Нисгэгчгүй нисэх онгоц, кибер дайн болон бусад шинээр гарч ирж буй технологийг ирээдүйн зэвсэг гэж үздэг. Батлан хамгаалах салбарынхан саяхан л танкуудаа бүрмөсөн далд хийх хэрэгтэй гэж бодож байв. Хуучирсан танкууд одоо хэрэггүй гэх энэ бодол 21 дүгээр зууны эхэн үед үнэхээр зарим удирдагчид төрсөн байх юм.
Тэгвэл 2023 он гарсаар нөхцөл байдал өөрчлөгдөх шинжтэй болов. Орос, Украины дайн үргэлжилсээр, энэ хавар шийдвэрлэх тулаанууд өрнөнө гэж үзэж байна. Энэ цаг мөчид Украины арми өнгөрсөн зууны уламжлалт техник болох хуурай замын танк руу дахин шилжихээр бэлдэж эхэллээ. Украины цэргийн дарга нар дайны дараагийн үе шатанд зориулж баруунаас хэдэн зуун танк авахыг хүсч байна. НАТО-ийн холбоотон АНУ, Франц, Их Британи улсууд бүгд хуягт техник амлаж эхлэв.
Өндөр технологи хэдий ноёрхсон ч байлдааны талбарт хүчирхэг техник чухал хэвээр байгааг энэ нь санууллаа. “Орчин үеийн дайнд байлдааны танк хэрэггүй гэж их мэдэгчидийн санааг Украины мөргөлдөөн үгүйсгэлээ” гэж Их Британийн Консерватив намын ахлах парламентын гишүүн Бернард Женкин хэлсэн.
Киев барууны холбоотнуудаас 200-300 танк, 600 хуягт машин, 500 гаубиц авахаар шавдуулж байна. “Бид санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Зэвсгийн дэмжлэг л бидэнд боломж олгоно” гэж Украины Батлан хамгаалахын сайд асан, НАТО-ын судалгааны төвийн ажилтан Андрей Загороднюк хэлэв.
Украины арми хуучин Зөвлөлтийн үед зүүн Европын холбоотнуудын хандивласан, аль эсвэл Оросын эзлэн түрэмгийлэгчдийн үлдээгээд явсан олзны танкуудыг ашиглаж буй. Харин одоо барууны дэвшилтэт загварыг ашиглаж болзошгүй дайсагналыг даамжруулахаас сэргийлэх шаардлагатай болжээ. “Хөдөлгөөнт байдал бол довтолгооны гол хүчин зүйл. Украинчуудад цэргийн зориулалттай Ланд Ровер, хуягт эргүүлийн машин зэрэг нь хангалттай биш байна. Тэдэнд Оросын танкуудыг алсаас устгаж чадах техник хэрэгтэй” гэж Европын холбооны нэгэн дипломатч хэлжээ.
Газар нутгийн хувьд Украин нь харьцангуй тэгш тал нутагтай. Энэ нь танк давхихад хамгийн тохиромжтой байрлал гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн намрын сөрөг довтолгооны үеэр Украины арми АНУ-ын бүтээсэн “Himars” пуужингийн системийг ашиглаж, багагүй ахиц гаргасан. Тэгвэл энэ удаад тус пуужингийн систем үр дүн муутай байх аж. Яагаад гэвэл ОХУ-ын арми илүү хол зайд байршихыг сонгож байна. Мөн энэ жил “Himars”-ын нийлүүлэлт дэлхийн хэмжээнд хүрч магадгүй гэж албаны хүн анхааруулав. “Нотлох баримтууд дээр үндэслэн харвал дахин тийм хэмжээний алсын тусгалтай нарийвчлалтай их буу гарахгүй. Тиймээс ялгааг нөхөхийн тулд танк, байлдааны машин гэх мэт хүнд техникийн хүч хэрэгтэй болно” гэлээ.
БАРУУНЫХНЫ ТУСЛАМЖ
Франц улс хоёр сарын дараа гэхэд “AMX-10 RC” хөнгөн танкийг Украинд бэлэглэнэ гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дара НАТО-ийн холбоотнуудын яриа хэлэлцээ улам эрчимжжээ. Тухайлбал, Германы Рамштайн дахь АНУ-ын цэргийн баазад өнөөдөр /2023.01.20/ барууны орнуудын Батлан хамгаалахын сайд нар уулзах гэж байна. Энэ уулзалтаар тэд нэмэлт амлалтуудыг дэвшүүлж магадгүй юм.
Их Британи улс дотооддоо үйлдвэрлэсэн “Challenger 2” танкуудыг Украин руу илгээх төлөвлөгөөгөө өнгөрсөн амралтын өдрүүдээр батлав. Түүнчлэн Польш, Финланд улсууд Германд үйлдвэрлэсэн Ирвэс танкийг Украин руу экспортлохоор амлаад буй. Энэ экспортыг Герман улс зөвшөөрөх ёстой юм. Харин германчуудын хувьд АНУ юу хийхээр шийдсэнээс шалтгаалж Ирвэс танкийг илгээх эсэхээ шийднэ гэжээ. Мөн украин цэргүүдэд Ирвэс танкийн ашиглалт, засвар үйлчилгээний сургалт шаардлагатай. “Украин цэргүүд барууны танкуудыг сар биш долоо хоногийн дотор л ашиглахад бэлэн болно. Бид бэлтгэл сургуулилалтаа эрт эхлэх тусам илүү их цаг хэмнэнэ. Учир нь бид хүссэн зэвсгээ эрт оройгүй хүлээж авах л болно” гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковын зөвлөх Юрий Сак хэллээ.
Герман улс 1965 онд ашиглалтад орсон хуучин Ирвэс танкуудаа хандивлаж магадгүй гэж Европын холбооны зарим дипломатч хэлэв.
Гэхдээ барууны орнуудаас авч болох загваруудын хооронд ихээхэн ялгаа байдаг аж. Тодруулбал, АНУ-д үйлдвэрлэсэн “M1 Abrams” танкууд холын зайд бууддаг боловч том хэмжээтэй хийн турбин хөдөлгүүрүүд нь их хэмжээний керосин хэрэглэдэг тул дайнд нэрвэгдсэн Украинд түлш цэнэглэхэд хүндрэлтэй байх юм. Харин Их Британийн “Challenger 2” загвар нь Зөвлөлтийн үеийн танкуудтай харьцуулашгүй боловч Ирвэс танкийг гүйцэхгүй. Ирвэс танк нь гурван км зайд байгаа хөргөгчний хэмжээтэй байг онох чадвартай. Мөн дизель түлшээр ажилладаг.
Гэвч Украины хүсээд буй танкуудыг 2024 он хүртэл нийлүүлэх боломжгүй гэж зэвсэг үйлдвэрлэгч “Rheinmetall” компани анхааруулсныг “The guardian” хуудас мэдээлжээ. “Ирвэс танкуудыг Киевт илгээх шийдвэр маргааш гарсан ч гэсэн хүргэлт ирэх оны эхэн үеэр л болно. Танкуудыг тулаанд бэлэн болгоход хэдэн сар шаардагдана, хэдэн зуун сая еврогийн зардал гарна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Армин Паппергер хэллээ. “Rheinmetall”-ийн нөөцөд өдгөө 22 шинэ Ирвэс, 88 хуучны Ирвэс танк байдаг.
Ирвэс танкийн нийлүүлэлт удааширсан ч “Challenger 2” танк ирчихвэл Европын бусад орон ч бас дагана гэж Украин найдаж байна. Рамштайн дахь уулзалтын гол сэдэв Ирвэс танкийн нийлүүлэлт болж магадгүй юм.
Эх сурвалж: POLITICO, THE GUARDIAN
Холбоотой мэдээ