"Нэг яамны ТНБД төсвийн хөрөнгөөр казино тоглож, ял эдэлж байсан"

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Live"Нэг яамны ТНБД төсвийн хөрөнгөөр казино тоглож, ял эдэлж байсан"

"Нэг яамны ТНБД төсвийн хөрөнгөөр казино тоглож, ял эдэлж байсан"

УИХ-ын нэгдсэн ээлжит чуулганы өнөөдрийн /2023.01.19/ хуралдаан үргэлжилж байна.


 

18 : 23
2023-1-19

"Зохион байгуулалттай хясаа бэлдэж, мөрийтэй тоглоом тогловол шийтгэл ногдуулна"

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг Ц.Сандаг-Очир танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Бооцоотой хонжвортой сугалаа Монголд хавтгай болсон. Найз нөхөд, гэр бүл, ажлаараа тоглодог. Яаж хуулиар зохицуулах вэ. Яавал хууль зөрчсөн болох вэ. Ялгаа байх уу?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Таныг Хууль зүй дотоод хэргийн сайд байхад хуулийг өргөн барьж, Эрүү, зөрчлийн тухай хуульд мөрийтэй тоглоомыг хуульчилсан. Би ажлын хэсгийг ахалж, судлаачидтай хоёр сар вакумжиж ажилласан. Энэ үед ахуйн хүрээн дэх мөрийтэй тоглоомд зохион байгуулалттай хясаа, ширээ бэлдэж, бооцоо тавьсныг мөрийтэй тоглоом тоглосон гэж шийтгэл ногдуулъя. Муушги, 13 тоглоомыг тэр ангилалд оруулахгүй байя гэсэн. 

Одоо Зөвшөөрлийн тухай хуулиар бооцоот тоглоомыг ХЗДХЯ, хонжворт сугалааны эрхийг Сангийн яам өгөхөөр байгаа. Сангийн яамнаас өмнө нь өгсөн хэд хэд эрхээ хэрэгжүүлж буй. Нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс иргэд хохирч байна. Жишээлбэл, Ланд машин хожсон хүн очсон чинь хуучин машин байсан. Шинэ машин нэхэхээр 100 гаруй сая төгрөг төлдөг байна. Ийм явдлыг таслан зогсооно. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Бооцоот таавар тоглоом сүүлийн үед азанд найдаж, зүгээр сууж байгаад ашиг олоход хавтгайрч байна. Хүүхэд хөгшидгүй л тийм байна. Биткойн, койн гээд баахан хүмүүс хошуурч, залилуулсан. Монголчууд өөрсдөө нийгмээрээ орж байгаа нь оюун санаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ хуульд яахаар зохицуулж байгаа юм уу. Хумиж байгаа юм уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-НӨАТ-ын сугалаа шал өөр. Энэ сугалаа хуулиар зохицуулсан ашгийн төлөө гэдгээрээ ялгаатай. Бид таван сард НӨАТ-ын сугалаагаа болиход 40 хувь буурч, далд эдийн засгийг дэмжсэн. Дахин сэргээж сугалаа зохион байгуулахад иргэдэд ойлгомжтой баримт бүр сугалаанд орж байгаа. Ашгийн төлөө биш буцаан олголтыг нэмж байгаа. 

18 : 07
2023-1-19

"Бооцоот морин уралдаан уламжлалт морин уралдаанаас тэс өөр"

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн Х.Нямбаатар танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Э.Бат-Амгалан танилцууллаа.

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Дэмжиж байгаа. Монгол морины уралдаан үндэсний уламжлалт спортын төрөл. Унаач хүүхэд бэртэж, эрүүл мэндээрээ их хохирч байна. Чингэлтэй дүүрэгт гэхэд 14 хүүхэд бий. Насны хязгаарыг хэрхэн тогтоож байгаа вэ?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Бидний уламжлалт морин уралдаанаас тэс өөр. Дэлхий нийтээрээ сонгодог морин уралдааныг Монголд нутагшуулж, бооцоо тавьж, аялал жуулчлалын цогцолбор байгуулна. Хүй долоо худагийн дэнж дээр ийм цогцолбор барихаар боловсруулсан төсөл байгаа. Наадмаас бусад цаг үед морин бооцоот уралдаан зохион байгуулдаг болно. Тусдаа жоки гэж тусгай мэргэжилтэнг 3-4 жил коллежид суралцан төгсч, 18 нас хүрсэн эрчүүд голцуу хүмүүс байдаг. Хөнгөн байх тусмаа морь нь сайн уралдана гэж үздэг. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Яагаад бүх эрхийг ашгийн бус холбоонд өгсөн юм бэ?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Бооцоот морин спорт холбоо гэдэг холбоог байгуулна. Төрийн бус байгууллагын хуулиар байгуулдагхолбоо биш.  Гишүүнчлэлтэй нийтийн эрх зүйн субъект. Өөрөөр хэлбэл, гишүүд өндөр хураамжаа төлж байгуулна гэсэн үг.Автоматаар хуулиараа бооцоот уралдаан эрхлэх эрхээ хадгална. Төр хутгалдахгүй. Холбоо нь дэлхийн журам татвараа зохицуулна. Сангийн яам, Үндэсний татварын алба шалгалт оруулж, 60 хувийг татаж авна. 

УИХ-ын захирамжаар бүх байнгын хороодын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулна. Чуулганы завсраар ажлын хэсэг сайн ярилцъя гэж хэлэлцэх эсэх асуудлыг оруулж ирж байгаа юм. 

Санал хураалтыг түр хойшлууллаа. 

16 : 40
2023-1-19

Казиног цахимаар зохион байгуулж, Монголын иргэн тоглохыг хориглосон

Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Х.Нямбаатар сайд танилцуулав. Казиног цахимаар зохион байгуулж, Монголын иргэн тоглохыг хориглосон. Нийт 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монголд оруулахаар санал оруулсан. Байнгын хорооны санал дүгнэлтийг Ц.Сандаг-Очир танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Энэ хуулийг сүүлийн 10 гаруй жил ярьсан. Хэл амнаас айж ирсэн. Ямар ч байсан хууль эр зүйн хүрээнд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалт татах нь чухал байгаа. Дэмжиж байна. Монгол иргэдэд бус ирж байгаа жуулчдыг тавтай аялаад буцах нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байна. 

Казино ажлын байр нэмдэг гэдэг. Боловсон хүчин бэлтгэхэд хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Хөрөнгө оруулалтын 300 сая ам.долларыг яаж тогтоосон бэ?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Дэлхийн 154 оронд казино үйл ажиллагаа явуулдаг. Нийт 5825 казино байна. Хувьчилбал дэлхийн 10 том зах зээлийг эзэмшиж буй бүс нутаг байна. Макао, Сингапур, Австрали, Филлипин, БНСУ, АНУ, Камбожи, Малайз орон байна. Сүүлд Япон улс нэмэгдсэн. Бид хуулийн төслөө Макаогийн туршлагыг харж, 2002 онд хуулийг санаачилж, баталсан. 2006 онд дэлхийн номер нэг улс болсон. 2020 онд 7.6 тэрбум ам.долларын орлого буюу 100 хувь улсын төсвөө бүрдүүлдэг. 

Монгол Улс аялал жуулчллын бүтээгдэхүүн гаргаж, хууль эрх зүйн орчныг бий болгох гэж байна. Макаод зургаан ширхэг лиценз эзэмшиж, эхний босго нь 500 сая ам.доллар байдаг. Бид бэлэн объектыг ашиглан түрээсэлж зөвшөөрлийг өгнө. Бид олон улсын санхүүгийн хориг тавьсан зөрчилтэй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх программ хангамжийг үнэ төлбөргүй авч байгаа. Хилээр орохоос өмнө наашаа нисэх нислэгийг хязгаарлана гэсэн үг. Нийт цогцолборын 80 хувь иргэдийн цэнгэх талбай байна. Харин 20 хувьд казиногийн талбай ногдоно. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Бүтээн байгуулалт хийхээс өмнө эдийн засгийн үр өгөөжийг тооцсон байх ёстой. Хэрэв казино байгуулбал ямар үр өгөөжтэй вэ. Зөвшөөрлийг нэг объектод өгнө гэж үнэн үү. Олон сөрөг үр дагаврууд гарна гэдэг?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Бид яагаад нэг лиценз олгох вэ гэхээр хамгийн боломжит хувилбарыг эхний ээлжид явуулна. Дараагийн таван жилээс шинэ лиценз олгох эсэхийг УИХ шийднэ. Байршлын хувьд Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд төр газар гаргаж, дэд бүтцийг нь шийдэж өгнө. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Анх төслөөрөө дөрвөн газар хийхээр төлөвлөсөн. Ховд Говь-Алтай аймгийн зааг дээр Дөргөн нүүрын хөвөө, Буйр нуур, Замын-Үүд сум гэж тооцоолсон.

Манайд ирж буй жуулчдын тодорхой хувь тал хээр нутаг, эзэнт гүрний түүх, өөр улсуудыг судлах гэж зорин ирдэг. Хятад улс нийт казиногоор үйлчлүүлэх иргэдийн 97 хувийг эзэлж байна. Бид тооцоо гаргахад эрт байгаа. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохыг зорьж байна. Нийт орлогыг 33 орчим хувь бооцоо, зочид буудлаас олсон гэх судалгаа бий. 

1998 онд энэ хуулийг баталж, хэрэгжилгүй хүчингүй болсон. УИХ-ын гурван гишүүн энэ хуулийг батлахад авлига авсан гэж хэргээр шийтгүүлж, ял эдэлж байсан. 2004 онд ХЗДХЯ-аас бооцоот төлбөр тааварт тоглоомын газар нийслэл, Дарханд олширсон. Үүнээс болж олон залуус өр ширэнд орсон. Засгийн газрын нэгэн яамны Төрийн нарийн бичгийн дарга төсвийн хөрөнгөөр тоглож ял эдэлсэн тохиолдол бий. Тиймээс эхний ээлжид дотоодын иргэдээ хориглож байгаа юм. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Эдийн засагт ямар ямар эерэг нөлөөлөл үзүүлэх вэ?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Бид үйл ажиллагааны 40 хувьд татвар ногдуулна. Долоо хоног бүр татвараа хураана. Жилд хэдэн жуулчин ирнэ гэдэг нарийн тоо хэлэх боломжгүй байгаа. Тодорхой хувийг таны ахалж байгаа Аялал жуулчллын санд байршуулж, агаарын тээврийн байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. Нийт 64 улсын иргэнийг Монголд визгүй зорчих ангилалд оруулсан. Хил орчмын бүлэг жуулчинг хүлээн авна. Шалгуурын хувьд нэг их наядаас өндөр хөрөнгө оруулалт гэдэг нэг шалгуур. 

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч:

Аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөж нь 1.7 их наяд буюу нийт экспортын 6.8 хувь, хөдөлмөр эрхлэлтийн 7.6 хувийг 2019 онд эзэлж байсан. 2020 онд 58.900 жуулчин хүлээн авсан.Цар тахлын үед хямарч, 2021 онд 31 мянган жуулчин авч, эдийн засгийн хувьд 1.7 их наяд төгрөгийг алдсан. 

Санал хураалтыг хоёр байнгын хорооны хурлын дагуу явуулахаар хойшлууллаа. 

16 : 25
2023-1-19

Үйлдвэржилтийн байнгын хорооноос Л.Мөнхбаатарыг чөлөөлөв

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлаар санал явуулах гэсэн боловч хууль санаачлагч байхгүй учраас хойшлуулав. 

Мөн Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хуулийг эцэслэн батлуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Маргааш эдгээр хуулийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахаар болов.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх нь зүйтэй гэж санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Нэгдүгээрт Үйлдвэржилтийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг чөлөөлсүгэй. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Санал хураалтаар 62.8 хувиар дэмжигдлээ. 

16 : 13
2023-1-19

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой арга хэмжээний тогтоолыг баталлаа

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбоотойгоор авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. Асуулт асуух гишүүн байсангүй. Зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Тогтоолын төслийг 56 хувиар баталлаа. 

16 : 07
2023-1-19

Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн санал хураалтыг хойшлууллаа

Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Санал хураалт явуулах хугацааг хойшлуулав. Байнгын хороодын хуралдааны дараа үргэлжилнэ. 

16 : 03
2023-1-19

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. УИХ-ын гишүүд асуулт асуусангүй. Эцсийн хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаар батална. Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

15 : 38
2023-1-19

"Цар тахлаар эүүл мэндийн салбарт зарцуулсан 1.4 их наядыг зарцуулсан"

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнг танилцуулахаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. 

Хураангуйлан дурдвал, байгууллагуудын уялдааг хангахаар байгуулсан Шуурхай штабыг байгуулсан, хөл хорио тогтоосон, вакцинжуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалтуудыг хийсэн, судалгаа тогтмол хийсэн, хяналт аудитыг хийсэн. Санхүүжилтын хувьд 2020 онд 4.4 их наяд, 2021 онд 5.2 их наяд, 2022 онд 1.6 их наяд төгрөг нийт 11.2 их наядыг зарцуулсан. Үүний 41.9 хувийг улсын төсвийн, 25.4 хувийг гадаад зээл, 7.6 хувь нийгмийн даатгалын сан, 2.1 хувийг орон нутгийн төсвөөс, 2.8 хувийг эрүүл мэндийн даатгалын сан, 10.4 хувийг ирээдүйн өв сан, 9.9 хувийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн. 

2020-2022 онд нийт эх үүсвэрийн 37.9 хувь 4.2 их наяд төгрөгийг эдийн засгийг идэвхжүүлэхэд, 12.5 хувь буюу 1.4 их наядыг ажлын байрыг хамгаалахад, 13.2 хувь буюу 1.4 их наяд эрүүл мэндэд, 4 их наядыг иргэдийн орлогыг хамгаалахад зарцуулсан. Түүнчлэн 7.5 их наядыг мөнгөөр, 3.7 их наядыг мөнгөн бусаар зарцуулсан. Нийт санхүүжилтийн 91 хувь нь зориулалтын дагуу зарцуулсан гэх дүгнэж байна. Эрүүл мэндийн салбарт зарцуулсан 1.4 их наядын 61.5 хувь иргэдийн вакцинжуулах, эмнэлгийн бэлэн байдалд зарцуулсан нь олон нийтэд нээлттэй байлгах шаардлагатайг харуулж байна" гэв.

Түр хороог татан буугдсанд тооцлоо. 

15 : 26
2023-1-19

Санал хураалтыг хойшлуулав

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулсан. 

Хоёр байнгын хороо хуралдаж байгаа учраас санал хураалт явуулах боломжгүй түр хойшлуулав. 

“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Төсвийн байнгын хороо хэлэлцэж байгаа учраас хойшлуулав. Мөн хууль санаачлагч байхгүй учраас Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хойшлуулсан. 

15 : 14
2023-1-19

Дэлхийн банкны “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг маргааш батална

Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулав. Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. Асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Эцэслэн батлах санал хураалтыг Баасан гаригийн 10.00 цагт явуулахаар болов.

13 : 19
2023-1-19

"Цахим гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан"

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм. 

Тэрбээр, Өнгөрсөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Цахим гэмт хэргийн жишээ дурдвал "Иргэн С 2019 оноос цахим сүлжээ ашиглан иргэдийн интернэт банкны дансанд нэвтэрч, мөнгийг нь шилжүүлэн авч, амьдралын эх үүсвэрээ болгосон. Нийт 100 гаруй удаагийн үйлдлээр нэг тэрбум төгрөгийг иргэдээс залилж авсан. Сэжигтнийг эрүүгийн цагдаагийн газрынхан 2021 оны арванхоёрдугаар сард АНУ-аас баривчилж авч ирсэн.

Хоёрдугаарт, иргэн А фэйсбүүк хаягаараа насанд хүрээгүй охидтой  харилцаж, нүцгэн зургаа солилцож, олон нийтийн сүлжээнд цацна гэж заналхийлж, дахин нүцгэн зургийг нь авхуулж, ёс бус бичлэг хийлгүүлэх удаан хугацаанд охидтой уулзаж, бэлгийн харилцаанд орсон хэргийг СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 20 жилийн хорих ял оноосон.

Мөн 2022 оны гуравдугаар сард иргэн Э "Хүүхдүүд" нэртэй нууц групп фэйсбүүкт нээж, насанд хүрээгүй хүүхдүүдийн садар самуун агуулсан дүрс бичлэгийг байршуулж, иргэдэд төлбөртэй үзүүлсэн хэргийг БЗД-ийн шүүхээр 2 жил хорих ял оноосон. 

УИХ-ын гишүүн үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хууль их зөв байна. Дэмжиж байна. Цахим орчин дахь хүний эрхийн асуудлыг олон жил ярьсан. Бие биеэ янз бүрээр доромжилдог. Тэгсэн мөртлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэр дундаа хүүхдийн эрхийн асуудал их хөндөгддөг. Хуулийн төслийн өчигдөр Засгийн газраас өргөн барьж, өнөөдөр шууд оруулж байгаад эмзэглэж байна. Н.Учрал сайдаа хуулийн төсөлтэй бид танилцаагүй байна. Одоо энийг л болимоор байна. Танилцуулгыг үзэж, судлахад цаг хугацаа шаардлагатай. 

Хоёрдугаарт, цахим орчин дахь акаунтын асуудлыг цэгцэлж болохгүй юу. Нэг хүн нэг нэртэй гэдэг юм уу. Гэхдээ бусдын эрх, хууль бус мэдээлэл, хүн гүтгэвэл гэдэг хязгаарлалтыг тавьж өгч болохгүй юу?

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт хууль зүйн сайдаар томилогдохдоо 2017 онд ийм хууль боловсруулж, Засгаас санал авахаар эхэлсэн. Тухайн үед хэд хэдэн гишүүн санаачилж байсан. Бараг 10 гаруй төсөл бий. Манай яам энэ хуулийн төслийг авч танилцаад, ажилласан. Ингээд зургаан жил өнгөрсөн ч 2022 онд садар самуунд хүүхдийг уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар өссөн. Гэмт хэрэг нь үргэлжилж байгаа учраас энэ бол УИХ-ын түүхэн үүргийнхээ дагуу энэ хуулийг батлах нь зүйтэй. 

Хуурамч хаягийн асуудлыг дэлхий даяараа тэмцэж, хаасаар байгаа. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 1.5 тэрбум хуурамч акаунтыг зөвхөн фэйсбүүк өөрөө хаасан. Анхааралтай ажиглаж, ажилласаар зургаан жил болсон. Одоо 7975 хэргээс 4552 нь шийдэгдсэн. Хуурамч хаягтай холбоотой мэдээллийг Харилцаа холбоо, ХЭҮК, ЦЕГ, олон улсын байгууллагууд мэйл бичдэг. Тэгэхээр фэйсбүүкийн төлөөлөгчид Монголоос хэнтэй уулзахаа мэдэхгүй байна гэдэг. Төлөөлөгчийн газраа байгуулах дотоодын хуультай болсноор хүсэлт тавих эрхтэй. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ сайн ярилцах ёстой. Сая ХЭҮК-оос Даваа гаригт хуулийн төсөлтэй танилцаж, дотор нь анхаарах зүйлс байна гэлээ. Энэ хуулийн төслийг УИХ-аар баталтал ажлын хэсэг ажиллах байх гэж ярьсан. Сайд хангалттай ярьсан, хурдан баталж өг гэж болохгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Ийм хууль батлагдах ёстой. Гэхдээ ингэж шуурахгүй ээ Н.Учрал сайдаа. Хуулиа нэгдүгээр сарын 18-нд өргөн барьж,  19-ний өглөө Байнгын хороогоор хэлэлцүүлж, үдээс хойш батлуулж, энэ сарын 20-нд батлуулна гэж ярихгүй. Зургаан жил Засгийн газар ажилласан байж болох ч УИХ-аар хууль баталдаг шүү. Ингэж даналзаж болохгүй шүү. Хөл толгойн хаана байна вэ. Учраа олоорой.

Өнөөдөр хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ гэхэд ажлын хэсэг гарч, ХЭҮК хороог оруулж, Зохицуулах хороогоо дуудаж, хүний эрхийн гишүүдийг оролцуулж, хаврын чуулганаар энэ хуулийг батлах хэрэгтэй. Тэрнээс биш 24 цагийн дотор ийм нийгмийн харилцааны өргөн утга, олон үр дагавартай учиртай хуулийг та нар батал гэж шахаж болохгүй. Миний бодлоор үүнийг Х.Нямбаатар сайд өргөн барих ёстой. Хүний эрх ярьж байгаа болохоос техник технологи огт яриагүй. Хэнд ямар эрх өгч, хэний эрхийг хасах вэ гэдэг дандаа хүний эрхийн асуудал. Цахим сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь маш чухал. Тэрийг бүгд ойлгож байна. Нөгөө талдаа хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхтэй тэнцвэржүүлэх л асуудал. Энийг олно гэдэг маш нарийн асуудал. Зөвхөн технологийн асуудал биш. Шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрээр хийж болно. Заавал хууль баталж ийм асуудал ярина гэдэг учир дутагдалтай. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Өнгөрсөн хугацаанд олон хууль байсан. Хооронд нь харьцуулж, судалгаа хийж оруулсан. Та бүхэн УИХ- д ажлын хэсэг байгуулж, хэлэлцээд зохих журмын дагуу шийднэ. УИХ-ын эрх. Өнгөрсөн хугацаанд энэ хуулийг боловсруулахад маш их цаг хугацаа алдсан байна гэдгийг өнөөдрийн гэмт хэргийн тооноос харж байна. Нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу аль аль талдаа хэлэлцэн батлах шаардлагатай. Тэр зөрчилтэй контентууд дээр хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаагүй. Хуулийн 6.1-6.1.12 заалтад тодорхой заалтуудыг оруулсан. Хүчирхийлэл, мансуурах бодис, оюуны өмчийн зөрчилтэй, өдөөн турхирсан бол гээд нарийвчлан заасан байгаа. 

Энэ хууль зөрчилтэй контент дээр мэргэжлийн шинжээчид ажиллаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Харин зарим хэвлэл мэдээллийн байгууллагын сайтууд албан ёсны фэйж хуудастай байдаг. Зарим нь нэг хоёрхон хүнтэй олон дагагчтай. Тэгээд нийгмийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан ч юм уу янз бүрийн мэдээллийг спонсорлож түгээдэг. Энийг ялгая гэдгийг хэлж буй. Редакцитай албан ёсны фэйж гэдгээ ялгах хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөнд ерөөсөө халдахгүй. Энэ хэвлэл мэдээлэлтэй холбоогүй. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Гишүүдийн хэлж байгаа шүүмжлэл зөв. Бид өнгөрсөн жил цахимын багц хуулиа баталж, яамаа байгуулсан. Алдаатай цоорхой одоо харагдаж эхэлж байна. Сая хүүхдийн мөнгөний асуудалд дундын мэдээллийн сангаа хэрхэн хуваалцах шийдлүүдээ хийж чадаагүй байна. Цахим харилцаан дээрээ тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай. Ц.Мөнх-Оргил гишүүний түмэн зөв. Үүнд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж болохгүй. Монголд нийт гэмт хэргийн 33-аас дээш хувийг цахим орчинд хийж байна. Цахим яам ХЗДХЯ дээр боловсруулж байсан хуулийг шилжүүлэн авч, боловсруулахаар дундаасаа ажлын хэсэг гарган ажилласан. Бид УИХ-д хууль батлахыг тулгах эрхгүй. Бид саналыг хүлээн авч, хэлэлцэх эсэхээ шийдэж, богино хугацаанд ажлын хэсэг гаргаж ажиллая. Тэгээд энэ хуулиа батлая. 

Бид хоёрдугаар сард "Фэйсбүүк" группийн Ази Номхон далайн бүсийн удирдлагуудын хуулийн баг, техникийн баг бидэнтэй уулзаж, эрх зүйн орчин үүссэн бол хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэрнээс биш үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд нэг ч халдаагүй. Энэ платформ ардчилал хүний эрхийн баталгаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Энэ хуулийг дэмжиж байна. 2021 оны датагаар дэлхий даяар долоон террилион ам.долларын гэмт хэрэг үйлдэгдсэн. 

ХЭҮК-ын дарга Ж.Хунан:

-Хоёр хоногийн өмнө хуулийн  төсөлтэй танилцсан. Хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй хэд хэдэн заалт байна. Зөрчилтэй контент гэдгээ дахин харах зайлшгүй шаардлагатай. Мөн энэ хуулийг даган гарах зарим хуулийн өөрчлөлтийг хүний эрхийг хязгаарлах эрсдэлийг бодитой агуулж байна. Энэ хуулийг дагаад Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болов. 

13 : 01
2023-1-19

"Олон газраас гадаадад ажиллах хүч гаргавал замбараагүй болох юм биш үү"

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцууллаа. 

УИХ-ын гишүүд үг хэлж, асуулж асууж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Энэ тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу бусад этгээдүүдэд шилжүүлж болно гэсэн заалттай хуулийн төсөл өргөн барьсан. Энийг хэнд шилжүүлж болно гэж үзэж байна вэ. Гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг янз бүрийн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сайд нь мэдээлэл шилжүүлээд байвал замбараагүй болох юм биш үү. Ямар нэгэн хуульд хязгаар тогтоохгүй юм уу. Япон, Германд ажиллах хүч гаргахдах МХАҮТ, нэг компани, Засгийн газар гаргаад хэмжээ дамжаагаа алдах юм биш үү. Хоёрдугаарт, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээдийн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газрын шийдвэрээр хөнгөлж, чөлөөлж болно гэжээ. Тэгсэн мөртлөө доор нь бусад аж ахуйн нэгжүүдийг чөлөөлж болно гэж. Энийг нийлүүлэх хэрэгтэй. Төрийн өмчид аж ахуйн нэгжүүд нь чөлөөлөгдөж, хувийнх нь гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ өндөр төлбөр төлдөг. Зах зээлд шударга бус байдлыг бий болгоно. Салбараараа ярьвал болно шүү дээ. 

Ажлын хэсэг:

-Засгийн газраас төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд хуулийн төсөлд гадаадад ажиллах хүч гаргахдаа мэргэжлий холбоол, МХАҮТ гэх мэтээр эрхлүүлж болно гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ бүх байгууллага гаргана гэсэн үг биш. Засгийн газар журам гаргаж, зөвшөөрлийг шилжүүлэхийг хуулиар нээж өгнө. 

Энэ хуулийн 32.5 болон 32.6 заалтад нийлүүлэх тухай ярилаа. 32.5 заалт тодорхой хугацаатай байгаа. Засгийн газрын журмаар зохицуулж, нарийн томъёоллыг оруулж ирж байгаа. Одоо ч гадаадад ажиллах хүч гаргадаг байгууллагуудад тодорхой шалгууртай. УИХ-аас гаргасан шаардлагыг тодорхой зааж өгсөн. Тиймээс хүссэн байгууллага орж ирэх боломжгүй. 

Энэ хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

12 : 57
2023-1-19

Дотоодын цэргийн тухай хуулийг хэлэлцэв

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Зарчмын зөрүүтэй 12 санал дээр санал хураалаа. Энэ хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

12 : 42
2023-1-19

"Шүүгчдийн туслахын 50 гаруй хувийг чөлөөлөх нөхцөл байдал үүссэн"

Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчий илтгэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.

УИХ-ын гишүүд үг хэлж байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Бид 2021 онд Шүүхийн тухай хуулиа баталсан. Энэ хуулийн ажлын хэсэг дээр 89.1 заалтад шүүгчийн туслахад хуульчийн тусгай зөвшөөрлийн болзол тавилгүйгээр хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцүүлгийн шатанд заавал тусгай зөвшөөрөлтэй байна гэдэг санал гарч, дэмжигдсэн. Хоёр жилийн хугацаанд шүүгчийн туслахын орон тоог нөхөх зорилгоор хуульчийн тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг хоёр удаа зохион байгуулсан. ШЕЗ-ийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс мөн долоон удаа энэ орон тоон дээр тусгай зөвшөөрөлтэй туслахыг шалгаруулахаар зарласан боловч өнөөдрийн байдлаар 50 гаруй хувь нь тусгай зөвшөөрлийн босгыг давж чадаагүй. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс нийт шүүгчдийн туслахын 50 гаруй хувийг чөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Хэрэв чөлөөлсөн тохиолдолд шүүн таслах ажиллагаа хэвийн үргэлжлэх байдал алдагдана. Тиймээс энэ хугацааг нэг жилээр сунгаж, энэ хооронд иргэд Шүүхийн тухай хуулийн амьдралд хэрэгжихгүй байгаа зарим заалтуудыг эргэн харж, хуулийн төсөл боловсруулъя гэдгийг хэлье.

Бид тодорхой судалгааг хийсэн. Энэ хаврын чуулганаар шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн  төслийг Засгийн газраас өргөн барихаар төлөвлөж буй. Өнөөдөр Монголд 116 шүүх байгаа. Бид ҮХНӨ оруулсан хүрээнд газар нутаг ойр, хэрэг маргааны ачаалал зэргийг харгалзан шинээр шүүх байгуулах хуулийг оруулж ирнэ. Үүнээс өмнө мэргэжлийн байнгын хороотой сайн зөвшилцөнө. 

Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 18
2023-1-19

Нэг тонн АИ-92-ийг 758 ам.доллараар авч байна

“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

-Газрын тосны бүтээгдэхүүн шатах, тослох материалын импортын хүрэлцээ хангамж ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Газрын тосны үйлдвэр хэдийгээр ашиглалтад орох вэ. Хоёрдугаарт, өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ-д нефтийн бараа бүтээгдэхүүн хамгийн доод түвшнээр зарагдаж байхад манайх өндөр үнэтэй зарж байгааг ярьсан. Энэ хэр үнэний ортой вэ?

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР:

АИ-92 дизель түлш, 80, 95 дайвар бүтээгдэхүүнийг таван хувь байнгын байлгана гэсэн санаа. Хэрвээ таны асууж буй хардалт байх юм бол чөлөөлөх ёстой. Гэтэл УИХ эрх мэдлийнхээ хүрээнд бусад бүтээгдэхүүний татварыг таван хувь байнга байлгана гэдгийг тогтоолоор заачхаж байгаа юм. Засгийн газарт эрх өгөхгүй гэсэн үг. Харин зөвхөн АИ-92-т эрх өгч байгаа. Тухайн цаг үе давхцаад Ш.Адьшаа гишүүн дайвар бүтээгдэхүүний татварыг тэглэх хууль санаачилсан юм билээ. Манайх бол эсрэгээрээ засагт эрх өгөхгүй, УИХ эрх мэдлийнхээ хүрээнд тогтоож байгаа. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ ОХУ-д 40 ам.доллар байна. Ер нь үнэ бууж байгаа. Гэхдээ түүхий нефтийн үнэ, эцсийн бүтээгдэхүүн биш юм. Монгол Улс эцсийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Эцсийн бүтээгдэхүүнийг бид биржээс худалдаж авна. Өнөөдрийн байдлаар 758 ам.доллароор нэг тонн АИ-92-ийг худалдаж авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ:

-Иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй бол Ш.Адьшаа гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй хамтатгаад ийм асуудал орж ирж байгаа нь цаг хугацааны давхцал хэр нь иргэдэд төөрөгдөл учруулж, Засгийн газар хуурамч шатахуун оруулж ирэхийг дэмжээд байгаа юм шиг ойлголт өгсөн. Ийм асуудал байхгүйг хэлье. 0-5 хувь байсныг, таван хувь болгон барих гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-УИХ-аас зарим гол нэрийн барааны үнийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх хууль хаврын чуулганаар баталсан. Энэ хуулийн дагуу Уул уурхай яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа. Ялангуяа АИ-92-ийн үнийг тогтвортой барих ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна дизелийн түлшний үнийг тогтворжуулах нөөц бүрдүүлэх асуудал давхар явж байгаа гэж ойлгосон. Дизель түлшний үнийг та нар дутуу анхаараад байгаа юм биш үү. Энэ жил хэд хэдэн аймгуудад өвөлжилт хүндэрч, отор нүүдэл хүндрэлтэй байна. Малчдын гол хэрэглээ ерөөсөө л дизель түлш. Нийт хөдөөгийн иргэдийн гол хэрэглээ болсон дизель түлшний үнийг барих ямар бодлого барих вэ. 

Уул уурхайн сайд Ж.ГАНБААТАР:

-Дизель түлшинд Засгийн газар сайн анхаарч байгаа. Та өөрөө мэдэж байгаа байх. Мэдэхгүй байвал сайн сонсоод аваарай. Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд зах зээлийн үнээс арав гаруй хувийн хямдралтай авах гэрээг хийсэн. Энэ гэрээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Гэхдээ дизель түлшийг зардаг хувийн аж ахуй нэгжүүд байдаг. Сайдын хувьд 14 хоног болгон хувийн компаниудтай нийлүүлэлтийг тогтворжуулах үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар уулзалт хийж байгаа. Бид зөвхөн агаарын түлшинд төрийн 50 хувийн оролцоотой ажиллаж байна. Дизель түлш ОХУ-ын дотоод асуудлаас болж нэг хэсэг хомстсон. Нийлүүлэлтийг нөхөх зорилгоор Хятадаас тодорхой квот аваад импортолсны үр дүнд тогтворжсон. Бид Роснефттэй 80 мянган тоннын гэрээ байгуулсан. Хаврын бэлтгэл ажил, нөөц талаас нь сайн анхаарч ажиллаж байна. Өнөөдөр ч гэсэн ОХУ-ын зохих түвшний хүмүүс Монгол Улсад айлчлал хийж байгаа. Энэ уулзалтад дизель түлшний асуудлыг тавина.

УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:

-Засгийн газраас үнэ бууруулна гэж оруулж ирснийг бид дэмжчихдэг. Бодит зах зээлд үнэ өсөөд ирэхэд нэмэргүй байна, чадахгүй байна гэдэг. С.Чинзориг гишүүний хэлсэн гурил махны үнийг тогтворжуулна гээд чадаагүй. "Гурилынхан"-д 60-70 тэрбум төгрөг төрөөс өгдөг. Гэтэл гурилын үнэ хоёр дахин өссөн. Үүнийг Засгийн газар тайлбарлахдаа зээлээ өгчихсөн, гэхдээ чадахгүй байна гэдэг. Оруулж ирсэн нэр томьёоллоо өөрчилмөөр байна. Онгоцны тийзийн үнэ 30 хувь буурна гээд нэг компанид давуу эрх өгөөд батлуулсан. Өнөөдөр онгоцны тийзийн үнэ улам өсч байна. Шинэ жилийн үер олдохоо байлаа. Хоёр дахин өслөө.  Онгоцны түлшний үнэ буусан уу. Өмнөх оруулж ирсэн зүйл чинь үр дүнгүй болохоор итгэхгүй байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР:

-Г.Ганболд гишүүнээ АИ-92 шатахууны үнэ маш тогтвортой байгаа. Дэлхийд байхгүйгээр үнэ тогтвортой байхад, хаана өсчихсөн юм. Та буруу мэдээлэлтэй байна. АИ-92-ийн үнийг бууруулах талаар яриагүй, тогтвортой өсгөхгүй байх асуудал л ярьж байгаа. АИ-92 одоогоор 2400 төгрөг байна. 2400 төгрөгийг ам.долларт хувиргаад энэнээс хямдхан бензин хэрэглэж байгаа улс байна уу. ОХУ-ын дотоод үнэтэй дүйцэх үнэ барьж байгаа учраас  аж ахуй нэгжүүд алдагдалтай байна. Олон жил аж ахуй нэгжүүд алдагдал үүрч эхнээсээ дампуурсан. Онгоцны түлшинд хямдрал 10 хувь бий. Гэтэл 30 хувиар буурна гээгүй. Надад байгаа мэдээллээр ихэнх авиа компанийн үнэ бууж байгаа гэх мэдээлэл өгч байна.

УИХ-ын гишүүн Ц.АНАНДБАЗАР:

АИ-92-ийн татварыг тэглэж байгаа хугацааг сунгах ийм л заалт байгаа юм. Яам яасан будилуу юм. Бензин мэддэг хүн танай яаманд хэд үлдсэн бэ. Ж.Ганбаатар сайд бензиний үнэ буулгах талаар бидэнтэй зөвлөж яримаар байна. Дэлхий нийт сонсч байгаа. Та нарын ярьж байгааг харахад ерөөсөө сураг, ажгаар гаднын иргэн юм ярьж байгаа юм шиг ярих юм. Энэ тогтоол хэрвээ ийм байдлаар явбал “унана”. Гуравдугаар заалт ерөөсөө хэрэггүй. Хэн дизель түлш бусад бүтээгдэхүүн нэмэгдэхгүй гэж хэлээд байгаа юм бэ. Нефтийн үнэ далайн давлагаатай адил өнөөдөр унаж, маргааш өсч, нөгөөдөр бууж байдаг. Тиймээс АИ-92-ийн татварыг тэгэлсэн хугацааг сунгасугай гэсэн горимын саналтай байна. Вагонд нуруун дээрээ зогсч байгаа АИ-92 их олон байна. Хэрвээ гаалийг хөнгөлж оруулахгүй бол маргааш приустэй хүмүүс жагсана шүү. Бусад бүтээгдэхүүнийг таван хувь болгоно гэж мэдэхгүй юм аа оруулж ирэхээ боливол яасан юм бэ. Яамыг ойлгохоо болилоо. Зөвлөгөө өгөхөөр хүлээж авахгүй, найз нь дундаа хэлэхээр ойлгохгүй. Өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор гээд хараал хүрсэн хүмүүс байдаг гэж номонд гардаг. Арай тийм болчхоогүй биз УУХҮЯ.

УУХҮЯ-д ус бензин хоёрыг ялгадаг хэдэн хүн байна вэ. Яагаад хулгай нүүрлээгүй байгаа салбарыг дампууруулах гээд байна. Одоо илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ болчхоод байна.

Цагаан сар удахгүй болно. Бензиний үнээр тоглож болохгүй. Нүүрсийг хулгай болгоод дууссан. Одоо нефтийн бүтээгдэхүүнийг хулгайч болгоод дуусах нь. Гуравдугаар заалт яагаад болохгүй гэхээр Ш.Адьшаа гишүүний өргөн барьсан хуурамч шатахуунтай шууд холбогдож байгаа юм. Ориг шатахууныг өндөр үнэтэй болгочхоод хуурамч шатахууныг оруулж ирэх хууль өргөн барилаа. Яам чинь ер нь яачхаад байгаа газар вэ, дэндэж байна шүү та нар.

Төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг санал хураалтыг явуулж 60.5 хувиар дэмжигдсэн. Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. 

10 : 08
2023-1-19

Казиногийн тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна.

ПҮРЭВ /2023.01.19/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнг танилцуулах

10.00

“Их хуралдай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж