Жил орчмын өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 25-нд “Оюутолгой”-н гүнийн уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн түүхэн үйл явдал болж байв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар гүнийн уурхайн үйлдвэрлэлийн эхний шат болох анхны тэсэлгээг хийсэн билээ.
Тухайн үед хоёр тал гүнийн уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа нь жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн тооцоолол хийснээ танилцуулж байлаа.
Сайн мэдээ дуулгахад, “Рио Тинто” группийн хамт олон, оролцогч талууд шаргуу ажилласны үр дүнд “Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт эхлэх хугацааг энэ оны нэгдүгээр улирал болгон урагшлуулж чаджээ.
Тус групп 2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн үеэр мэдээлсэн хугацаанаасаа өмнө гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
“Рио Тинто” групп 150 жилийн түүхэн ойн босгон дээрээ “Оюутолгой” төслийг эхэлсэн цагаас зорьсон чухал амжилтдаа хүрэхэд тун ойртжээ. Энэ талаар тус группийн төлөөлөгч хэлэхдээ “Бид дэлхийн уул уурхайн салбарт 150 жилийн турш хуримтлуулсан мэдлэг туршлага, технологийн дэвшлийг “Оюутолгой” төсөлд шингээн, Монгол Улсыг олон улсад тэргүүлэх зэс үйлдвэрлэгч орон болгоход тун ойртсоныг дуулгахад таатай байна.
Гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлснээр “Оюутолгой” зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж, газрын гүнийн 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр гүнийн уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх гурван жилд аажмаар нэмэгдүүлж, 2025 он гэхэд 30,000 тонн, цаашлаад үйлдвэрлэлийн оргил үед буюу 2028 онд 95,000 тоннд хүргэхээр зорьж байна” гэв.
“Оюутолгой”-н гүнийн уурхай хүдрийн биетийг блокоор нураан олборлох аргаар буюу уулын цулын хүндийн хүчийг ашиглан олборлох юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш тус хамт олон хүдрийн биетийн ёроол хэсэгт тэсэлгээ хийж, хүдэр буулгуур гэгддэг байгууламжуудыг үүсгэж, цаашид хүдэр олборлолт тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Анхны хүдэр буулгуураа өнгөрсөн оны зургадугаар сард байгуулснаас хойш өндөр бүтээмжтэй ажиллаж, 19 ширхэг хүдэр буулгуур байгуулсны үр дүнд гүний уурхайн олборлолт эхлэх хугацааг урагшлуулж чаджээ.
“Оюутолгой”-н ордын нийт нөөцийн 80 гаруй хувь газрын гүнд буюу гүнийн уурхайн хэсэгт оршдог. Гүнийн уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэх юм.
Тодруулбал, "Оюутолгой" компани 5 тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.
"Рио тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм гүнийн уурхайн анхны тэсэлгээний дохиог өгөх үеэр "Монгол хүний гараар бүтсэн, хөлс хөдөлмөр шингэсэн энэ уурхай дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой. "Оюутолгой" үйлдвэрлэлийнхээ оргил үед жилд хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ" гэж онцолж байв.
Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүнийн бүлэг орд нь “Оюутолгой"-н ашиг орлогын цөм болох юм. “Оюутолгой”-н орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог.
Гүнийн уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай.
Эдгээр хүдрийн биет газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засгийн үр ашиг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой. “Рио тинто” групп блокчлон олборлох аргаар мэргэшсэн цөөн компаниудын нэг юм. Энэ арга нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан, доороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргадаг арга.
Тэсэлгээгээр бутарсан хүдрийг бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөнө. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран нурж орж ирнэ. Хүдрийн урсгал нь энэ мэтээр уулын даралт дор тасралтгүй үргэлжлэхийг мэргэжилтнүүд өмнө нь тайлбарлаж байв.
Өдгөө 6.1 километр урттай таван босоо амаар нэвтрэлт хийж, газрын гадаргуугаас 1.3 километр гүнд 203 километр урт хонгил, хүдэр бутлах, тээвэрлэх дэд бүтэц, байгууламжуудыг барьж байгуулж буй.
Блокчлон олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал чамгүй өндөр боловч цаашдын үйл ажиллагааны зардлууд нь олборлолтын бусад аргаас харьцангуй хямд байдаг аж. Үйл ажиллагааны зардал хямд учир бага агуулгатай эрдэс баялгийг ч үр ашигтай олборлох боломж бүрдэх юм байна.
Гүнийн уурхайн хувьд 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана. Туузан дамжуулагчийн нийт урт 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ.
Холбоотой мэдээ