Долдугаар сарын 1-ний асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилоос тайлбар авна гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилоос тайлбар авна гэв

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөн асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин хэвлэлийн бага хурал хийлгэв. Тэрбээр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний асуудлаар ирэх дөрөвдүгээр сарын 14-нд дахин нээлттэй сонсгол хийх болсон талаар мэдээллээ. Энэ удаа долдугаар сарын 1-ний бужигнааны үеэр галт суманд өртөж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн үгийг сонсч, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, Шуурхай штабыг удирдаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах юм байна. “Ц.Мөнх-Оргил өөрөө Хүний эрхийн дэд хорооны гишүүн байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох авч гарц олно, энэ нь улс төрд нэг шинэ жишиг тогтоох боломжтой” гэж Х.Тэмүүжин гишүүн хэлж байлаа. Ц.Мөнх-Оргил гишүүн тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд байсныхаа хувьд ч, Шуурхай штабыг толгойлсныхоо хувьд ч нээлттэй сонсголын гол хүн байх ажээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд долдугаар сарын 1-ний хэрэг явдлаар анхны нээлттэй сонсголыг хийсэн.  Онц байдал зарласны дараа цагдаагийн ажилтнууд иргэдийг баривчилж өөрийнхөө объект дээр аваачин зодож нэр төрд нь халдсан, Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд эрүүдэн шүүсэн, хуурч мэхэлсэн талаарх иргэдийн гомдол, Шүүхийн шатанд дээрээс өгсөн чиглэл үүргийн дагуу хэргийг тулгаж шийдсэн, Галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амьд явах эрх зөрчигдсөн гэсэн дөрвөн сэдвээр анхны сонсголын үед ярилцсан юм.  

Эхний сонсгол дээр гурван асуудлын хүрээнд иргэдийн төлөөлөл, хүчний байгууллагын ажилтнууд мэдээлэл хийсэн. Прокурорууд ирээгүй. Харин галт зэвсэг хэрэглэсэн тухай асуудлыг хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа гэсэн шалтгаанаар боломжгүй гэж үзэн хэлэлцэлгүй хойшлуулсан юм. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч, тухайн үед хэрэгт холбогдож байсан цагдаагийн ажилтнуудын заримын хэргийг Эрүүгийн хуулиар хэрэгсэхгүй болгож, зарим албан тушаалтан Өршөөлийн хуульд хамрагдсан. Тиймээс анхны сонсголын үргэлжлэл болгож, хэлэлцэлгүй үлдээсэн дөрөв дэх сэдвийн хүрээнд нээлттэй сонсголыг дахин явуулахаар болсныг Х.Тэмүүжин гишүүн дуулгав.
Одоогийн байдлаар галт суманд өртөн нас барсан болон шархадсан иргэдтэй холбоотой зургаан өргөдөл ажлын хэсэгт ирүүлсэн байна. Галт суманд оногдож шархадсан Ариунбаяр, Батзаяа, Энхтөр нар гомдол гаргаснаас Батзаяа, Энхтөр нар БНСУ-д эмчлүүлж байгаа аж. Батзаяа өнөөдөр эх орондоо ирэх бол Энхтөр дөрөвдүгээр сарын 15-нд ирэхээр болжээ. Тэд хэвтрийн дэглэм сахих ёстой тул сонсголд яаж оролцохоо шийдээгүй байгаа гэнэ. Сонсголоор Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шуурхай штабын дарга байсан Ц.Мөнх-Оргилоос тайлбар авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, холбогдох албан тушаалтнууд байлцах аж. Хэлэлцсэн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж танилцуулах юм байна. Хүний эрхтэй холбоотой долоон төрлийн зөрчил байгаагаас дөрвийн талаар сонссон. Мөн тав дахь чиглэлийг ч авч үзэж болох юм гэж Хүний эрхийн дэд хорооныхон үзэж байгаа юм байна. Энэ нь тухайн үед бие махбодь, эд хөрөнгөөрөө хохирсон, албан үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчдийн хүний эрхийн асууудал юм байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд ч дурдсан, мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл ч бичиг ирүүлжээ. Үүнтэй зэрэгцээд хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн асуудал ч сөхөгдөж болзошгүй нь. МҮОНТ-ээс бусад хэвлэл мэдээлийн хэрэгслийн үйл ажиллагааг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн үү, үгүй юү гэдгээр сонсгол хийх боломжтой гэж дэд хорооныхон үзжээ.  Үүний дараа Х.Тэмүүжин гишүүн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Өмнөх сонсголд прокурорууд ирээгүй. Одоо яах бол?

-Оролцуулах талаар ажиллаж байна. УИХ-ын чиг үүрэгт хяналтын үүрэг бас бий. Энэ хүрээнд тэднийг оролцуулна.    

-Ц.Мөнх-Оргил гишүүн ямар үүрэгтэй оролцох вэ?

-Түүнээс тодорхой мэдээлэл авна. Гэхдээ Ц.Мөнх-Оргил бас манай дэд хорооны гишүүн. Хуультай зөрчилдөх, ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй. Улс төрийн шинэ практик болох байх.

-Цагдаагийнхантай хамаатай ямар хэргүүд өршөөгдсөн бэ?

-Энэ талаар албан ёсны хариу ирээгүй байна. Зарим албан тушаалтан Өрөөлийн хуульд хамрагдаж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

-Өмнөх сонсгол хэт нэг талыг барьсан, цагдаагийн ажилтнууд адилхан хохирч эрх нь зөрчигдсөнийг авч хэлэлцээгүй гэсэн шүүмжлэл дагуулсан. Энэ удаад тэдний эрхийг ярих уу?

-Бид хүний эрхийн зөрчлийг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд авч үзэж байгаа. МАХН-ын байр шатахад эд хөрөнгөө шатаалгасан, машинаа шатаалгасан, төрийн албан хаагчдын эрүүл мэнд, эрх хохирсон, төрийн байгууллагын зүгээс иргэдийн эрхийг зөрчсөн асуудлууд бий. Олон улсын практикт төрийн зүгээс иргэдийнхээ эрхийг зөрчсөн хэргийг л парламентаар хэлэлцдэг. Иргэн иргэнийхээ эрхэд халдсаныг шүүх тогтооно. Цагдаатай холбоотой асуудал нь хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой тул ажил олгогч, даатгагч, Засгийн газар хариуцна. Хохирсон цагдаа нарт төрийн зүгээс нөхөн олговор, нөхөн төлбөр олгож байгаа. МАХН хүртэл хохирогчоор тогтоогдож нөхөн төлбөр авч байгаа. Харин төрийн зүгээс иргэдийнхээ эрхэд халдсан асуудал хөндөгдөөгүй үлдсэн. Бид энэ чиглэлээр хяналт явуулж байна. Иймд үүнийг зөвөөр ойлгоорой. Хүний эрхийн чиглэлээр НҮБ-ын тогтоосон стандартын хүрээнд л манай дэд хороо ажиллаж байна.
 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж