Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

Цамаан Монгол

Цамаан Монгол

Монголчууд гуймтгай мөртлөө голомтгой  гэхэд гүжирдсэн дүгнэлт болохгүй. Тэр тусмаа залхуу хойрго, халамжиндаа живсэн улс болжээ. Өнөөдөр монголчуудад өөрсдөө хийдэг зүйл алга. Энэ нь төр засгийн бодлоготой холбоотой юу эсвэл ийм залхуу ард түмэн үү гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан сүүнийхээ бөглөө, нүүрснийхээ шуудай, талхныхаа уутыг Хятад улсаас худалдан авдаг гэдгээ цар тахлын үеэр мэдэцгээсэн. Энэ зэргийн юмаа үйлдвэрлэж чадахгүй улс байна гэдэг харамсалтай. Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60-80 хувийг гадаадаас авдаг. Дотооддоо цөөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч сав баглаа боодлыг нь мөн л "айл"-аас худалдан авдаг.

Ийм хэрнээ иргэд нь их цамаан загнана. Жишээлбэл, ундааны шил, лааз, сав, сүүний цаасаа нэг удаа хэрэглээд л хаядаг. Энд тэндгүй хийсч, хогийн цэгүүдийг дүүргэнэ. Бид нэгэнт үйлдвэрлэж чадахгүйгээс хойш дахин боловсруулж, үйлдвэрлэлдээ ашигладаг болъё.

Хүн нэг удаа хэрэглэсэн сав, шил, лаазаа шууд хог руу хаядаг. Хогоо ангилан хаях соёлд суралцаж, тэр их мөнгийг гадаад руу урсгахгүй, авч үлдэх боломж одоо ч бий.

Монголд цэвэр хуванцар дахин боловсруулах дөрвөн үйлдвэр бий. Бүгд хятад эзэнтэй. Учир нь дахин боловсруулах үйлдвэрүүд хөрөнгө оруулалтын нөхцөл нь чөлөөтэй, хил гаалиар саад тотгоргүй гаргадаг зэрэг давуу талтай байдаг гэдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчид хэлж буй. Харин хаягдал хуванцар болон бусад түүхий эдийг дахин боловсруулдаг Монголын таван үйлдвэр ажилладаг гэх мэдээлэл байдаг. Дахин боловсруулах үйлдвэр нь хүртэл гадаадынх гэсэн үг.

Гэр хороололд л тоотой хэдхэн шил, хуванцар тушаах түүхий эдийн цэгүүд байдаг. Хотын төв хэсэгт нэг ч цэг байдаггүй. Хог хаягдлаа ангилан авдаг цэгүүдийг хотын төвд байрлуулж, цамаан загнахаа болих хэрэгтэйг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батжаргал хэлж байв.

Төрөөс нийслэлийн хог хаягдлыг тээвэрлэхэд жилдээ 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Улаанбаатар хотын хог хаягдлын тайлангаас харахад жилд дунджаар 1 сая 400 мянган тонн хог хаягдал гардаг аж.

Үүний 200 мянган тонн хог хаягдлыг түүхий эдийн цэгүүд мөнгөөр худалдан авдаг бол төвлөрсөн хогийн цэгээс 100 тонн хог хаягдлыг нь хог түүдэг хүмүүс дахин ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг гэх судалгаа байна. Үлдсэн 1.1 сая тонн хог хаягдлыг тариф төлж, төвлөрсөн гурван том хогийн цэг дээр буулгаж, булдаг аж. Үүнээс үзэхэд бид нийслэлд “үйлдвэрлэж буй” нийт хог хаягдлын зөвхөн 20 хувийг л дахин боловсруулж байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Уламжлалт цагаан сар, шинэ жилийн баярын дараа хот хогондоо дарагдаж эхэлдэг. Шахмал түлшний улаан шуудай, сүлжээ дэлгүүрийн шар өнгийн торнууд өнгө алаглаж, саарал үнсэн дороос элдэв чихрийн сав, сүү, тарагны сав, салатны хэрчсэн төмс, ногооны хальс, архины шил, ундааны лааз бусад элдэвийн хог хөглөрдөг. Ингэж цамаан загнахгүйгээр хог хаягдлаа ангилж, дахин боловсруулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж