СУРВАЛЖЛАГА: Хил нээгдсэн ч зардал буураагүй байна

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

СУРВАЛЖЛАГА: Хил нээгдсэн ч зардал буураагүй байна

СУРВАЛЖЛАГА: Хил нээгдсэн ч зардал буураагүй байна

Урд хөрш хилээ нээвэл тээвэр ложистикийн гацаа арилж,  барааны үнэ буурна гэж иргэд таамаглаж байсан ч  эсрэгээрээ юанийн ханш тэнгэрт тулав. Ханшийн өсөлт худалдаачдад сөргөөр нөлөөлжээ. "Эрээний" хил нээгдсэн ч барааны үнэ буураагүй нь ханшийн өсөлттэй холбоотой аж. Тэд хэлэхдээ өмнөх онуудын үлдэгдэл бараатайгаа улирал дамнан сууж байгаа гэв.  Бид "Бөмбөгөр" худалдааны төв, "Баянзүрх" захаар ороход худалдан авагч тоотой хэдхэн харагдав. Ялангуяа хичээл, сургууль амарч, зах, худалдааны төвөөр үйлчлүүлэх хүмүүс бүр ч буурчээ.

ГАНЦ ШУУДАЙ АЧААНЫ КАРГО 60 МЯНГААС 250 МЯНГАН ТӨГРӨГ БОЛТЛОО ӨССӨН

Худалдагч Н.МӨНГӨН "Хил нээгдээд удаагүй байна. Ачаа барааны хувьд хүлээлгийн хугацаа урт ч ирдгээрээ ирж байгаа. Хил нээгдлээ гээд учиргүй татан авалт ихсээд, барааны үнэ хямдраад байгаа зүйлгүй. Хэд хоногийн дотор юу өөрчлөгдсөн гэвэл юанийн ханш л өслөө. Сүүлийн гурван жил WeChat-аар бараагаа захиалаад сурчихсан. Харин тээврийн зардлын хувьд цаашид буурах байх гэж найдаж байна. Covid-19-ийг далимдуулаад тээврийн зардал хэд дахин өсч, нэг гутлаас хардаг ашиг л буурсан. Хүнс, өргөн хэрэглээний барааны хувьд үнийн өсөлт тогтмол байдаг. Харин бэлэн хувцасны хувьд өнгөрсөн жилүүдийнхтэй адилхан үнээрээ л зарж байгаа.

Хүмүүсийн худалдан авалт огт сайжраагүй. Улирал солигдоход л хувцас жаахан гүйлгээтэй болдог. Бусад цагт бол бид өдөрт 20-30 мянган олохын тулд л лангуун дээрээ өнжиж байна" гэв.

Нэг шуудай ачааны тээврийн зардал каргоны хөлс 200-250 мянган төгрөг болдог гэнэ. Худалдаачид сардаа нэг удаад татан авалт хийдэг. Барааны үнийн өсөлтөөс гадна ачааны үнэ хэт үнэтэй тусдаг аж. Төгрөгийн ханш цаашид унасаар байвал Монголд худалдаа хийхэд хүндрэлтэй болохыг ч тэд хэллээ.

БЭЛЭН ХУВЦАСНЫ ЛАНГУУ ХАМГИЙН АШИГГҮЙ БИЗНЕС БОЛЖЭЭ

Үнийн өсөлт, тээвэр ложистик, хил гаалийн гацалт зэргээс болж лангуу түрээслээд хувцас зарж амьжиргаагаа залгуулахад хэцүүдэж байгааг хүмүүс хэлж байна. Худалдаачид энэ талаараа түрээслүүлэгчдэд шаардлага тавьснаар лангууны түрээс, талбайн үнээ буулгасан байна. Учир нь сүүлийн үед хүмүүс интернет худалдаагаар ихэнх хэрэгцээт бараагаа захиалж авдаг болсон тул хүмүүс дэлгүүр хэсч цаг заваа үрэхээ больсон гэнэ.  Эрэлтээс шалтгаалж худалдаачид Туркээс бараа татаж, зарж үзсэн ч ачаа, тээврийн зардал багахан ашгаа нэмэхээр авах хүн олддоггүйг хэллээ.

Одоо худалдаа эрхэлж буй хүмүүст тулгамдаж буй нэг асуудал бол валютын ханш. Юань, ам.доллараар бараа захиалахаар төгрөг суларч хэт өндөр үнээр цөөн тоон ширхэг бэлэн хувцас, гутал, цүнх оруулж ирж байгаа аж.

Үүнийг нь сардаа 1-2 хүн л авдаг бөгөөд ихэнх хүн хамгийн хямд үнээр цамц, өмд авдаг болжээ. Бусад гоёлын, хээнцэр, оффис хувцас зэргийг худалдаж авах хүн багассан байна.

ӨДӨРТ НЭГ Ч БАРАА ЗАРАХГҮЙ ХАРИХ ӨДӨР ИХ

Сүүлийн 10 гаруй жил "Бөмбөгөр" худалдааны төвд гутлын лангуу ажиллуулж байгаа иргэн С.Долгор "2020 оноос хойш худалдаа ямар ч ашиггүй болсон. 100 мянган төгрөгөөр гутал авах хүн олдохгүй байна. Энэ үнэ бол хоёр жилийн өмнөх үнэ. Хүмүүсийн сонирхоод байгаа загвар хийцтэй гутлыг захиалахаар 15-20 хоногийн дараа Монголд ирнэ. Ачааны зардал, 20 мянган төгрөгийн ашиг нэмээд л зарах гэж байхад хүмүүс үнэтэй байна өөр газраас хайя гээд явдаг.

Би өнгөрсөн хугацаанд нэг ч зээл авч үзэлгүй хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, гэрийнхээ ахуйн зардлыг төлдөг байлаа. Харин 2022 онд үнэхээр барахгүй зээл авсан. Банк өгөөгүй учир зээлийн аппликейшнээс авсан.

Иргэд бодит байдал дээр ингэж л амьдарч байна. Гэтэл худалдаа эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ төрөөс огт дэмждэггүй. Ядаж дэмждэггүй юм аа гэхэд тээврийн зардал, хил гаалиас шалтгаалсан үнийн хөөрөгдөлд тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай. Сард 4-5 өдөр бол нэг ч худалдан авагчгүй байгаа. Тэгээд дээрээс нь амралтын өдөр гэж долоо хоногт нэг өдөр бий. Ингээд хагас сар ажиллаад түрээсээ л дөнгөн данган төлж байна" гэв.

УРТ ХУГАЦААГААР ЛАНГУУГАА ТҮРЭЭСЛЭХ ЗАР ТАВЬСАН Ч ХҮН ОЛДООГҮЙ

Худалдаачид эхнээсээ лангуу, талбайгаа түрээслэхээр зар тавьсан ч түрээслэх, авах хүн олдохгүй байгааг хэллээ. Ялангуяа хувцасны лангууг сонирхохгүй байгаа аж. Учир нь, бараа захиалсан ч дор хаяж 2-3 сар зарагдахгүй. Татан авалт хийх мөнгөгүй учир улирлын тренд хувцас авч ирэх боломжгүй гээд олон шалтгаан бий аж. Тиймээс Эрээний хил нээгдсэн нь худалдаа эрхлэгчдэд дэмжлэг гэхээс илүү том дарамт болжээ.

Юань өсөхийн хэрээр худалдагчид бараа авч чадахгүй, захиалсан бараагаа буцаахад хүрсэн байна.

Урд хөршөөс импортын барааны эрс хамааралтай Монгол Улсад юанийн ханш хамгийн их хамааралтай. Тиймдээ  ч цагаан сарын өмнө болон баярын үеэр наймаа сэргэхгүй байх гэдгийг худалдагчид онцоллоо. Мөн хүмүүс цагаан  сарыг өргөн хүрээнд хийх нь багассан учир бэлгийн бараа ч захиалах шаардлагагүй болжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БАТ-АЮУШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж