Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагаа сэргэж буйтай холбоотойгоор юанийн эрэлт нэмэгдэв.
Монголбанкны нэгдүгээр сарын 19-ний хаалтын ханшаар БНХАУ-ын нэг юань 512.18 төгрөгтэй тэнцэж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш, сүүлийн саруудад юанийн ханш монгол төгрөгийн эсрэг чангарсан гэсэн үг. Юань ам.долларын эсрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш 7 гаруй хувиар чангарсаны улмаас юанийн ханш төгрөгийн эсрэг чангарчээ.
Мөн БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор Монгол Улсын дотоодын зах зээл дээр юанийн эрэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь төгрөгийн эсрэг юанийн ханш чангарах гол шалтгаан болов.
Монгол Улс валютын зах дээр ам.долларын ханшийг эрэлт, нийлүүлэлтийн зарчим дээр үндэслэн тогтоодог. Ам.доллараас бусад валютын монгол төгрөгтэй харьцах ханшийг тухайн валютын ам.доллартай харилцах ханшид ямар өөрчлөлт гарч буйг харгалзан үзэж авдаг.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлэхдээ “Юанийн ханш цаашид тогтворжих эсэх нь БНХАУ-ын эдийн засгийн хүлээлт, нөхцөл байдлаас хамаарна. БНХАУ-ын өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн болон эдийн засгийн бусад чухал үзүүлэлтүүд хүлээгдэж байснаас сайн гарсан. Энэ оны Хятадын эдийн засгийг АНУ-ын эдийн засагтай харьцуулахад харьцангуй гайгүй өсөлттэй байна. Үүнээс шалтгаалаад юанийн ханш ам.долларын эсрэг чангарах магадлалтай байна. Энэ тохиолдолд мөн монгол төгрөгийн эсрэг чангарах боломжтой.
Монгол Улсын хувьд төгрөгийн ам.долларын эсрэг ханш 2023 онд харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байна. Гэхдээ нөгөө талдаа манай улсын хувьд төгрөгийн ам.долларын эсрэг ханш 2023 онд харьцангуй тогтвортой байх болов уу гэсэн хүлээлт бий. Энэ нь юунаас шалтгаалж байна гэхээр, нэгдүгээрт, Монгол Улсын валютын нөөц харьцангуй нэмэгдэж гарсан. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар болсон. Худалдааны тэнцэл нэлээн өндөр ашигтай гарч, экспорт анх удаа түүхэндээ 12.5 тэрбум ам.долларт хүрсэн" гэв.
БНХАУ эдийн засгийн үзүүлэлтүүд 2023 онд өсч гарахаар байна.
Монгол Улсын хувьд ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийн үнэ өндөр байх нь экспортод нөлөөлнө. Энэ бүхнээс үзэхэд монгол төгрөг ам.долларын эсрэг тогтвортой байх болов уу гэсэн хүлээлт үүсч байна.
2023 он дэлхий нийтээрээ эдийн засгийн хувьд хүндрэлтэй байх төлөвтэй. Гэхдээ улс орнуудын байдлыг харьцуулаад харахад БНХАУ-ын эдийн засаг 2022 оны түвшнээс дээгүүр үзүүлэлттэй байх бололтой. Тиймээс юанийн ханш цаашид ямар байх нь Хятадын эдийн засгийн өөрийнх нь нөхцөл байдлаас хамаарах юм.
Холбоотой мэдээ