Аймшгийн хатан хаан Уэнсдэй Аддамс

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Аймшгийн хатан хаан Уэнсдэй Аддамс

Аймшгийн хатан хаан Уэнсдэй Аддамс

“Addams family” киноны шинэчилсэн хувилбар “Wednesday” өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд дэлгэцнээ гарсан. Олны хүртээл болоод ердөө долоохон хоногийн дараа тус кино “Netflix”-ийн шилдэг 10 киноны жагсаалтыг тэргүүлж, 341.2 сая ам.долларын орлого олжээ. Ньюс агентлаг ХҮМҮҮС булангаараа “Wednesday” киноны гол дүрийн жүжигчин Женна Ортегаг онцолж байна.


ДИСНЕЙН БЯЦХАН ОД

Уэнсдэй Аддамс нэрээр дэлхий дахинд танигдаад буй Женна Мари Ортега нь 2002 онд АНУ-ын Калифорни мужийн Коачелла хөндийд төрсөн. Мексик, Пуэрто-Рико гаралтай тэрбээр Америкийн кино урлагт хөл дээрээ тэнцэхэд амаргүй байсан талаараа хэлж байв.

Тэр зургаахан настайгаасаа л жүжиглэх сонирхол нь тодорсон бөгөөд наймтайдаа ээжийнхээ туслалцаатайгаар сонгон шалгаруулалтуудад орж эхэлжээ. Улмаар 2012 онд 10 настайдаа “Baby Bug” цувралд тогслосноор жүжигчний гараагаа эхлүүлэв. Дараа жил нь “Iron Man 3” кинонд дэд ерөнхийлөгчийн охины дүрээр гарч ирж, карьертаа томоохон алхам хийсэн юм. “Insidious: Chapter 2” киноны Эннигийн дүр түүний гурав дахь дүр байлаа. “Iron Man 3” ч “Insidious: Chapter 2” ч тухайн үедээ тэсрэлт хийж, багагүй амжилтад хүрсэн.

Нэгэнт кино урлагт хөл тавьсан Ортега жил дарааллан гол болон туслах дүр авчээ. Эндээс онцлохуйц дүр гэвэл тэрбээр “Баян Ричи” киноны “Gold digger” буюу Ричигийн мөнгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үрэн таран хийдэг бүсгүйн дүрд тоглодог.

2016-2018 оны хооронд тэр Дисней сувгийн олон ангит цуврал “Stuck in the middle”-д тоглов. Долоон хүүхэдтэй айлын дундах Харли Диазын дүр түүнд “Imagen awards” гэх шагналыг авчирчээ. Үүний дараа мөн Дисней сувгийн “Elena of Avalor” киноны Изабел гүнжийн дүрд дуу оруулсан байна. Энэ дүр нь ч бас түүнийг “Imagen awards” шагналын эзэн болгосон юм.

Өнөөг хүртэл Женна Ортега 15 гаруй телевизийн бүтээлд тоглосон. 21 настай түүний хувьд энэ бол туйлын завгүй он жилүүд байсан гэсэн үг юм.

УЭНСДЭЙН ТЭСРЭЛТ

“HBO Max” сувгаар 2022 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн ахлах сургуулийн сэдэвтэй “The fallout” киноны гол дүрд Ортега тоглосон. Энэ дүрээрээ Ортега шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд түүний жүжиглэлтийг “Хэтрүүлэггүй, өөрийнхөөрөө” гэж магтжээ. “Variety” сэтгүүл түүний дүрийг тун гайхалтай гэж тодорхойлоод, “Яг л Ортега өөрөө юм шиг санагдаж байна” гэжээ.

Тэрбээр "Scream", "Studio 666", "X", "American Carnage" зэрэг аймшгийн кинонд тоглосон. Эдгээрийн дараа түүнийг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Аймшгийн хатан хаан” гэж цолложээ. "Scream" кино нь асар их шүүмжлэл, магтаал дагуулсаар 2022 оны хамгийн их ашиг орлоготой киноны жагсаалтын 28 дугаарт бичигдсэн. Мөн “MTV”-ийн “Хамгийн аймшигтай кино” шагналыг хүртжээ.

Инээдэм, аймшиг хосолсон төрлийн “Wednesday” кинонд тэр гол дүр Уэнсдэй Аддамсын дүрд тоглосон. Энэ дүрийг тэр өөрийн карьерынхаа шинэ бүлэг гэж нэрлэжээ. Тэр энэ кинонд тоглохын тулд урьд өмнө хийж байгаагүй олон өөрчлөлтийг хийсэн байна. Гадна төрхний тухайд хэлвэл тэр үсээ тайрсан, өнгийг нь өөрчилсөн. Харин дотор хүний тухайд хэлвэл зан араншин, хэмнэл, илэрхийлэмж гээд Уэнсдэй Аддамсын бүх зүйл нь Ортегагийн хувьд цоо шинэ байжээ. Энэ кино түүний урьд өмнө хийж байгаагүй хамгийн ачаалалтай ажил байсан гэдгийг тэр хэлсэн юм. Яагаад гэвэл тэр Уэнсдэй Аддамсын сэтгэл зүй, чиг хандлагаас болж байнга төөрөгдөлд орж, стресст өртдөг байжээ. Карьерынх нь шинэ бүлэг болсон “Wednesday” кино түүнд Алтан бөмбөрцгийн шагналыг атгуулсан юм.

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Түүнийг Рийрий гэж гэр бүл, ойр дотныхон нь дууддаг. Тэр 155 см өндөр.

“Wednesday” киноны зураг авалт эхлэх хүртэл маш удаан хугацаанд цагаан хоолтон байсан. Харин одоо тэр пескатариан буюу улаан мах иддэггүй ч загас иддэг төрлийнх болсон.

Женнагийн өвөө ДОХ өвчнөөр нас баржээ. Тиймээс тэр өвөөгийнхөө дурсгалд зориулж, НҮБ-ын ДОХ-ын халдвартай тэмцэх хэлтэстэй нягт хамтран ажиллаж, энэ өвчний талаарх ойлголтыг олон нийтэд түгээхэд тусалдаг. “ДОХ-оос болж хэн нэгнийг гутаан доромжилдог байдлыг арилгахад туслахыг би хүсч байна. Энэ талаар хүмүүст ярихыг хүсч байна. Энэ өвчин хэнийг ч ялгадаггүй” гэж тэр 2017 онд хэлж байв.

Тэр өсвөр насандаа бяцхан амьтдад задлан хийдэг байснаа “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ялангуяа гэрийнхээ арын хашаанаас олсон үхсэн гүрвэлүүдэд задлан шинжилгээ хийдэг байв. Яг үнэндээ тэр амьтдыг алдаггүй, зөвхөн хэдийнэ үхсэн амьтдыг л ашигладаг байжээ.

Түүний хобби бол бичих. Аливаа зүйлсийн талаар бичих нь түүний хувьд амралт болдог.

“Wednesday” кинонд зориулж хийл тоглож сурсан.

Хүүхэд байхдаа тэр телевизийн сурталчилгаанд хэд хэдэн удаа тоглосон. Тухайлбал, “McDonald’s”-ийн сурталчилгаанд гурван удаа тогложээ. Учир нь сүүлийн найруулагчид өмнөх хоёр сурталчилгааных нь талаар мэддэггүй байж таарчээ.

“Celebrity Net Worth” цахим хуудас түүний нийт орлогыг гурван сая ам.доллар гэж тооцоолсон. Гэхдээ “Wednesday” кино гарсны дараа Ортегагийн нэр хүнд гэрлийн хурдаар өссөн билээ. Тиймээс Ортега энэ цувралаас хэдий хэмжээний ашиг олсон бол, түүний хөрөнгө хэрхэн өөрчлөгдсөн бол гэдэг асуулт гарч ирэх юм. Харамсалтай нь Женна Ортега “Netflix”-ээс яг хэчнээн доллар авсан нь тодорхойгүй байна. “Stranger things” гэх мэт “Netflix”-ийн алдартай цувралд тоглосон жүжигчид эхний цувралуудад нэг ангид тоглоод 20-60 мянган ам.долларын цалин авсан гэх мэдээлэл бий. Харин дараагийн цувралуудаас нь 200-300 мянган ам.доллараар цалинжиж эхэлжээ. “Wednesday”-ийн эхний улирал ч амжилттай болсон тул үүнийг харгалзаад Ортегагийн цалин дахиад нэмэгдэх нь дамжиггүй.

“Wednesday” кино дэлгэцнээ гараад ердөө 10 хоногийн дараа түүний инстаграм дахь дагагчийн тоо 10 саяаар нэмэгджээ. 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд тэр 9.39 сая дагагчтай байсан бол мөн оны арванхоёрдугаар сарын 4-нд 20.02 сая болсон байна. Харин өчигдрийн байдлаар /2023.01.18/ түүний дагагчийн тоо 38.3 сая байна.

Инстаграм дагагчийн тоо өссөнөөр түүний хөрөнгийн хэмжээ ч нэмэгдэж байгаа гэж “Netflix Life” цахим хуудас бичсэн. Тэр аль нэг брэндтэй хамтарч ажиллалаа гэхэд нийтлэл нэг бүрээсээ ойролцоогоор 78 мянган ам.доллар авч байгаа гэж тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж