АН-ын даргад нэр дэвшигчид ЮУ ХЭЛЭВ!

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

АН-ын даргад нэр дэвшигчид ЮУ ХЭЛЭВ!

АН-ын даргад нэр дэвшигчид ЮУ ХЭЛЭВ!

Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр /2023.01.19/ болж, хоёр жил гаруй талцсан АН даргатай болно. Өөрөөр хэлбэл талцсан АН нэгдэн нийлж, хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь нийгмийн захиалга болон хувирчээ. АН-ын даргад дөрвөн хүн нэр дэвшихээ илэрхийлсэн. Үүнд С.Баярцогт, С.Одонтуяа, Л.Гантөмөр, З.Нарантуяа нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Өнөөдрийн намын их хурлаас даргаа батламжилж, дараа нь УДШ-д намын даргаа бүртгүүлэх процесс эхэлнэ.

Нэр дэвшигчдийн хувьд улс төрийн арвин туршлагатай, намын эвлэрэл, нэгдлийг хийж чадахуйц хүмүүсийг энэ удаа “сойхоор” болж байна. Нэр дэвшигч С.Баярцогтын хувьд 23 настайгаасаа улс төрд зүтгэж, Үндсэн хууль батлалцаж, Сангийн сайдаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл одоогийн МАН-ын лидерүүд “бойжиж” байхад С.Баярцогт танигдсан улстөрч байв. Харин С.Одонтуяа гишүүний хувьд нэр дэвшинэ гэдгээ ил цагаан илэрхийлээгүй. УИХ-ын дэд дарга тэрбээр төрийн ордонд сөрөгч хүчний гэх байр суурийг илэрхийлсээр ирсэн. Намын бүлэг хоёр хуваагдахад  ч тэр аль нэг тал гэж холбиролгүй эв нэгдлийг хангахаар ажиллаж байсан. Түүний хувьд улс төрд туршлага арвинтай ч өөрийн гэсэн өнцөггүй, “бөөрөнхий” улстөрч. Нэр дэвшигч Л.Гантөмөр мөн л шинэ хүн биш юм. Тэрбээр АН-ын даргын сунгаа бүрт нэрээ дэвшүүлдэг уламжлалтай. Түүний улс төрийн карьер 2004 оноос идэвхжиж, УИХ-ын гишүүнээр сонгогдон, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Зарим нь түүнийг “Увсын фракцын” төлөөлөл ч гэдэг. Нэр дэвшигч З.Нарантуяагийн хувьд чамбай эдийн засагч. Өмнөх парламентад байхдаа хуучны акулуудтай тэнцэх гүйцэтгэлтэй ажилласан. Энэ удаад тэрбээр эмэгтэйчүүдээ төлөөлөн АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн. Түүнд АН-ыг удирдах потенциал байгаа ч улстөрийн дэмжлэг, олон нийтийн дэмжлэг талаасаа “өвдөг шороодох” эрсдэлтэй. Иймд, намын даргад нэр дэвшигч нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

С.БАЯРЦОГТ:

-Манай нам өнгөрсөн хоёр сонгуулиар нэлээд том ялагдал хүлээсэн. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дэлхий нийтийн эдийн засгийн байдал хүндэрсэн. Цар тахал, дайны нөхцөл байдал үүсч, Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Мөн авлига хээл хахууль гаарч, иргэдийн амжиргаа буурсан. Энэ үед Ардчилсан нам шинэлэг, зоригтой шийддвэрүүдийг гаргаж, шударга ёсыг тогтоосон нийгмийг байгуулах ёстой.

С.ОДОНТУЯА:

-Ардчилсан намын дарга хулгайтай тэмцэх ёстой. Өнөөдөр залуус өөр нийгэм, өөр улс төрийн намыг хүсч байна. Тиймээс бид шинэчлэл хийх хэрэгтэй байна. Түүхэндээ ч тийм байсан. Улс эх орныхоо төлөө онцгой чухал алхмыг хийх цаг болжээ. Энэ бүхнийг Ардчилсан нам л хийх ёстой. Эхнээсээ нам доторх асуудлаа цэгцлэх хэрэгтэй байна. Улсын дээд шүүхээс биднийг нэгдэж, хурлаа хийгээд ир гэдэг хариуг хэлж буй. Би маш өөдрөг байна. Маргаашийн хурал үр дүнтэй, амжилттай болно гэж бодож байна.

Л.ГАНТӨМӨР:

-Бидний эвлэрлийн цэг бол ард түмний эрх чөлөө, Монголынхоо ардчиллыг хамгаалахын тулд хүчтэй сөрөг хүчин болж ажиллах шаардлагатай. Төр, нийгмийн ажил гурван үеийн холбоосоор явна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд гурван удаа парламентад орж ажилласан учраас дээд үеийн зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх дунд үеийн төлөөлөл. Залуучуудын байгууллагыг удирдан ажиллаж байсан учраас дараагийн үеэ бэлдэх туршлага надад байгаа.

З.НАРАНТУЯА:

-АН-ын одоогийн байдал манай улсын улс төрийн намын төлөвшлийг ил тод харуулж байна. МАН эрх баригч нам болоод сөрөг хүчнийхээ хүчийг сулруулах биш харин ч хамтдаа өрсөлдөх ёстой байсан ч тэгсэнгүй. АН олон фракцаас бүрдсэн нам байв. Гэвч фракц тус бүрийн эрх ашгийн улмаас нам хүнд байдалд орсон. Тэр алдааг өнөөдрийн хуралд оролцож буй хүмүүс давтахгүй гэж найдаж байна. Би намын дарга болбол олон фракцын эсрэг байна. 2024 онд өөрийнхөө тойргоос УИХ-ын гишүүнд өрсөлдөнө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж