Рафаэль Надаль Австралийн нээлттэй тэмцээнээс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Рафаэль Надаль Австралийн нээлттэй тэмцээнээс хасагдлаа

Рафаэль Надаль Австралийн нээлттэй тэмцээнээс хасагдлаа
Гэрэл зурагчин (Reuters/Loren Elliott)

Газрын теннисний Австралийн нээлттэй тэмцээний өнгөрсөн оны аварга Испанийн тамирчин, дэлхийн чансаагаараа хоёрдугаарт бичигдэж буй Рафаэль Надаль 2023 оны тэмцээний эхний тойрогт Английн тамирчин Жэк Дрэйпэрийг 3:1 гэсэн харьцаатайгаар хожсон ч хоёрдугаар тойрогт Америкийн тамирчин Макензи Макдональдад 3:0 гэсэн харьцаатайгаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв. Тоглолтын дундуур Надаль гэмтэл авч эмчилгээний завсарлага авсан юм. Түүний дасгалжуулагч болон эхнэр нь үзэгчдийн суудлаас түүнийг тоглолтоо эрт дуусгахыг байн байн санал болгосон ч Надаль тоглолтоо бүтнээр нь тоглож дуусгасан. Надаль өөрийн теннисчний замналдаа хэзээ ч тоглолтыг дундаас нь орхиж бууж өгч байгаагүй амжилттай билээ.

Энэ жил 37 настай тэрбээр саяхан анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.

Тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр Надаль хэлэхдээ “Макензи их сайн тоглосон. Би харин их муу байлаа. Тоглолтын өмнө миний гэмтэл харьцангуй гайгүй байсан. Булчин юм уу, шөрмөс гэж бодож байсан ч талбайд гарсаны дараа улам хүндэрсэн” гэв. Юуны гэмтэл вэ гэсэн асуултад “ташаа”  гэж товчхон хариулав. Гэмтэлтэй байж яагаад тоглох шийдвэр гаргасан бэ гэхэд “Өнгөрсөн оны аварга байж тоглохгүйгээр бууж өгөхийг бодоогүй. Юу ч тохиолдож байсан эцсээ хүртэл тэмцэх нь аливаа спортын философи гэж ойлгодог” хэмээн хариулав.

Австралийн нээлттэй тэмцээний есөн удаагийн аварга Сербийн Новак Жокович бэлтгэлдээ ирээгүй нь олон нийтийн зүгээс тэмцээнийг орхих вий гэсэн айдасыг төрүүлээд байна. Түрүү долоо хоногт Аделэйд хотод болсон тэмцээний үеэр бүдүүн гуяны гэмтэл аваад байсан юм. Жокович эхний тойрогтоо Испанийн Роберто Карбаес Баенаг гурван сэтэнд хожсон. Дараагийн тойрогт Францын тамирчин Энзо Коуакаудтай өнөөдөр орой /2023.01.19/ тоглоно.

Энэ удаагийн тэмцээнд 3 дугаарт эрэмблэгдсэн Грекийн Стефанос Циципас хоёрдугаар тойрогтоо Австралийн Ринки Хижикатаг гурван сэтэнд, долдугаарт эрэмблэгдсэн ОХУ-ын Даниил Медведев Австралийн тамирчин Жон Миллмэнийг гурван сэтэнд тус тус итгэл төгс хожив. зургадугаарт эрэмблэгдсэн Канадын залуу тамирчин Феликс Оже Алиассим Словакийн тамирчин Алекс Молчанд эхний хоёр сэтээ алдаад дараагийн гурван сэтийг дарааллан авч ялалт байгуулав. Тэмцээний хоёрдугаар эрэмбэ Норвегийн Каспер Рүүдийн хоёрдугаар тойргийн учраа нь АНУ-ын Женсон Брүүксби байх юм.

2021 оны "US Open" тэмцээний эмэгтэйчүүдийн аварга Английн Эмма Радукану хоёрдугаар тойрогт АНУ-ын өсөх ирээдүйтэй залуу тамирчин Коко Гоффтой таарч хожигдов. АНУ-ын Жессика Пегула Беларусийн тамирчин Алиаксандра Сасновичийг хоёр сэтэнд ялав. Дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн Ига Швиантек хоёрдугаар тойрогт Колумбын тамирчин Камила Осориог хоёр сэтэнд итгэл төгс ялалт байгуулав. Энэ удаагийн тэмцээний зургадугаарт эрэмблэгдсэн Грекийн Мариа Саккари ОХУ-ын тамирчин Диана Шнайдерийг гурван сэтэнд хожив. Тэмцээний хоёрдугаар эрэмбэ Тунисын Онс Жаберийн хоёрдугаар тойрогтоо Чехийн Маркета Вондроусоватай тоглоно.

Г.Хантулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж