Сонсголд Б.Чулуудай оролцож, тайлбар хийв

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

LiveСонсголд Б.Чулуудай оролцож, тайлбар хийв

18 : 31
2023-1-19

Сонсголд Б.Чулуудай оролцож, тайлбар хийв

УИХ дахь Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци (ТОСК) ТӨҮГ-тай холбоотой мэдээллийг сонссоноор үргэлжиллээ.

ТОСК ТӨҮГ нь 2013 оноос эхлэн “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, мөн аймгуудад хямд үнэтэй орон сууц барих зорилгоор нийтдээ 208.8 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байна. Гэвч 2015 онд хэд, хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 12.2 тэрбум төгрөгийг Бэрэн группд шилжүүлсэн, аймгуудад баригдсан орон сууц бүрэн ашиглалтад ороогүй, улс төрийн шийдвэрээр хямд үнэтэй борлуулахаар төлөвлөж байсан орон сууцыг түрээсийн болгож, өөрчилсөн зэрэг шалтгаануудаар ТОСК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүйд хүрч асуудал үүссэн аж.

Улмаар ТОСК нь Хөгжлийн банктай хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авсны дүнд өнгөрсөн оны төгсгөлд нийт 321.71 тэрбум төгрөг төлж, зээлийг бүрэн хаасан юм байна. Зээлээ бүрэн төлөхийн тулд бонд гаргажээ.

Эдгээр асуудалтай холбогдуулж, энэхүү сонсголд ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Хичээнгүй, Гранд лайн компанийн захирлаар ажиллаж байсан Б.Чулуудай нар биечлэн оролцлоо.

Уг сонсголд тухайн үед шийдвэр гаргаж, ажиллаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайхан, ТОСК –ын захирал асан Б.Гантулга, Бэрэн группын захирал Б.Мөнхтөр, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарыг оролцуулах хүсэлтийг илгээсэн ч заримтай нь холбогдож чадаагүй, зарим нь хөдөө орон нутагт байгаа зэрэг шалтгаанаар өнөөдрийн сонсголд оролцох боломжгүй болсон аж.

УИХ-ын гишүүн, сонсгол удирдагч Б.Энхбаяр: Тухайн үеийн ТУЗ-ийн шийдвэрээр Архангай, Увс, Дундговь, Хөвсгөл гэсэн дөрвөн газарт тусгай нөхцөлөөр зээл олгосон. Эдгээр нь Бондын зөвлөлийн гишүүдийн тойрог байгаа. Ямар шалгуураар энэ дөрвөн аймагт санхүүжилт олгосон юм гэдэг асуудал байгаа. Бондын зөвлөлийн гишүүд улс төрийн санхүүжилт авсан юм уу гэдгийг асуух шаардлага байгаа ч хариулах ёстой хүмүүс нь ирээгүй байна. Орон нутагт дуусаагүй барилгын явц ямар байна вэ.  Дуусаагүй барилгыг яах вэ, хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр дуусаагүй барилга гээд хаачихаад байна вэ?

Хөгжлийн банк н.Сайнзаяа: Нийтдээ 14 аймагт төсөл хэрэгжүүлснээс дөрөв нь дууссан, дөрөв нь дутуу. Зургаан аймагт барилга баригдаагүй. Говь-Алтай, Дундговь, Увс, Хөвсгөл, Улаанбаатар гэсэн таван аймагт баригдсан дутуу барилгыг  54.5 тэрбум төгрөгийн өрөнд аваад, гүйцээж ашиглалтад оруулаад тухайн аймагт нь шилжүүлсэн. Нийт дүнгээрээ 109 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 2019 онд барьж,  дуусгаад шилжүүлсэн.

УИХ-ын гишүүн, сонсгол удирдагч Б.Энхбаяр: Гранд лайн компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн лавлагааг өгнө үү. Гранд лайн компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч нь Бэрэн групп. Б.Чулуудай нь идэвхгүй хувьцаа эзэмшигч болж, 2015 оны наймдугаар сард шилжүүлсэн. Одоо Г.Мөнхцэцэг гэдэг хүн энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Эцсийн өмчлөгч нь Б.Мөнхбат буюу Бэрэн групп бүртгэгдсэн мэдээлэл гарч ирсэн, зөв үү. Нийтдээ 11.2 тэрбум төгрөгийг “Бэрэн” групп болон Жи Ди, Шинэ мянганд шилжүүлсэн байна. Энэ ямар утгатай гүйлгээ вэ?

Гэрч Б.Чулуудай: Хувьцаа эзэмшигчийн мэдээлэл зөв. Жи Ди, Шинэ мянган зэрэг компанийн талаар мэдэхгүй.

2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор Гранд лайн компани Баянзүрх дүүрэгт хэрэгжих байсан гэр хорооллын дахин төлөвлөлтөд орохын тулд 14 компанитай өрсөлдөөд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Тухайн үед Гранд лайн гурвалсан консерциум байгуулсан. Бид өөрсдийн зүгээс АТГ- т хандаад, шалгарсан бүх процессыг шалгуулаад ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн алга гээд ажиллагаа цаашаа явсан. Гэвч тодорхой нөлөөллийн улмаас төслөөс гарахаар болсон. Энэ тухайгаа иргэддээ мэдэгдээд хэд, хэдэн компанид хандсаны дунд Бэрэн групп хүлээн авсан. Бидний хийсэн хөрөнгө оруулалтыг үнэлээд, аваач ээ гээд гэрээ хийгдсэн. Тухайн үед үнэлгээг Бэрэн групп санхүүгийн аудит оруулж, хийгээд хоёр талаас тохиролцоод худалдан авалт хийгдсэн.

2021 онд давж заалдах шатны шийдвэр гарч, манай компанийн баримтуудыг үзээд хэрэг биш байна, нотлох баримт дутуу байна гэж анхан шатны шүхээс гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон. Прокурор бас хянаж үзээд хэрэгсэхгүй болгосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ашиг сонирхлын зөрчил үүссгэхгүй байхын тулд хуулийн байгууллагад хандан, шалгуулж, байсан.

Б.Чулуудайн өмгөөлөгч н.Орхон: Б.Чулуудайн Гранд лайн дахин төлөвлөлтөд орохоор иргэдийн сонгон шалгаруулалтаар шалгарахад Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа хүүхэддээ төсөл аваад өгчихлөө гэдэг маргаан гарч, шүүхээр явснаар эцэслэгдсэн.

Гэр хорооллын дахин төлөвлөлт нь нийслэлээс гаргасан журмын дагуу явсан. Төсөл шалгаруулах нэгж гэж байдаг, Засаг даргын зүгээс ямар ч оролцоо байхгүй. Иргэд нь компаниудын мэдээллийг сонсч, саналаа өгөөд шалгаруулж байсан. Энэ асуудлыг АТГ, прокурор, шүүхээр хэлэлцээд, хүүхдийнхээ компанийг шалгаруулчихсан юм байна гэдэг зүйл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй болов уу.

Өнөөдрийн сонсголыг өндөрлүүлээд байна. Сонсгол маргааш үргэлжилнэ.

 

16 : 20
2023-1-19

18.3 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд шилжжээ

УИХ дахь Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үдээс хойших хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Яг одоо МБҮ трейд ХХК-ийн авсан зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсч буй юм. Тус компани Улаанбаатар хотын хоёр бүсэд мал нядалж, мах бэлтгэх зориулалтаар дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 11.5 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 13.7 хувийн хүүтэйгээр Хөгжлийн банкнаас авсан байна. Гэвч зээл цаг хугацаандаа төлөгдөхгүй байснаас 18.3 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд шилжжээ.

Дээрх зээлтэй холбоотой асуудлаар зургаан гэрчийг дуудсаны нэг нь Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Су.Батболд аж. Гэвч тэрбээр таван хуудас гараар бичсэн тайлбарыг Түр хороонд ирүүлсэн байлаа. Тайлбарт  “Улаанбаатар хотын захирагчаар томилогдсоныхоо дараа мөрийн хөтөлбөртөө нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдсан мах нийлүүлэгдэх ёстой гэж үзэн, орлогч Ж.Батбаясгаланд үүрэг өгч, ажиллаж байсан.  Энэ хүрээнд дэмжлэг хүлээж байсан компани юм байна. Мөн МБҮ трейд ХХК-ийн захиралтай холбогдож, ямар шалтгаанаар үйлдвэртэй нь холбогдсон талаар тодрууллаа. Тус компанийн захирал “Хотын захирагч нараас та л ганцхан манай үйлдвэрийг дэмжиж, ажиллахаа илэрхийлсэн. Бусад дарга нар хувь хүртэхийг л бодож, төслийг зогсоодог байсан” гэсэн хариу ирүүлсэн талаар тайлбартаа дурдсан байлаа.

Харин МБҮ трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Бямбасүрэн "Төслөөс Хөгжлийн банкны удирдлага юм уу, хэн нэг дарга төслөөс хувь хүртэх ч гэдэг юм уу, зогсоох тийм санаа оноо агуулж байгаагүй. “Манай компани 2015 оноос төслөө эхлүүлсэн байдаг. Нийслэлчүүдийг аюулгүй хүнсээр хангах зорилгоор  энэхүү төслийг эхлүүлсэн. Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байгаа махны 95 хувь нь стандарт шаардлага хангахгүй орчинд бэлтгэгдэж, иргэдэд хүрдэг.

Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Тийм учраас бид ТЭЗҮ-г тусгай багаар хийлгэсэн.  Олон улсын стандартын шаардлага хангасан махны үйлдвэр барих зорилгоор төслөө өөрөө удирдаж байгаа.

Манай баруун талын үйлдвэр гэхэд газар олголт хэцүү байсан. Есөн га газрыг ухаж байж,  барилгуудаа барьсан.  Нийт  14 барилга байгууламж баригдсан. 17 мянган мал багтах саравч, автомашины зогсоол зэрэг обьектыг барьсан.

Улаанбаатар хотын баруун, зүүн талд дөрвөн үйлдвэр ашиглалтад орно гэж ойлгож болно. Хоёр нь уламжлалт аргаар, хоёр нь халал аргаар мах боловсруулах, жилд 7 сая мах боловсруулах хүчин чадалтай үйлдвэр юм гэлээ. Хил гааль хаагдсан зэрэг шалтгааны улмаас үйлдвэр баригдахад асуудал гарсан зүйл бий гэв. 

 

 

11 : 24
2023-1-19

Ц.Ууганбаяр: Х.Баттулга энд ирэх ёстой, ТОСК-оос мөнгө аваагүй

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордноо өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 59 гэрчийг дуудсан юм. Сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судална. Үүнд:

  1. ТОСК-Шинэ яармаг
  2. ТОСК Хөдөлгөөнт цогцолбор
  3. НВЦ ХХК
  4. Хааны харгуй ХХК
  5. Промон трейд ХХК
  6. Вояжер минерал ресурсес ХХК
  7. Шанх майнинг ХХК
  8. Ган хүдэр орд ХХК
  9. Инжир ХХК
  10. МБҮ трейд ХХК
  11. Сэлэнгийн герефорд ХХК
  12. БМНС ХХК
  13. ТОСК ТӨҮГ

Өнөөдрийн сонсголын эхэнд “Шинэ яармаг” орон сууцны төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, гэрчийн тайлбарыг сонслоо. Энэхүү төсөл нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын санаачлан хэрэгжүүлсэн төсөл юм.

“Шинэ яармаг” орон сууцны төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, Спорт цогцолборын зүүн урд талд 14.9 га талбайд 2,910 айл, 1,100 автомашины зогсоол, 1 сургууль, 1 цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв багтсан 3 үе шаттай хэрэгжих цогцолбор барихаар төлөвлөсөн.байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тогтоолоор  “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д 2015 оны тавдугаар сарын 28-нд 50 сая ам.долларыг 2024 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаатай, жилийн 8.45 хувийн хүүтэй зээл олгожээ.

Төсөл санаачлан хэрэгжүүлэгч ЮнайтедПрожектКорпорейшн /UPC/ ХХК нь БНХАУ-ын EXIM банктай 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр уг төслийг 3 үе шаттай санхүүжүүлэх 195.8 сая ам долларын санхүүжилтийн гэрээг байгуулсан. EXIM банкнаас эхний ээлжийн санхүүжилтийг олгоход төсөл хэрэгжүүлэгч талд тодорхой нөхцөл шаардлага тавьж, санхүүжилтийн баталгаа, өөрөөс санхүүжүүлэх хөрөнгийг баталгаажуулах шаардлага тавигдсаны дагуу дээрх зээл олгогдсон. Улмаар Засгийн газрын тогтоолын дагуу ТОСКТӨҮГ болон Юнайтедпрожектс групп ХХК нар 2015 оны тавдугаар сарын 4-нд  “Шинэ яармаг” орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан.

Дээрх гэрээнүүдийг үндэслэн EXIM банкны санхүүжилт орж эхэлсэн нөхцөлд зарцуулах нөхцөлөөр Хөгжлийн банкнаас 50 сая ам долларыг ТОСК-д, ТОСК-аас төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусингпрожект ХХК-ийн данс руу “Дөрвөн талт гэрээ”-г арилжааны банктай байгуулан Голомт банканд 25.0 сая ам доллар, Худалдаа хөгжлийн банканд 25.0 сая ам долларыг битүүмжлэн зээлийн санхүүжилтийг олгосон.

Гэвч EXIM банкны санхүүжилт орох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалд хүрч, зээлийн санхүүжилт байршсан данснуудын битүүмжилсэн хугацаа 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөр дууссан тул Хөгжлийн банкнаас ТОСК-ийн хүсэлтийг үндэслэн ХХБ болон Голомт банканд байршсан эх үүсвэрийг буцаан татсан байна.

Улмаар асуудал шүүхийн байгууллагад шилжжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны зургадугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгч “НЯХП” ХХК-тай байгуулсан 57.4 тэрбум төгрөгийн Барьцааны гэрээг хүчингүйд тооцож, үндсэн барьцаа хөрөнгөгүй болсон.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр Хөгжлийн банкны нэхэмжилсэн 104.7 тэрбум төгрөгөөс 18.9 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Нью яармаг хаусингпрожект” ХХК-аас 61.2 тэрбум төгрөгийг, ТОСКТӨХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 24.6 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба ТОСКТӨХХК-ийн зарим барьцаа хөрөнгийг чөлөөлсөн.

Зээлдэгч нь 2022.03.18-ний өдөр 500,000,000.00 төгрөгтэй тэнцэхүйц доллараар төлөлт хийсэн бөгөөд бүртгэлд 498,040,874.95 төгрөгөөр орсон. Мөн 2022.оны наймдугаар сарын 5-д 1.0 тэрбум төгрөг төлснөөс Улсын тэмдэгтийн хураамж-429,251,377.00 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал – 1,500,000.00 төгрөг, нийт 430,751,377.00 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 569,248,623.00 төгрөг нь зээлийн хүүгээс хасагдсан байна.

ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТ

БНХАУ-ын EXIM банкны санхүүжилт удааширч нэмэлт нөхцөл тавьж эхэлсэн тул UPG ХХК болон ТОСКТӨҮГ -аас хүсэлт гаргаж, МУХБ-ны ТУЗ-ийн тогтоолуудаар Худалдаа хөгжлийн банканд битүүмжилсэн 25.0 сая ам долларыг барьцаалан UPG ХХК нь 2015 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хооронд 4 удаагийн олголтоор 21.8 сая ам долларын зээлийг авч “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд зарцуулсан.

EXIM банкны санхүүжилт орох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалд хүрч, зээлийн санхүүжилт байршсан данснуудын битүүмжилсэн хугацаа 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөр дууссан тул МУХБ-аас ТОСКТӨҮГ-ын хүсэлтийг үндэслэн ХХБ болон Голомт банканд байршсан эх үүсвэрийг буцаан татсан.

МУХБ нь Голомт банканд байршсан 25.0 сая ам долларыг 2 удаагийн гүйлгээгээр, ХХБ-нд байршсан 24.9 сая ам.доллараас битүүмжит данс барьцаалсан 21.8 сая ам долларын зээлийг хасаж үлдэгдэл 3.0 сая долларыг, нийт 28.0 сая ам долларыг татан төвлөрүүлж, 50.0 сая ам долларын зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 7.1 сая ам долларыг төлүүлж, үлдэгдэл төлбөрийг үндсэн зээлээс хассан. Зээлийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр 29.1 сая ам доллар болжээ.

Тус зээлийн асуудлаар тухайн үеийн удирдлага, зээлдэгч нарт холбогдуулан зээл олголтын асуудал гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор холбогдох материалуудыг бэлтгэн 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу хяналт шалгалт хийж буй аж.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар бүхий тогтоолоор "Нью яармаг хаусингпрожект" ХХК-иас ирүүлсэн дутуу гүйцэтгэлтэй 7 блок, 3 үйлчилгээний талбай, 332 ширхэг авто зогсоол, түүний доорх газар, бүрэн дууссан болон дуусгаж өгөх нөхцөлтэй 64 ш орон сууц, үйлчилгээний талбай, нийт 76 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үлдэгдэл төлбөрт тооцон банкны ӨБҮХХ-т шилжүүлэн авахаар болсон.

Дээрх тогтоолын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг МУХБ-ны нэр дээр шилжүүлэх ажил хийгдэж,"Ньюяармагхаусингпрожект"-ын 85.8 тэрбумтөгрөгийн өрөнд тооцон зээлийг хаажээ.

Эл төсөлтэй холбогдуулан,  "Нью Яармаг хаузин прожект" компанийн захирал Ц.Ууганбаяр УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ ын гишүүн, сонсгол удирдагч Б.Энхбаяр: Хувьцаа эзэмшигчийн мэдээллийг та бүхэнд дэлгэцэнд харуулж байна. "Нью яармаг хаусинг прожект"-ын идэвхтэй хувьцаа эзэмшигч нь Юнайтед прожект групп байгаа. Энэ групп нь оффшор компани. Хаана бүртгэлтэй компани вэ?

Зээлдэгч Ц.Ууганбаяр: Нью яармаг хаусинг прожект түрүүн хэлсэн Экзим банктай холбоотойгоор заавал биднийг гадаад улсад татварын боломжтой газар толгой компаниа байгуулах ёстой гэдэг хуулийн дүгнэлтүүд тухайн үед гарч байсан.

Юнайтед прожект групп гэдэг нь Сингапур улсад бүртгэлтэй. Тухайн үедээ Сингапур улс нь оффшор бүс байгаагүй байх аа.

УИХ ын гишүүн, сонсгол удирдагч Б.Энхбаяр: Үүсгэн байгуулагч буюу анх үүсгэн байгуулсан Ж.Отгонбаяр, Н.Цэцэгмаа гэдэг хүмүүсийг та таних уу?.

Зээлдэгч Ц.Ууганбаяр: Энэ хүмүүсийг огт танихгүй, уулзаж байгаагүй. Газар эзэмшиж байсан компани байсан, бизнесийн хэлцэл хийгээд, тухайн газрынх нь татварыг нь төлөөд худалдан авсан.

УИХ ын гишүүн, сонсгол удирдагч Б.Энхбаяр: Таны өмнө энэ компанийн захирлаар ажиллаж байсан, Б.Батбаяр гэж хүнийг таних уу?

Зээлдэгч Ц.Ууганбаяр: Танина, манай хамаатны үеэл, одоо хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

УИХ ын гишүүн, сонсгол удирдагч Б.Энхбаяр: Спортын холбоонд харьяалагддаг хүн мөн үү?

Зээлдэгч Ц.Ууганбаяр:Тийм юм байхгүй.

УИХ ын гишүүн, сонсгол удирдагч Б.Энхбаяр: 2015 оны зургадугаар сарын 5-нд Төрийн өмчийн хорооны тогтоол гарсан. Тухайн үеийн ТОСК ийн ТУЗ-ийн даргаар хэн ажиллаж байсныг мэдэх үү?

Зээлдэгч Ц.Ууганбаяр: Мэдэхгүй.

УИХ ын гишүүн, сонсгол удирдагч Б.Энхбаяр: Тухайн үеийн Барилга хот байгуулалын дэд сайдаар Ц.Байгалмаа ажиллаж байсан. Энэ хүнийг таних уу?

Зээлдэгч Ц.Ууганбаяр: Танихгүй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:  Уг зээлийг ТОСК авч, гүйцэтгэгчээр нь "Нью яармаг хаусинг прожект" ХХК орсон байна. Танайх ийм хэмжээний бүтээн байгуулалт хийх, туршлага байсан уу. Мөн та Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтаар ажилласан уу, гэрээгээр ажилласан уу?

Зээлдэгч Ц.Ууганбаяр: Бид зээлээ хаасан, ТОСК-ийн өмнөөс 24 тэрбум төгрөг төлсөн.

Нью Яармаг хаусинг прожект ХХК нийтдээ Хөгжлийн банканд 85 тэрбум төгрөг төлсөн. Энэ тухай Хөгжлийн банк дэлгэрэнгүй тайлбар өгөх хэрэгтэй.

Би ямар нэгэн байдлаар төрийн худалдан авах ажиллагаанд оролцоогүй. Тиймээс энэ нь сонгон шалгаруулалт хийх ёстой байсан эсэхийг мэдэхгүй. 

Залуу хүн болохоор туршлага байхгүй мэтээр хараад байх шиг байна. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоод ярьдаг. Х.Баттулга гэж хүнээс болж залуучууд битгий хохироосой. Х.Баттулга энд ирж, ярих хэрэгтэй, Ерөнхийлөгч, сайд байх нь хамаагүй.  Би тэр хүний зөвлөх байсан.

Би төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүн нь ч гарсан. Хөгжлийн банкнаас зээл авсандаа одоог хүртэл харамсдаг. Арилжааны банкнаас зээл авсан, адилхан төлөөд л явж байна. Сүүлийн гурван жил 150 гаруй тэрбум төгрөгийн зээлийг цаг хугацаанд нь төлсөн.

Миний хувьд 2012 онд БНХАУ-ын Экспорт-Импортын банканд зээлийн хэлэлцээр, зээлийн гэрээ байгуулаад зээл авахаар хөөцөлдөж байсан. Үүнийг Т.Доржханд гишүүн та мэднэ.

Тухайн үед би хувийн хэвшилд ажиллаж байхдаа хөөцөлдөж байж,  гэрээгээ байгуулаад одоог хүртэл БНХАУ-ын Экспорт-Импортын банканд төлсөн шимтгэлийнхээ мөнгийг олж чадахгүй яваа. 

ТОСК өөрсдөө бидэнд санал тавьсан. Манайх БНХАУ-ын Экспорт-Импортын банктай зээлийн гэрээ байгуулсан байсан болохоор ТОСК төслийг чинь хамтарч хэрэгжүүлье, танайх явчихвал манайх явчих юм байна гэх яриа болсон. Бид хөөцөлдөж очоод энэ зээлийг хамтаръя гэж санал тавьсан зүйл байхгүй. Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд ирээд энэ тайлбар өгөөсэй гэж бодож байна.

ХХБ-наас зээл авсан. Зээлийн гэрээнүүд бий. Уг нь анх Хөгжлийн банк ТОСК-той хамтран ажиллах гэрээ байгуулсан юм билээ.
Би тэр гэрээг огт харж байгаагүй. ТОСК-той хамтран ажиллах болсондоо би харамсч байгаа. ТОСК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Засгийн газар солигдонгуут ТОСК-ын дарга нь, бодлого нь солигддог. Ажил явуулахад маш хүнд байсан. Манай данс руу мөнгөө шилжүүлсэн ч та энэ мөнгөнд гар хүрч, зарцуулж болохгүй гэдэг байсан. Монголд бизнес хийх маш хэцүү, бидэнд итгэдэггүй. Хөгжлийн банк маргаан үүсгэхгүй байх боломж байсан. Тухайн үеийн Хөгжлийн банкны захирал асан н.Батбаяр ямар ч шийдвэр гаргаагүй. Бид Хөгжлийн банкнаас зээл аваагүй атлаа яагаад холбогдов гэхээр энэ банк ТОСК-ийг Иргэний шүүхэд өгсөн. Биднийг хамтран зээлдэгчээр татсан. ХХБ-ны төлөөлөл ч энд байх ёстой. Мөн бид зээлээ төлсөн гэдгийг онцолмоор байна. Төлсөн компаниудаа ч зарлах ёстой. Төлөөгүй гээд л зарлаад байдаг. Н.Мандуул захирал ч энд ирэх  ёстой, яагаад зөвхөн хэлтсийн захирлууд нь энд сууж байдаг юм бэ?

Манай компанид нийт 220 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсны 20 орчим тэрбум төгрөгийг ХХБ-наас авсан. Бид олон улсын компаниар аудит хийлгэдэг. Хэдэн жилийн өмнө буюу НӨАТ нэвтрүүлээгүй байхад бид хувь хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлж, үйлчилгээ авдаг байсан. Манай компани дандаа төгрөгөөр зарлага гаргадаг, ам.доллараар зардал гарсан удаагүй. Зээлийг 100 хувь зориулалтын дагуу зарцуулсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Газрын асуудлаар гадаад иргэнтэй харилцаанд ороогүй. Хоёр монгол иргэнээс газар авсан. Би энэ төсөл анх санаа байхад нь л хамтран ажилласан. Одоо энэ компанид П.Цагаан бид хоёр хувь эзэмшдэг. Би тодорхой хувь оруулсан. Миний эзэмшлийн газар дээр барилга барьсан, би ч мөн хөрөнгө оруулалт хийсэн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа тул бид энэ сонсголыг хийж байна. Хэн нэгний  гэм буруутай эсэхийг тогтоох нь бидний зорилго биш. Хяналтын сонсгол зохион байгуулах эрх өмнөх парламентад ч байсан. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу бид сонсгол явуулж байна. УИХ-аас томилсон түр хороо энэ оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллана. Энд үг хэлсэн хүмүүсийн үг баримт болж үлдэнэ.

Хөгжлийн банкны захиргаа удирдлагын газрын захирал н.Мөрөн: Бид зээлээ төлсөн ААН-үүдийг зарлан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай мэдээнээс иш татан, цааш дамжуулдаг.  Тус компани Хөгжлийн банканд өглөгтэй гэдгийг Дээд шүүхээс баталсан. "Шинэ Яармаг" бүтээн байгуулалтыг явуулахдаа ТОСК Хөгжлийн банкнаас зээл авсан. "Шинэ Яармаг" төсөл Хөгжлийн банкийг мөн шүүхэд өгч, бид гурван шатны шүүхэд маргасан. Шүүх хэдийгээр Хөгжлийн банкнаас зээлийн гэрээ байгуулаагүй ч төсөл хэрэгжүүлэгч мөн. ТОСК дамжуулан зээлдүүлжээ. Иймд тус компани зээлээ төлөх ёстой гэж шийдсэн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 100 сая төгрөгийн барьцаа хөрөнгө тавиад банкнаас 20-30 сая төгрөгийн зээл авдаг шүү дээ. Харин та газраа барьцаалжээ. Танай компани Хөгжлийн банкны зээлийн шалгуурыг хангаж байсан юм уу?

Зээлдэгч Ц.Ууганбаяр:-Банкнаас зээл авах хэцүү. Монголд мөнгөтэй хүнд л зээл олдоно гэж байхгүй. Зөвхөн үл хөдлөх хөрөнгөтэй хүнд зээл олдоно гэж байхгүй. Биет бус хөрөнгийг Монголд барьцаалдаггүй. Анхнаасаа манай компани том байгаагүй. Нууж хаах зүйл алга. Бид MCS, АПУ, Шунхлай шиг том компани биш. Бид нарт орон сууцны төслийг спортын байгууламж, сургуультай нь жишиг болохүйц байгуулчихая гэдэг мөрөөдөл л байсан.

Үүнийгээ ч хэрэгжүүлсэн. Зээлийн шаардлага хангах, эсэхийг банк л мэднэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Компани зээлээ төлж барагдуулсан байгаа. Гэхдээ зээлээ төлж барагдуулсан гэдгээс үл хамаараад зээлээ зориулалтын дагуу зарцуулсан уу, улс төрийн нөлөө бүхий этгээд нөлөөлсөн үү.  УДШ ийн хоёр ч удаагийн тогтоол гарсан байгаа. Хөгжлийн банкнаас авсан зээл гаргах үйл явц, төрийн өмчийн хорооны тогтоолуудаас харахад энэ зээл гаргахад хэн нэг албан тушаалтан нөлөөлсөн үү. танай компанид ямар нэг дарамт шахалт ирсэн үү. ХХБ-нд мөнгө байршуулах ёстой гэсэн дарамт ирж байсан уу.

Зээлдэгч Ц.Ууганбаяр: Ямар нэгэн дарамт шахалт байхгүй, улс төрийн нөлөөлөл байхгүй.

Тухайн үед бүгд л төслөө бариад Хөгжлийн банк руу явдаг байсан шүү дээ. Хөгжлийн банк нь арилжааны банкнаас өөр нөхцөлтэй байсан. Би Хөгжлийн банкны 5 захиралтай хамтран ажиллаж байна. Тус банк руу албан бичиг явуулаад нэг ч удаа хариу авч байгаагүй. Одоогийн удирдлагууд л хурдан хариу өгч байна. Яагаад өнөөдөр ийм олон ААН энд сонсголд сууж байна гэхээр дандаа ААН-үүд буруутай биш шүү. Хөгжлийн банкны захирлууд дандаа улстөрчдийн томилгооны хүмүүс байдаг, шийдвэрээ удаан гаргадаг. Дараагийн захирал томилогдоход өөр шийдвэр гарч ирсэн. 

Сонсгол удирдагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцаж, холбогдох гэрчээс асуулт асууж дууслаа.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж