараар авах хүсэлт тавьсан ч иенээр зээл өгсөн. Тухайн үед иенийн ханш уначихсан байсан. Хөгжлийн банкны зээл олголт бүтэн жил үргэлжилсэн, маш хүнд сурталтай байсан. 

11 : 26
2023-1-20

Х.Баттулга АТГ-т байцаагдаж буй тул сонсголд гэрчээр оролцсонгүй

"Пирамид орд" ХХК-ийн чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудсан боловч намын дотоод сонгуультай, АТГ-т байцаагдаж байгаа тул мөрдөн шалгалтын нууцыг хадгалах гэрээтэй тул оролцох боломжгүй гэдгээ бичгээр ирүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Г.Байгальмааг гэрчээр дуудсан ч прокуророос асуугаад хариу өгье гэсэн ч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа тул оролцох боломжгүй гэдгээ хэлсэн. 

"Буман залуус" 296 айлын орон сууцны хорооллын төсөлд 15 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 13.43 хувийн хүүтэйгээр Хөгжлийн банкнаас 2017 онд авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлөлт хийгээгүй, хүүгийн үлдэгдэл 0.5 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт 25.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй гэж үзсэн.

"Пирамид орд" ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Ц.Хонгормаа нь нийт 78 зарлагын гүйлгээгээр 8.1 тэрбум төгрөгийг авсан. Таван удаагийн гүйлгээгээр өөрийн данс руугаа 120 сая төгрөгийг шилжүүлэн авсан. Хувьцаа эзэмшигч буюу Ц.Хонгормаагийн эцэг Г.Цолмон мөн бэлэн зарлагаар 320 сая төгрөгийг авсан. 

Компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон нь хоёр өмгөөлөгчтэйгөөр сонсголд оролцож байна. "Бейсон" ХХК захирал Д.Батжаргал өөрийн хүсэлтээр хэлэлцүүлэгт оролцох болов.

 Г.Цолмон:

-Компанийн барилгын материалыг худалдан авах, туслан гүйцэтгэгч нарт бэлнээр өгөхөөр гэрээгээр олгосон. Би зээлийг хувьдаа зарцуулсан гэдгийг үгүйсгэж байна. 

Д.Батжаргал:

-Би 2017 онд Г.Цолмон гэдэг хүнтэй дутуу баригдсан барилгыг гүйцээн барих гэрээ байгуулсан. Энэ компани биднийг барилгын цутгалтыг хийгээд дууссаны дараа хөөж гаргасан. Анх намайг ирэхэд 7, 8 давхар хүртэл дутуу барьсан 14 давхартай дөрвөн барилга байсан. Мөн эдгээр барилгуудыг хооронд нь үйлчилгээний зориулалттай суурь барилгаар холбох байсан. Дутуу баригдсан барилгыг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан.

Эдгээр барилгыг 2015 онд хятад ажилчдаар бариулж байгаад визний зөрчилтэй гээд албадан гаргаснаар ямар ч төлбөр төлөөгүйг би сүүлд мэдсэн.

Би энэ компанитай дөрвөн жил шүүхдэж байна. Шүүх дээр энэ компани худлаа ярьж, нотлох баримтыг хүртэл хуурамчаар үйлдсэн байхад мөнгө үнэнийг дийлж байна. Энэ барилгыг өөрөө захиалаад, өөрөө гүйцэтгэсэн байхад Улсын комиссын актыг хуурамчаар гаргасан байхад шүүх дээр удаа дараа гомдлыг буцаагаад байна. ШЕЗ-д байсан Д.Дамдин-Од шүүгч бол Г.Цолмонгийн баз, шүүх хурал дээр түүний өмгөөлөгчөөр ажилласан. 

Г.Цолмон надтай анх ах, дүү шиг ярьж байхдаа "Би энэ 15 тэрбум төгрөгийн зээлийг төлөхгүй. Хөгжлийн банк дампуурна" гэж хэлж байсан. 

Г.Цолмон:

-"Пирамид орд" ХХК-ийн түрүүчийн эзэмшигчдээс барилгын тусгай зөвшөөрөлтэй компанийг 2014 онд худалдаж авсан. Барилгыг эхлэхдээ 7 давхар хүртэл барих зөвшөөрөлтэй байсан. 2015 оны тавдугаар сарын 21-нд хятадуудаар бариулж эхэлсэн. 2018 онд зоорийн давхраас 9 давхар хүртэл барьчихсан. Хятадуудыг нутаг буцахад төлбөрийн асуудал байсныг зохицуулж өгсөн. 2017 онд туслан гүйцэтгэгчээр ороод 3 тэрбум гаруй төгрөгийн төлбөр авсан.

2016 оны сүүлээр барилгаа 14 давхар хүртэл сунгах хүсэлт гаргаад 2017 оны эхээр зөвшөөрөл гарсан.

Одоогийн байдлаар барилга ашиглалтад орж 2000 орчим иргэд тэнд амьдарч байна. Үйлчилгээ нь 78 машины грааштай, 30 гаруй лангуу түрээслүүлсэн. Тус орон сууцад орсон 300 айлаас бүрэн төлбөрөө өгсөн 30-40 айл байгаа юм. Д.Батжаргал манай компанийг шүүхэд өгснөөс барилга битүүмжлэгдэж, оршин суугчид нь орон сууцныхаа гэрчилгээг авч чадахгүй байгаа юм. Д.Дамдин-Од бид хоёр 40 жил баз явсан. Түүнийг тэтгэвэртээ гарсных нь дараа төлөөлөгчөөрөө ажилд авсан. Барилгын газрыг 2011-2013 онд Шангри-Лагийн барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаад барилгын багтай байсан учраас Монголын Ардчилсан холбооны нэр дээр байсан газрын гэрчилгээг Г.Байгальмаатай уулзаад худалдаж авсан. 

10 : 14
2023-1-20

Б.Хурцын хамаатны дүү нь 1.7 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан

"Изинис Эйрвэйз" ХХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн 39.6 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөлд Хөгжлийн банкнаас 2019 онд  жилийн 12.92 хувийн хүүтэй 22.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнээс зээлийн төлөлт хийгдээгүй, хүүгийн хуримтлал 1.9 тэрбум болсон байна.

Үүнээс 7.5 тэрбум төгрөгийг бусад банкин дахь зээлийг төлж барагдуулахад зарцуулсан. Тодруулбал, Богд банкин дахь "Изинис Эйрвэйз" болон "Сарнайх" ХХК-ийн 4.2 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан. Мөн Чингис хаан банк дахь "Сарнайх" ХХК-ийн бизнесийн зээл 2.1 тэрбум төгрөг, "Беллью пропертис "ХХК-д "Изинис Эйрвэйз"-ийн Хаан банкны дансаар дамжуулан  225.9 сая төгрөгийг зарцуулж, Цэнгэлдэх хотхон дахь 6101 тоотын ипотекийн зээл хаасан. Мөн "Бадрах ойл" ХХК-д 1 тэрбум төгрөг шилжүүлж, тус компани нь 852.7 сая төгрөгөөр зээл хаасан байна. 

Үүний зэрэгцээ зарцуулалт тодорхойгүй 1.7 тэрбум төгрөгийг  бэлэн болон дансаар авсан байна. Тодруулбал, Тулгын Эрдэнэ нь 325.7 сая төгрөгийг гурван удаагийн үйлдлээр кассаас бэлнээр авсан. 4.3 сая төгрөгийг өөрийн ам.долларын дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээнд зарцуулсан. Өөрийн 30 хувийг эзэмшиж буй "Сарнайх" ХХК-д хоорондын тооцоо утгаар 300 сая төгрөгийг мөн шилжүүлсэн. Тулгын Эрдэнээс Тулгын Банзрагчид 100 сая төгрөг, Энхтайваны Төгсбуян руу 1 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. 

"Изинис Эйрвэйз" ХХК-ийн 30 хувийг одоогийн гүйцэтгэх захирал Э.Золзаяа, 70 хувийг Т.Эрдэнэ эзэмшдэг. Т.Эрдэнэ Сарнайх команийн 34 хувийг эзэмшдэг бол Ү.Сарнай нь 65 хувийг эзэмшиж байна. Ү.Сарнай нь Э.Золзаяагийн хадам ээж. "Эко Монгул" компанийн 30 хувийг Л.Элдэв-Очир эзэмшиж байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэ-Очир нь Э.Золзаяагийн эцэг. Мөн тус компанийн 30 хувийг эзэмшдэг Э.Анхзаяа, Э.Ариунзаяа, Э.Намсрайдорж нар нь Э.Золзаяагийн төрсөн эгч дүүс.

"Изинис Эйрвэйз" ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг Т.Эрдэнэ нь "Сарнайх" компанийн 34 хувийг эзэмшдэг. Ү.Сарнай нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцын эхнэр. Б.Хурц нь Э.Золзаяагийн хадам аав. Б.Хурц нь 1991 онд төрсөн Т.Эрдэнийн хамаатны дүү.  

Тулгын Эрдэнээс Тулгын Банзрагчид 100 сая төгрөгийг шилжүүлсэн. Т.Банзрагч нь Т.Эрдэнийн дүү. 

Б.Энхбаяр:

-Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах 68-р байрны 12 тоот орон сууц нь Б.Хурцын эзэмшил мөн үү?

Э.Золзаяа:

-Биш.

Д.Батлут:

-Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчиж, зээл хүсэгч нь бусад банкны зээлийг хаах зориулалтаар зээл авч байхад олгох зөвшөөрөл өгсөн нь үнэн үү?

Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын ахлах мэргэжилтэн н.Эрдэнэбаатар:

-Хөгжлийн банкны тухай хуульд дахин санхүүжилт хийж болохгүй гэсэн заалт байхгүй. 

Ж.Сүхбаатар:

-Зээлийн үлдэгдэл 22.9 тэрбум төгрөг хэвээрээ байгаа юу? Хэзээ төлөх вэ? Яаж төлөх вэ? 

Хөгжлийн банкны худалдааны санхүүжилтийн газрын дарга Б.Амгалан:

-Үлдэгдэл хэвээрээ. Энэ зээлээс 19 тэрбум төгрөг нь зөрчилтэй байгаа. Хугацаа нь 2024 оны аравдугаар сард дуусна. Эргэн төлөлт дээр "Изинис Эйрвэйз"-ийн мөнгөн урсгалаас төлөх боломжгүй. Хамаарал бүхий этгээдийг хамтран зээлдэгчээр оруулж, эзэмшиж буй хөрөнгийг давхар барьцаалахаар ярилцаж байгаа. 

"Изинис Эйрвэйз" ХХК-ийн захирал Д.Оюундэлгэр:

-Манайх 2019 онд Хонгконгийн чиглэлд нислэгээ сэргээсэн боловч улс төрийн нөхцөл байдлаас болж нислэгээ цуцлах шаардлага тавьсан. Гарааны алдагдал нэмэгдсэн. Гэсэн ч тэр зун захиалгат нислэгүүд хийснээр алдагдлаа бууруулсан. Агаарын тээврийн салбар цар тахлаас болоод 2020 оны нэгдүгээр сараас тэг зогссон. Гэсэн ч бид компанийн үйл ажиллагаа, 100 гаруй ажилтнаа хамгаалж үлдэхэд бүх анхаарлаа хандуулж ажилласан. Хил хааснаас 11 сарын хугацаанд тэг зогссон. 2020 оноос Нигери улс руу нисэх онгоц, нислэгийн багаа нойтон түрээсийн үйлчилгээгээр гаргаснаар үйл ажиллагаагаа хадгалж чадсан.

Өнөөдрийн байдлаар тус компанид олон улсын чиглэлд нислэг үйлдэх 7 томилгоо олгогдсон байгаа. Туркийн Истамбул, Чехийн Прага, ОХУ-ын Экатеринбург, Хятадын Ченду, Хонгконг, Макао, БНСУ-ын Бусан руу нисэх томилгоотой.

Үүнээс Хятад улс дөнгөж хилээ нээж, ОХУ нь дайн хийж буй нөхцөл байдалтай байгаа. Харин Турк, Өмнөд Солонгос руу давхар томилгооны улмаас нислэг үйлдэх боломжгүй байсан. Турк улстай хэлэлцээ хийснээр хоёр талаас хоёр компани долоо хоногийн 7 өдөр нислэг хийхээр тохирсон байна.

Харин Өмнөд Солонгостой ирэх хоёрдугаар сарын 7-нд агаарын тээврийн хэлэлцээ хийнэ гэсэн мэдэгдэл бидэнд ирсэн. Хөгжлийн банкныхантай сар тутам төлөвлөгөөгөө шинэчлээд, ярилцаад явж байгаа.

"Boeing" компанийн хоёр, "Airbus"-ийн нэг нисэх онгоцтой. Бид зээлээ хугацаанд нь бүрэн барагдуулж чадна гэсэн төлөвлөгөөтэй байна. 

Т.Доржханд:

-Хөгжлийн банкнаас тус компанид олгосон зээл экспортыг дэмжихэд чиглэсэн зөв зээл байсан. Гэвч улс төрд хамаарал бүхий хоёр хүний нөлөө уг зээлд ороод ирсэн байгаа нь асуудал болоод байна. 

10 : 08
2023-1-20

"Сэлэнгийн гэрээ форт" ХХК авсан зээлээ огт төлөөгүй

"Сэлэнгийн гэрээ форт" ХХК компанид олгосон зээлийн асуудлыг хэлэлцэж байна. АТГ, УЕП, ТЕГ-ын төлөөлөгчид, Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд, олон нийтийн төлөөлөл ажиглагчаар оролцож байна. Найман гэрчийг дуудсанаас компанийг төлөөлж, Ерөнхий захирал Л.Баянбаатар оролцох байсан ч өндөр настай хагалгаа хийлгээд удаагүй байгаа учраас биечлэн оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Хөгжлийн банкнаас долоон хүнийг гэрчээр дуудсанаас дэд захирал асан Б.Чойжилжалбуу биечлэн ирсэн байна. Харин гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбат болон бусад хүмүүс ирээгүй.

“Мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөлд олгосон Хөгжлийн банкнаас 2018 онд 4.1 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 11.09 хувийн хүүтэй олгосон. 2022 оны арваннэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар зээлээс огт төлөлт хийгдээгүй, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 0.3 тэрбум төгрөг байна. Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 4.1 тэрбум, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 1.7 тэрбум төгрөг, нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээлд орсон байна. Хувьцаа эзэмшигч нь 100 хувиар Л.Баянбаатар байдаг. Зээлийн гэрээг зориулалтын бусаар ашигласан гэж дүгнэсэн. Барьцаа хөрөнгө болох 190 толгой үхрийг Хөгжлийн банкнаас 1.1 тэрбум төгрөг гэж үнэлсэн бол ажлын хэсгийн дүгнэлтээр 0.2 тэрбум төгрөгөөр үнэлжээ. 

09 : 36
2023-1-20

Хөгжлийн банкны хэрэгт өнөөдөр 77 гэрчийг дуудсан

Хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр:

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг өнөөдрийн сонсголд дуудсан. Сонсголд "Сэлэнгийн гэрээ форт" ХХК, "Изинис Эйрвэйз" ХХК, "Пирамид орд" ХХК, "Сод Монгол групп" ХХК, "Сон Гуолд" ХХК, "Түмэн хишигтэн" ХХК, "Геологийн төв лаборатори" ТӨҮГ, "Монгол микрон кашмер" ХХК, "Комплант" ХХК, "Максроуд" ХХК, "Монполимет" ХХК, "Петролиум продакшн" ХХК гэсэн дарааллаар хэлэлцэнэ.

Дээр дурдсан 77 гэрч дээр нэмж, түр хорооноос олгосон эрхийн дагуу "Изинис Эйрвэйз" компанийн зээлтэй холбогдуулан АТГ -ын дэд дарга болон ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг гэрчээр нэмж дуудахаар шийдвэрлэсэн. Мөн  "Түмэн хишигтэн" ХХК-ийн зээлд холбогдуулан А.Баттөгсийг гэрчээр нэмж дуудахаар шийдвэрлэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж